FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
ШҮҮМЖЛЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ НЬ
Оол Шиербам
ЭЗЭН миний зовлонг харж, өнөөдөр түүний хараасны оронд надад сайныг
буцааж магад.
- 2 Самуел 16:12
Давидын амьдралд хүндхэн үе цөөнгүй байсан. Тэдгээрийн нэг нь түүний хүү Абсалом
нийслэл хотыг эзлэн авч, Давид амиа аврахын тулд уул руу зугтсан үе юм. Тэр үедээ
Давид толгодод явж байсан Шимеи хэмээх хүнтэй таарлаа. Тэр зогсож байсан газраасаа
шороо, чулуу аван Давид руу шидэн хараажээ. Энэ үед Давид хааны хамаг хүчит эрс түүний
баруун, зүүн гар талд байв. Тэд ч мөн чулуунд оногдож байв.
Шимеи Давидыг эрх мэдлээ алдсан гэж үзсэн тул түүнийг тохуурхан, энэхүү үйлдэлдээ
ямар ч хариуцлага хүлээгээгүй билээ. Биднийг ялах үед цөөхөн хүн л шүүмжлэх зоригтой
байдаг. Харин ялагдах үед биднийг шүүмжлэх хүмүүс олон бий. Давидын хамгаалагч
Абишаи Шимеиг дуугүй болгох зөвшөөрлийг хүссэн. Тэр Шимеин толгойг тас цавчихыг
хүсэж байлаа. Энэ нь шүүмжлэлийг зогсоох нь тодорхой хэдий ч хүний толгойг авснаар
шүүмжлэлийг зогсооно гэдэг асуудлыг шийдвэрлэх Бурханы арга зам биш юм. Бид юу
ч бодохгүйгээр хариу арга хэмжээ авах гээд байдаг. Харин Бурхан биднээс ийм зүйл
хүсдэггүй.
Абишаигаас ялгаатай нь Давид асуудалд тэвчээртэй, тайван хандсан.Түүний эрх
мэдэлгүй болсон нь Бурханы хүчит төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд Шимеи болон түүн
шиг хүмүүсийн асуудлыг Бурхан харж байгаа гэдгийг ойлгож байв.
Шүүмжлэлд Давид шиг хандахын тулд бид гурван чухал зарчмыг ойлгох хэрэгтэй.
Нэгдүгээрт, бидний хэн болох, мөн аюулгүй байдал зөвхөн Христ дотор бүрэн бүтэн
үндэслэгдэх ёстой. Бид шүүмжлүүлэх үед жинхэнэ аюулгүй байдал ил болдог тул энэхүү
үнэн дээр бат суурилах хэрэгтэй. Хоёрдугаарт, бидний итгэл Бурханы хэмжээлшгүй агуу
чанарт үндэслэгдэх хэрэгтэй. Бурхан хамгийн сайнаар нөхцөл байдлыг харж, удирдана
гэдэгт итгэх ёстой. Гуравдугаарт, бидний зөвийг хийх хүсэл мэдрэмжээс маань илүү байх
учиртай. Давид Шимеид өөрт төрсөн мэдрэмжээрээ хандаагүй. Мэдээж түүнд Абишаид
төрсөн шиг мэдрэмж төрсөн л байх. Гэсэн хэдий ч Давид өөрийн сэтгэл хөдлөлөөс илүүгээр
юу нь зөв бэ гэдгийг сонгосон юм. Бурхан Шимеин зүрх сэтгэлд ажилласан бөгөөд тэр
нүглээсээ эцэст нь эргэсэн юм.
1.Шүүмжлүүлэх үед чамд ямар мэдрэмж төрдөг вэ? Чамд төрсөн мэдрэмж шүүмжлэлд
хандах хариу үйлдэлд чинь нөлөөлдөг үү?
2.Хөгжөөн дэмжигчид болон бусад хүмүүсээс ирдэг шүүмжлэлд тамирчид болон
дасгалжуулагч нар хариу үйлдэл үзүүлэхдээ хүч хэрэглэж байгааг харсан уу? Үр дүн
нь ямар байсан бэ?
3.Нэмэлтээр унших: 2 Самуел 16:5-14, 19:18-23
Бурхан минь, шүүмжлэлд тэвчээртэй хандахад минь туслаач. Намайг буруутгаж
байгаа хүмүүстэй учраа олох мэргэн ухааныг өгөөч. Амен.
Scripture
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More