BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - ЛукЗагвар
Есүсийн Хаанчлал бол зовогсдод сайнмэдээ ба өөрт нь Бурхан хэрэгтэйг мэддэг бүхэнд нээлттэй. Үүнийг дүрслэн харуулахын тулд уучлал, эдгэрэл, өгөөмөр байдлыг хүлээн авсан өвчтөн, ядуустай хамт Есүс оройн зоог барьсан тухай Лук өгүүлдэг. Мөн сургаал, арга замыг нь буруушааж маргалддаг шашны удирдагчидтай ч Тэр хамт хооллосон. Тэд Тэнгэрийн Хаанчлалыг ойлгохгүй байсан тул Есүс дараах сургаалт зүйрлэлийг ярив.
Хоёр хүүтэй нэгэн аав байжээ. Ууган хүү нь найдвартай, аавыгаа хүндэлдэг, харин бага хүү нь зоргоороо нэгэн байв. Тэр өв хөрөнгөө цагаас нь өмнө нэхэж аваад, харь нутагт очиж дураараа дургин, эд хөрөнгөө үрж дуусгав. Тэгтэл өлсгөлөн нүүрлэж, хүү мөнгөгүй хоосон тул гахай маллах болов. Нэг өдөр хүү маш их өлссөндөө гахайн хоолны шавхрууг идэх юмсан гэж бодож суухдаа гэртээ хариад аавынхаа зарц болбол үүнээс хавьгүй дээр амьдарна гэдгийг ухаарчээ. Тэгээд харихаар шийдэж, замын туршид хэрхэн уучлал гуйхаа давтан явав. Хүүгээ холоос ирж буйг харсан аав нь маш их баярлажээ. Хүү нь амьд байна! Тэр өлсгөлөнгөөс амьд үлджээ! Аав нь түүн рүү гүйж очоод, тэвэрч, үнсэж гарав. Хүү нь “Ааваа, би таны хүү байх эрхгүй. Харин намайг хөлснийхөө хүн болгооч...”гээд үгээ хэлж дуусаагүй байтал аав нь гоёмсог хувцас, шинэ гутал, үнэтэй бөгж авч ирэхийг зарц нартаа тушаав. Эзнийх нь хүү эргэн ирсэн тул зарц нар нь найрын тансаг ширээ заслаа. Ууган хүү нь өдөржин ядартлаа ажиллаад гэртээ иртэл бүтэлгүй дүүд нь зориулсан найр хийж, дуу хуур болцгоож байв. Түүний уур шатаж, найранд нь очихгүй гэхэд аав нь түүнд, "Хүү минь чи үргэлж гэр бүлтэйгээ байсан. Минийх гэсэн бүх юм чинийх. Харин дүү чинь үхсэн байсан. Гэтэл тэр амилжээ. Алдагдсан боловч олдлоо. Иймээс бид баярлах ёстой" гэв.
Энэ түүхээр Есүс шашны удирдагчдыг ууган хүүтэй зүйрлэсэн. Түүнийг гадуурхагдсан хүмүүст сайн ханддагт нь шашны удирдагч нар дургүйцдэг. Харин Есүс тэднээс ад үзэгдсэн хүмүүсийг Өөрийнх нь нүдээр хараасай гэж хүсдэг. Нийгмээс гадуурхагдсан хүмүүс Аавдаа эргэн ирж байна. Тэд амьд! Бурханы сайн сайхан бүгдэд хүрэлцээтэй. Бурханых гэсэн бүхэн Түүний хүүхдүүдийнх. Түүний Хаанчлалд орох ганц шалгуур нь даруугаар хүлээн авах юм.
Уншаад, Эргэцүүлээд, Хариулна уу:
•Есүсийн сургаалт зүйрлэл дээрх ууган хүү, бага хүүтэй ижил төстэй зүйл танд байна уу?
•Бага хүү нь аавыгаа орхиж явсныхаа дараа хүнд хэцүү үе тулгарахад бодлоо хэрхэн өөрчилснийг ажиглаарай. Зовлон шаналалаас болж та Бурхан Аав руу буцаж ирж байсан уу? Аав нь хүүгээ баяртай хүлээн авсан нь танд хэрхэн нөлөөлж байна вэ (15:20-24-ийг унш)?
•Уг түүх дээр гарч буй ууган хүүгийн уур бухимдлын талаар бодож үзээрэй (15:28-30-ыг унш). Хэн нэгэн хүртэх эрхгүй зүйлээ хүртэхэд та эгдүүцэж байсан уу? Тийм бол аав нь ууган хүүдээ өгсөн хариулт танд ямар санагдаж байна вэ (15:31-32-ыг унш)?
•Уншиж, эргэцүүлснийхээ дараа залбираарай. Түүний өгөөмөр хайр энэрэл таныг хэрхэн гайхшруулж байгаа талаар Бурханд хэлж, бусдад өгөөмрөөр хандахад тулгарч буй бэрхшээлээ илэн далангүй хэлээрэй. Нигүүлсэл дотор өсөхөд тань хэрэгтэй байгаа зүйлсээ түүнээс гуйгаарай.
Энэ төлөвлөгөөний тухай
Урвуу Хаанчлал 1-р Хэсэг бол Лук номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Уншигчид маань Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг нь шимтэн уншихад тус болох видео, оновчтой хураангуй, эргэцүүлэх асуултыг энд багтаасан.
More
Энэхүү Библи унших хуваарийг бэлтгэсэн BibleProject-ийн хамт олонд талархъя. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.bibleproject.com цахим хуудсаар зочлоорой.