Эндээс эхэл | Есүстэй хийх анхны алхмуудЗагвар
Колоссай 4:17 | Эхэлснээ дуусга
Сайн уу, найзуудаа. Өнөөдөр бидний хамгийн сүүлийн өдөр. Сайн байна! Та эхэлснээ дуусгалаа - энэ бол жинхэнэ зан чанарын илрэл мөн. Одоо та дараа нь юу хийх ёстой вэ? - хэмээн гайхаж байж болох юм. Тиймээс бид өнөөдөр сурсан зүйлсээ эргэн харж, дараагийн алхамууд тань юу болохыг төлөвлөх болно.
Колоссай номын төгсгөлд үүнд яг тохирсон эшлэл бий. 17-р эшлэл:
"Архийпт “Эзэн дотор хүлээж авсан үйлчлэлээ биелүүлэхийн тулд анхаарал тавь” гэж хэлээрэй.'"
Сонирхолтой л юм. Бид Архийпийг болон түүний үйлчлэлийн талаар сайн мэдэхгүй. Гэхдээ энэ нь анхаарал тавьбал зохих чухал зүйл байсныг нь бид мэднэ. Аливаа хүн Бурханы хувьд анхаарал тавьбал зохихуйц үнэхээр чухал зүйл бөгөөд аливаа хүний хувь дахь Бурханы дуудлага тэдний ертөнцөд үнэхээр анхаарал тавихуйц чухал байдаг. Тиймээс Паул түүнд хандан,"үйлчлэлээ биелүүл"хэмээн хэлдэг."Эхэлснээ дуусга.
Миний танд өгөх мессэж бол энэ байна. Би тантай биечлэн танилцаагүй хэдий ч та Бурханы хувьд анхаарал тавихуйц чухал нэгэн, таны үйлчлэл энэ дэлхийд өөрчлөлтийг авч ирэх болно гэдгийг би мэдэж байна. Танд зорилго, дуудлага өгөгдсөн - тиймээс эхэлсэн ажлаа дуусга. Эхлээд үзсэн зүйлээ хамтдаа эргэн харцгаая.
Бидний аян хоёр энгийн үгээр эхэлсэн: "Намайг дага." Есүсийг дагах - бол эхлэлээс төгсгөл хүртэлх бидний түүх байсаар ирсэн. Энэ аяны туршид бид Есүс өвчтэй хүмүүсийг эдгээхийг, салхи шуургыг намдаахыг, жигшүүртэй гэмтнийг уучилж, хүмүүсийг жинхэнэ утгаар сэргээхийг нь харцгаасан. Дагалдагчид энэ ажлын нэг хэсэг нь байсан бөгөөд та ч бас энэ ажлын нэг хэсэг нь мөн.
Марк 8-р бүлэгт, Есүс шавь нараа дуудаж тэдэнд хандан:
"Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа үүрч Намайг дага" (Марк 8:34).
Шавь нар нь ч Түүнийг дагав. Нэгэн баян залуугийн түүхээр дамжуулан, Есүсийг дагах гэдэг нь мөнгө, бардам зан гэх мэт хуурамч шүтээнээсээ татгалзахыг хэлдэг болохыг бид сурцгаалаа. Мөн бид Бурханы агуу тушаалыг сурцгаав: Бурхан Эзэнээ хайрла, мөн бусдыг хайрла. Үүнээс илүүтэйгээр Бурхан бидэнд ямар их хайртай болох талаар бид сурцгаасан. Биднийг аврахын тулд Есүс Өөрийнхөө амийг золиослосон.
Энэ нь бид зөвт нэгэн байсны үр дүнд өөрсдөө олж авдаг зүйл биш болохыг - санаарай. Гэмийнхээ төлөөх шийтгэлийг бид өөрсдөө төлдөггүй, бид өөрсдийгөө зөвт нэгэн болгодоггүй. Есүс шийтгэлийг бүрэн төлөхийн тулд нас барсан, тэгээд Тэрээр бидэнд шинэ амь амьдралыг өгөхийн тулд дахин амилсан. Нигүүлсэл. Бидний хийх ёстой зүйл бол Түүний дуудлагад зохистой амьдралаар амьдрах мөн.
Энэ нь биднийг Колоссай номонд авч ирэх болно. Ийм амьдралаар бид хэрхэн амьдрах вэ? Хоёр энгийн үг бол: Есүсийг дага. Түүний гаргасан мөрийн дагуу алхахын оронд одоо Христ бидний дотор амьдрах болсон. Та хуучин хүнээ тайлж, шинэ хүнийг өмсөх үед одоо амьдралын тань туршид Ариун Сүнс таныг чиглүүлэн удирддаг болсон.
Улмаар Ариун Сүнс танд цоо шинэ зуршлуудыг өгдөг. Эдгээр нь хийх ёстой зүйлс биш харин хийх завшаан олгогдсон зүйл гэдгийг - санаарай. Мөн эдгээр нь дараагийн алхамаа хийхэд зохих зөв эхлэл мөн:
Библи унших зуршлыг эхлүүл. Библийг нээгээд унших тогтсон цагийг өдөр бүр гарга. Цаашид үргэлжлүүлсээр байхад яг тохирсон гайхалтай уншлагын төлөвлөгөөнүүд энэ Библи Апп дээр бий, ялангуяа Библийг ном бүрээр унших төлөвлөгөөнүүд гэх мэт. Эсвэл та энэ төлөвлөгөөг дахин эхлүүлж болох юм. Энэ удаад найзыгаа тантай хамт уншихад уриарай. Дараагийн зуршил бол…
Нөхөрлөлийн зуршлыг эхлүүлэх юм. Бусад итгэгчидтэй холбогдож эхэл. Бид хайрлахаар дуудагдсан хүмүүс, энэ нь цагийг хамтдаа өнгөрүүлэхийг шаардаж байдаг зүйл юм. Үүний тулд л чуулган оршин байдаг. Чуулган бол таны үздэг тоглолт биш, харин нөхөрлөл гэдгийг санаарай. Тэгэхээр одооноос холбогдож эхэл. Байгаагаараа бас дотно бай, зүрх сэтгэлээ хуваалц, гэмээ хүлээн зөвшөөр, хамтдаа залбир, эдгэрлийг олж ав. Мөн энэ нь …
Үйлчлэх зуршлыг эхлүүлэхэд яг тохирсон газар мөн. Энэ бол үйлчлэл мөн. Энгийн арга замаар бусдад туслах боломжийг эрж хайдаг бай. Бусдад туслах гайхалтай арга замуудын нэг бол…
Залбирлын зуршлыг эхлүүлэх юм. Залбирал бол хүссэн зүйлээ авахыг хэлдэггүй, харин Бурхантай ойртож эхлэхийг хэлдэг болохыг санаарай. Тиймээс өөрийгөө нээ, зүрх сэтгэл, хэрэгцээгээ бусадтай хуваалц, мөн бусдын төлөө ч бас залбир.
Улмаар өөр бусад олон шинэ зуршлууд үүсэх болно: гэмээ хүлээн зөвшөөрөх зуршил, дагалдагчид бэлтгэх зуршил. Гэвч энэ нь хийх ёстой зүйлсийн жагсаалт мэт мэдрэмж төрж эхлэх үед, хурдаа сааруулаарай. Энэ бол дүрэм журмыг дагах биш, харин Есүсийг дагах гэдгийг санаарай. Тиймээс аль болох энгийн байлгаж, Түүн дээр л төвлөр, улмаар Ариун Сүнсэнд таныг удирдан чиглүүлэх боломжийг олго.
Нэг хэвэнд цутгасан Христитгэгч болохоор тааруулсан хүн бол та биш гэдгийг санаарай. Та бол дотроосоо гадагшаа шинэчлэгдэж буй - анхнаасаа бүтээгдсэн зорилгын дагуу Бурханы дүр төрхөнд цоо шинээр бүтээгдсэн нэгэн. Жишээ нь: таны шинэ зуршлуудын нэг нь бусдад өгөх байж болно. Гэвч Бурханаас оноог олж цуглуулахын тулд та бусдад мөнгө өгдөггүй. Бурхан бол өглөгч Нэгэн, мөн та ч бас Түүний нэгэн адилаар өглөгч нэгэн болоход суралцаж байгаа учраас та бусдад өгдөг.
Тиймээс одоо эхлэх цаг нь болжээ. Адал явдал таныг хүлээн байна. Амьдралын аян, Библийн дагуух аян таныг хүлээж байна. Бурхан танд хийх ажил өгсөн, тиймээс эхэлсэн зүйлээ дуусга. Гэвч энэ бол ганцхан таны хийх ажил биш, Түүний хийх ажил бас мөн,
"Та нарт сайн үйлийг эхлүүлсэн Тэрээр үүнийгээ Христ Есүсийн өдрийг хүртэл төгс болгоно гэдэгт би бат итгэж байна" (Филиппой 1:6).
Энэ нь та өөрийнхөө ажлыг дуусгахыг л хэлж байгаа юм биш, энэ бол Бурхан таны дотор эхлүүлсэн ажлаа дуусгахыг хэлж байгаа юм. Тиймээс итгэлийг"Эхлүүлэгч бөгөөд Төгсгөгч болох" Есүс өөд харцгаая (Еврей 12:2). Тэрээр үүнийг эхлүүлсэн Нэгэн - Тэрээр үүнийг дуусгах болно. Та хэзээ ч ганцаараа биш гэдгийг санаарай. Тэр чамайг хэзээ ч орхихгүй мөн чамайг хаяхгүй (Еврей 13:5). Есүс шавь нартаа хандан Матайн сайнмэдээнд дараах эцсийн үгсийг хэлсэн байдаг:
"Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно" (Матай 28:20).
Тунгаан бодох болон ярилцахад
- "Эхэлснээ дуусга"гэдэг нь таны амьдралд ямар утгатай вэ?
- Филиппой 1:6-д"Та нарт сайн үйлийг эхлүүлсэн Тэрээр үүнийгээ Христ Есүсийн өдрийг хүртэл төгс болгоно."гэж бидэнд хэлжээ. Таны хувьд энэ нь ямар утгатай вэ?
- Өнөөдрийн удирдамж таны хийх ёстой дараагийн алхамыг санал болгов. Таны дараагийн хийхээр төлөвлөж буй зүйл юу байна вэ?
Энэ төлөвлөгөөний тухай
Хэрэв та Есүст саяхан итгэсэн, Библийг тийм ч сайн мэдэхгүй эсвэл ийм найздаа тусалж байгаа бол эндээс эхлээрэй. Дараагийн 15 өдрийн туршид эдгээр 5 минутын аудио хөтөч таныг Библийн үндсэн хоёр номоор алхам алхамаар аялуулах болно: Марк, Колоссай ном. Есүсийн түүхийг мөшгиж, Түүнийг дагах суурь үнэнүүдийг хувь хүний тусгал эсвэл бүлгийн хэлэлцүүлэгт зориулсан өдөр тутмын асуултуудын хамтаар олж мэдээрэй. Эхлээд өөрөө нэг удаа хийж үзээд, дараа нь найзаа уриад дахин хамт хийгээрэй!
More