Эндээс эхэл | Есүстэй хийх анхны алхмуудЗагвар
Марк 2-3 | Уучлагдсан бас Сонгогдсон
Эхлэлд тавтай морилно уу. Өнөөдөр бид Марк 2-р бүлэг болох миний дуртай түүхүүдийн нэгийг судална. Библид Есүс олон том тунхагуудыг хэлсэн байдаг - Өөрийг нь алахад хангалттай том хэмжээний тунхагуудыг хэлсэн. Гэхдээ хэн ч өөрийгөө ямар нэгэн агуу хүн гэж хэлж чадна. Асуулт гэвэл: Есүс эдгээр тунхагуудаа баталсан уу? Марк 2-р бүлэгт Капернаум дахь гэртээ сургаал зааж байсан Есүсийн талаарх хэл сураг хаа сайгүй тархсан болохыг хардаг. 2-р эшлэлд:
"Олон хүн цугларснаас үүд хавиар нь хүртэл зайгүй болжээ. Тэр тэдэнд үг айлдаж байлаа" гэжээ.
Тэгэхээр тэнд асар олон хүн цугларсан, Есүс Үгийг номлож байсан нь - Библи байв. Есүс үргэлж Бурханы Үгэн дээр төвлөрдөг байв. Тэр бас гайхамшгуудыг үйлдсэн, харин Есүс тэдгээр гайхамшгуудыг тэмдгүүд, гэж нэрлэдэг бөгөөд тэмдгүүд нь арай өөр зүйлд төвлөрдөг. Төгс жишээ гэвэл: өнөөдрийн түүх болно. 3-р эшлэлд:
"Тэд нэгэн саа өвчтөнийг дөрвүүл дамнан Түүнд авч ирлээ. Хурсан олноос болж Түүнд хүрэх боломжгүй байсан тул тэд Түүний байсан газрынх нь дээврийг хуулж, цоолоод, дэвсгэрийг хэвтээ өвчтөнтэй нь доош буулгав. Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтөнд, 'Хүү минь, нүгэл чинь уучлагдсан.'"
гэв. Түр хүлээгээрэй. Бичлэгийг ухраана уу. "Нүгэл чинь уучлагдсан" гэж Тэр үнэхээр хэлэв үү? Тэр хүн уучлалыг хайж бус, харин эдгэрэхийн тулд ирсэн. Гэхдээ Есүс ямар нэг зүйлийг мэдэж байсан: Нүгэл, уучлал зэргээс том асуудал гэж амьдралд огт байхгүй. Дараа нь юу болж байгааг ажиглан хар. Тэнд байсан хуулийн багш нарын зарим нь үнэхээр гайхширчээ.
"Энэ хүн яаж ингэж ярина вэ? Тэр Бурханыг доромжилж байна! Гагцхүү Бурханаас өөр хэн нүглийг уучилж чадах вэ?" (Марк 2: 7).
Сүүлийн хэсэг дээр тэдний хэлсэн нь гарцаагүй зөв. Нүглийн уучлалыг тунхаглаж буй нь Бурханы эрх мэдлийг агуулсан Нэгэн болохоо тунхаглаж буй гэсэн үг. Энэ нь үнэн биш бол маш ноцтой гэм болох - Бурханыг доромжилсон зүйл болох нь гарцаагүй байв. Есүс тэдний бодлыг мэдэж байсан тул дараах асуултыг асуудаг. 9-р эшлэл:
"Саа өвчтөнд, 'Нүгэл чинь уучлагдсан' гэж хэлэх эсвэл 'Бос, дэвсгэрээ аваад яв' гэж хэлэхийн аль нь амархан бэ?"
Би энэ асуултанд үнэхээр дуртай. Бодоод үз дээ. Аль нь хэлэхэдилүү хялбар вэ? "Нүгэл чинь уучлагдсан." Үүнийг хэн ч харж чадахгүй учир хэлэхэд хялбар байж болох юм. Гэхдээ энэ нь хийхэд хэлэхээс хамаагүй хэцүү зүйл! Зөвхөн Бурхан л нүглийг уучилж чадна! Харин саа өвчтэй хүнд, "Бос, дэвсгэрээ аваад яв" гэж хэлэх нь - бүхнийг эрсдэлд оруулахуйц байдалд Тэр Өөрийгөө оруулж буй хэрэг. Хүн бүр Есүсийг ширтэн харж байгаа. Улмаар 10-р эшлэлд Есүс үргэлжлүүлэн,
"'Харин Хүний Хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд' гээд Тэрээр саа өвчтөнд, 'Би чамд хэлье. Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь' гэсэнд тэрээр босож, дэвсгэрээ даруйхан аваад, бүгдийн өмнүүр гарч явлаа. Хүмүүс бүгд мэл гайхчээ."
Энэ гайхамшиг нь үнэхээр гайхалтай: саа өвчтэй хүн алхав! Харин тэрхүү тэмдэгнь Есүсийн эрх мэдэлд бүх анхаарлыг чиглүүлсэн болохыг анзааралгүй бүү өнгөрөөрэй. Есүст нүглийг уучлах Бурханы эрх мэдэл байдаг бөгөөд, мөн Тэрээр үүнийг нотолж байна. Тэгээд Тэрээр дараагийн түүхэнд үүнийг дахин ашигладаг. 13-р эшлэлд Есүс дахиад нуурын эргээр явав. Хурсан бүгд Түүн уруу ирэхэд Тэр тэдэнд заалаа. Тухайн үед татвар хураагчид мөнгөний хойноос л хөөцөлдөгч хүмүүс байсан бөгөөд, хээл хахуульд автагдсан, засаг захиргаанд өгөхөөсөө илүүтэйгээр өөрийнхөө халаасанд хийхдээ гарамгай хүмүүс байв. Үнэхээр сул дорой шунал. Гэсэн хэдий ч Есүс Левид хандан,
"'Намайг дага' гэсэнд тэр босож, Түүнийг дагалаа" (2:14).
Энд өнөөх үгнүүд, ижилхэн урилга давтан хэлэгдэж байна. Гэхдээ энэ удаа Есүс нүгэлтэн болох - маш муу хүнийг урьж байна. Леви дагав! Леви Есүсийг шавь нарынх нь хамт оройн зоогонд гэртээ урихад тэнд улам олон нүгэлтнүүд байв. Энэ нь фарисайчуудын хувьд ойлгоход үнэхээр хэцүү зүйл байсан юм. Фарисайчууд шашны удирдагчид болох - бусдыг шүүмжлэхдээ гарамгай, өөрсдийгөө зөвтгөгч тэдгээр хүмүүс - зүгээр л ойлгож чадахгүй байлаа. Хэрэв Есүс сайн багш юм бол,
"Яагаад тэр татвар хураагч, нүгэлтнүүдтэй хамт хооллоно вэ?" (2:16).
17-р эшлэл нь төгс төгөлдөр мэдэгдэл юм:
"Үүнийг сонсоод, Есүс тэдэнд, 'эмч эрүүлд нь бус, өвчтэйд нь хэрэгтэй. Би зөвтийг бус, нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм' гэлээ."
Үүнийг анзааралгүй бүү өнгөрүүлээрэй. Есүс нүгэлтнүүдийг сонгосон. Леви нүгэлтэн байсан. Түүний найзууд ч мөн адил нүгэлтнүүд байсан юм. Гэвч өвчтөнийг эдгээхээр эмч ирдэг шиг Есүс тэднийг - зөвтгөхийн тулд нүгэлтнүүдийг уучилж, эдгээхээр ирдэг. Зөвт нэгэн гэдэг нь Бурхантай зөвтгөгдөхийг хэлдэг юм. Энэ бол чухал үг. Таны бусадтай харилцах харилцаа зөвт- та хоёрын хооронд саад болох юу ч байхгүй болохыг та мэддэг тийм үү? Магадгүй та нарын хоорондох харилцаа ямар нэгэн асуудалтай - та алдаа гаргасан учраас та хоёрын хооронд хана бий болсон мэт мэдрэмжийг мэдэрдэг байх. Тэгвэл, бидний Бурхантай харилцах харилцаа ч мөн ийм байдаг. Гэм биднийг тусгаарладаг. Бид буруу зүйл хийсэн. Гэхдээ сайнмэдээ - гайхалтай мэдээ - бол Есүс биднийг дахин зөвт нэгэн болгохын тулд ирсэн юм. Тэр гэмийг уучилж, биднийг зөвт нэгэн гэж дууддаг. Түүний биднээс хүсдэг зүйл нь итгэл юм. Итгэлээрээ зөвтгөгддөг. Гэхдээ үүнээс ч илүү гайхалтай зүйл гэвэл, Есүс нүгэлтнүүдийг сонгож, тэднийг зөвт нэгэн болгодог, мөн Бурханд үйлчлэхийн тулд тэднийг илгээдэг. 3-р бүлэгт бид, Есүс Өөртөө арван хоёрыг дуудан, мөн тэднийг элч нараар томилдог талаар унших болно. Дагалдагч дагадаг бол элч нь - элчин сайдын нэгэн адилаар илгээгддэг. Арван хоёрын жагсаалтад Левигийн нэр багтсан бөгөөд, зөвхөн түүний нэрийг Матай болгон өөрчилжээ. Есүс нүгэлтнүүдийг сонгож, тэднийг уучилж, эдгээж, өөрчилдөг бөгөөд Бурхан танд хайртай: гэсэн сайнмэдээг бусад бүх нүгэлтнүүдэд тунхаглуулахаар тэднийг илгээдэг. Гайхалтай. Тэрбээр өнөөдөр ч үүнийг хийсээр байдаг. Өнөөдөр Марк 2, 3-р бүлгийг уншина уу. Танд цаг байвал, түүхийг бүтнээр нь уншихын тулд "Бүтэн бүлэг унших" товчийг дарна уу. 4-р бүлэгт энд эргээд уулзацгаая.
Тунгаан бодох & Хэлэлцүүлгэ:
- Есүс нүгэлтнүүдтэй хамт хооллосон гэдгийг хүлээн зөвшөөрөх нь шашны удирдагчдын хувьд яагаад тийм хэцүү зүйл байсан гэж та бодож байна вэ?
- Есүс 2:17-д гайхалтай мэдэгдэл хийжээ, "Эмч эрүүлд нь бус, өвчтэйд нь хэрэгтэй. Би зөвтийг бус, нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм." Энэ нь таны хувьд ямар утга учиртай вэ?
- Таны амьдралд уучлал ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? Өөрийнхөө түүхийг хуваалц.
Энэ төлөвлөгөөний тухай
Хэрэв та Есүст саяхан итгэсэн, Библийг тийм ч сайн мэдэхгүй эсвэл ийм найздаа тусалж байгаа бол эндээс эхлээрэй. Дараагийн 15 өдрийн туршид эдгээр 5 минутын аудио хөтөч таныг Библийн үндсэн хоёр номоор алхам алхамаар аялуулах болно: Марк, Колоссай ном. Есүсийн түүхийг мөшгиж, Түүнийг дагах суурь үнэнүүдийг хувь хүний тусгал эсвэл бүлгийн хэлэлцүүлэгт зориулсан өдөр тутмын асуултуудын хамтаар олж мэдээрэй. Эхлээд өөрөө нэг удаа хийж үзээд, дараа нь найзаа уриад дахин хамт хийгээрэй!
More