Эргэн ирэлт: Оройтоогүй байна, та хэзээ ч хэтэрхий холдоогүйЗагвар
Есүс хангалттай
Эргэн ирэх явцдаа саад бэрхшээлүүдийг амжилттай даван туулсан хүмүүсийн тухай олон түүхийг бид уншдаг. Хүн шархлахаас эдгэрэл рүү, уйтгар гунигаас баяр хөөр рүү, алдаанаас ололт уруу явдаг. Тэдгээр түүхүүд хүчирхэг бөгөөд урам зориг төрүүлэм байдаг. Гэвч дэлхийн эргэн ирэлт боломжгүй тохиолдолд бид юу хийдэг вэ? Хайртай хүн маань нас барахад, бизнес дампуурахад эсвэл салалтаар төгсөхөд бид юу хийдэг вэ? Бодит байдал дээрх бидний нөхцөл байдал энэ амьдралд шийдэгдэхгүй бол яах вэ?
1 Хаад 17:8-24 хэсэгт бичигдсэн Елиа болон бэлэвсэн эмэгтэйн түүхээс бид хариултыг харж болно. Үйл явдал эхлэхэд Елиа Иордан голын зүүн талд байх Херит горхины хөвөөгөөр байрлаж, өдөр бүрийг Бурханы хангамж дор өнгөрүүлж байсан. Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөхөд Бурхан түүнийг Зарефат руу яв, тэнд нэгэн бэлэвсэн эмэгтэй чамд санаа тавих болно гэж хэлдэг. Тэр эмэгтэй баян байгаагүйг дээрх хэсгээс бид харж болно. Тэр ганц хүүтэй бөгөөд хоол хүнсээр дутмаг байв.
Эш үзүүлэгч өнөөх эмэгтэйг олж очоод жаахан ус, талх өгөхийг гуйв. “Тэгье, яагаад болохгүй гэж” гэсэн утгатай үгсийг тэр хэлэв. “Надад үлдсэн бүх зүйл гэвэл атга гурил, жаахан тос л байна. Би хариад гал асаах гэж энэ тайрдас моднуудыг цуглуулж байна. Тэр үлдсэн багахан гурил тосоороо би өөртөө болон хүүдээ зориулж эцсийн жаахан хоолоо хийх гэж байгаа юм. Бид хоёр тэрийгээ идээд үхэх байх. Та сүүлийн хоолноос маань идмээр байна уу? Яагаад болохгүй гэж? Хэрвээ би танд өгвөл ядуугийн зовлон маань түргэн дуусна” гэв.
Та ийм нөхцөл байдалд орж байсан уу? Ангалын ирмэг дээр ирсэн мэт мэдрэмж? Бид тартагтаа тулчихаад байхад Бурхан биднээс ямар нэг зүйл хүсвэл ямар галзуу сонсогдох бол? Тэр биднийг сүүлчийн зоогоо Өөрт нь өгөхийг санал болгодог. Тэр зоог юуг илэрхийлж байгааг та мэдэх үү? Энэ бол бидний бүрэн дүүрэн итгэл юм. Биднийг хамгийн дорой, туйлдсан байх үед Есүс биднээс үлдсэн бүх зүйлээ Түүний гарт өгөхийг санал болгодог. Бидэнд байгаа зүйл нь хэр жижигхэн байх нь хамаагүй тэр жижигхэн зүйлээ Өөрт нь өгөхийг санал болгодог. Харин бид тэр жаахан зүйлээ өгөх үедээ Түүнд итгэх бүрэн итгэлтэй болдог.
Бэлэвсэн эмэгтэйн жишээн дээр, тэр Елиагийн хэлснээр хийснээр Елиа ч, өөрөө ч, хүү нь ч өдөр бүр идэх хоолтой болов. Савтай гурил дууссангүй, домботой тос нь дундарсангүй. Тэр байсан бүхнээ өгснөөр, илүү ихтэй болж төгсөв.
Бидний амьдралд Есүс л хангалттай байх үед бид нар байхгүй зүйл дээрээ бус байгаа зүйл дээрээ төвлөрдөг. Бид Бурханыг ерөөдөг болохоос хараадаггүй. Бид Бурханыг анхааралтайгаар ширтэж, Түүн рүү гүйдэг болохоос Түүнээс зугтдаггүй. Өөрсдийн нөхцөл байдлаа ойлгохгүй байгаа ч гэсэн бид Бурханд итгэдэг бөгөөд эргэлздэггүй. Бид үлдсэн нэг талыг маань авч бүхнийг Түүний биднийг ямар байгаасай гэж хүсдэг шигээ болгож өгөхийг гуйдаг. Бидэнд эргэн ирэлт байхгүй үед тэр нь Есүс байхад хангалттай.
Хариу үйлдэл
Бүх нөөц боломжоороо Бурханд итгэж, байгаа бүхнээ Түүнд өгч, итгэлдээ бат зогссон тухай бэлэвсэн эмэгтэйн түүхээс бид юу сурч болох вэ?
Танд тулгардаг асуудлуудын тухайд, өөрт байгаа бүхнээ Есүст өргөх нь хэрхэн Бурханы шийдлийн нэг хэсэг болох вэ?
Есүс шуурган дундах бат бэх суурь гэдгээ танд хэрхэн илчилсэн бэ? Тэр хангалттай гэдгээ танд хэрхэн илчилсэн бэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Энэхүү уншлагын төлөвлөгөө маань Луи Гиглиогийн "Эргэн ирэлт: Оройтоогүй байна, та хэзээ ч хэтэрхий холдоогүй" гэдэг номон дээр суурилсан 7 өдрийн чимээгүй цагийг багтаасан. Уншлага бүр нь Бичээс дэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн жишээн дээр тулгуурлан, эргэн ирэх шаардлагатай хүмүүст шинэ эхлэл өгөх ажлыг Бурхан хэрхэн хийж байгааг харуулах болно.
More