BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - ЛукЗагвар

BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - Лук

20-с 15 дахь өдөр

Иерусалимыг зорьсон Есүсийн урт аялал өндөрлөх дөхжээ. Тэр дудран унаж Чидун уулнаас уруудан хотод ирлээ. Замд нь хурсан олон Түүнийг ёс төртэйгээр угтан авч, "Эзэний нэрээр ирэгч Хаан ерөөлтэй еэ" хэмээн магтацгаав. Хэзээ нэгэн цагт Бурхан Өөрөө залран ирж ард олноо авран, дэлхийг захирах болно гэсэн эш үзүүлэгчдийн амлалтыг тэд санасан юм. Эш үзүүлэгч Зехариа дудран унасан Хаан амар тайван, шударга ёсыг тогтоохоор Иерусалимд ирэх болно гэж зөгнөсөн. Есүс энэ бүх итгэл найдварыг төрүүлсэн тул ард олон дуулж байв.

Гэхдээ бүгд ийм бодолтой байсангүй. Шашны удирдагчид Есүсийг эрх мэдэлд нь заналхийлнэ гэж үзээд эрх баригчдад барьж өгөх арга зам хайлаа. Ирээдүйд юу болохыг Есүс мэдэж байв. Израил Түүнийг Хаанаа хэмээн хүлээн авалгүй мөхлийн замаар явсаар эцэст нь сүйрэх болно. Тиймээс Түүний сэтгэл өмөрч, бухимдан тэр эрчиндээ Иерусалимд ирмэгцээ хамгийн түрүүнд cүмийн хашаанд орж мөнгө солигчдыг хөөж гарган, тахилын зан үйлийн тогтолцоог бусниулав. Тэр сүмийн хашааны голд зогсоод "энэ бол залбирлын гэр байх ёстой, гэтэл та нар дээрэмчдийн үүр болгожээ" гэв. Израилын төр, шашны төв цэг болох энэ газарт эш үзүүлэгч Иеремиа Израилын эртний удирдагчдыг яг энэ үгээр зэмлэж байсан юм.

Шашны удирдагчид Есүс яагаад эгдүүцсэнийг мэдэж байсан ч сургамж авсангүй. Израилын эртний удирдагчид Иеремиагийн эсрэг хуйвалдсан шиг тэд Есүсийг хөнөөх арга хайв. Есүс Израилын удирдагчдын байдлыг усан үзмийн тариалангаа түрээслээд аянд явсан газрын эзний тухай сургаалт зүйрлэлээр зүйрлэн ярив. Ургац хураах цагаар газрын эзэн усан үзэм авчруулахаар хүн явуултал түрээслэгчид нь түүнийг зодон гар хоосон буцаажээ. Тэгэхээр нь газрын эзэн хүүг нь хүндлэх байх гээд хүүгээ явуултал өв залгамжлагчийг нь алж талбайг нь авъя хэмээн хүүг нь хөнөөчхөв. Энэ түүхэнд гардаг хорон муу түрээслэгчид бол Бурханы явуулсан бүх эш үзүүлэгчдийг үл тоомсорлоод зогсохгүй хайртай Хүүг нь алахаар бэлдэж буй шашны удирдагчид юм. Эцэг өвгөд нь эрх мэдэлд шунасаар өөрсдийгөө сүйрүүлсэн тэр түүхийг давтаж байгааг нь Есүс шашны удирдагч нарт хэлэв.

Уншаад, Эргэцүүлээд, Хариулна уу:

•Зехариа 9:9-10-г Есүс Иерусалимд дудран унаж ирсэнтэй харьцуулан уншаарай. Та юу ажиглаж байна?

•Иеремиа 7:1-11-г өнөөдөр уншсан Лук номын хэсэгтэй харьцуулан уншаарай. Танд юу ажиглагдаж байна вэ?

•Лук ном дээрх Есүсийн дагалдагчдын гаргасан үйлдлийг шашны удирдагчдын үйлдэлтэй харьцуулаарай. Эдгээр хүмүүсээс та өөрийнхөө ямар талыг олж харж байна вэ?Өнөөдөр та Есүст хэрхэн хандах вэ?

•Уншиж, эргэцүүлснийхээ дараа залбираарай. Юу сэтгэлийг тань догдлуулсан талаар Бурханд хэлж, шашны удирдагчидтай төстэй байж болзошгүй өөрийн зан байдлын талаар илэн далангүй байгаарай. Түүнийг амьдралынхаа Хаанаар өргөмжлөхөд туслахыг Түүнээс гуйгаарай.

Ѳдѳр 14Ѳдѳр 16

Энэ төлөвлөгөөний тухай

BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - Лук

Урвуу Хаанчлал 1-р Хэсэг бол Лук номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Уншигчид маань Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг нь шимтэн уншихад тус болох видео, оновчтой хураангуй, эргэцүүлэх асуултыг энд багтаасан.

More

Энэхүү Библи унших хуваарийг бэлтгэсэн BibleProject-ийн хамт олонд талархъя. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.bibleproject.com цахим хуудсаар зочлоорой.

Холбоотой төлөвлөгөө унших