Эргэн ирэлт: Оройтоогүй байна, та хэзээ ч хэтэрхий холдоогүйЗагвар

The Comeback: It's Not Too Late And You're Never Too Far

7-с 1 дахь өдөр

Эргэн ирэлтийн илүү гүнзгий тал

Хэдэн жилийн өмнө амьдрал маань өсөлтийнхөө үед байсан. Миний цагийн хуваарь шахуу, бүх зүйл хамгийн оргил хэсэгтээ явж байлаа. Гэсэн ч зарим нэг хэцүү, стресстэй байдал гэр бүл болон чуулганыг маань тойрон эргэлдэж байв. Энэ бүхэн надад хэзээ ч амрах цаг байхгүй мэт л санагдуулж байв. Үнэндээ би маш их шаналж байлаа.

Нэг удаа шөнийн 2 цагт би гэнэтхэн нойрноосоо чичирч сэрээд, шууд л босоод суучихав. Нүүр минь хөлөрчихсөн, зүрх минь цээжнээсээ гарах нь гэлтэй хурдан цохилж байв. Би яг л үхэх гэж байгаа мэт санагдаж байлаа.

Би энэ байдалдаа гацчихав. Дараагийн шөнө бас л 2 цагт гэнэт сэрэв, зүрх хурдан цохилсон хэвээрээ. Түнэр харанхуй намайг нөмөрч, айдаст автсан мэдрэмж төрөв. Дараа дараагийн шөнүүдэд ч энэ бүхэн үргэлжилсээр байв.

Энэ бүхэн болж өнгөрсөн зүйлийг 2 сар гаруйн хугацаанд би огт мартаагүй. Бүүм, шөнийн 2 цаг, би ахиад л огцом босож орон дээрээ суув. Түнэр харанхуй намайг тойрон бүчлээ. Би яг л олсны төгсгөлд ирсэн мэт санагдаж, дахиад ийм байдалтай байж чадахгүй нь гэж бодлоо. Би хаашаа эргэхээ мэдэхгүй байсан ч энэ маягаар үргэлжлүүлж болохгүй гэдгийг л сайн мэдэж байв. Би туйлдаа хүрсэн байлаа.

Би өөрийн эрхгүй зүрхэндээ залбирав, Бурхан минь, та надад туслаач. Миний бодолд хамгийн түрүүнд Бурхан минь туслаач, гуйж байна гэсэн бодол байв.

Ямар нэгэн гэрэл гэгээ, түргэн тусламж, шуурхай эмчилгээ байсангүй. Гэвч Иов 35:10 дээр Бурхан шөнөөр бидэнд дуу өгдөг тухай Библийн эшлэлийн жижигхэн хэсэг толгойд минь орж ирэв. Би “Бурхан минь би юу хийх ёстойгоо мэдэхгүй байна, гэхдээ та надад энэ шөнө дуу өгвөл би таныг магтах болно” хэмээн хэллээ.

Тэр багахан дуу Бурхан намайг эдгээнэ гэсэн амлалт биш байсан. Гэсэн хэдий ч Бурхан бол эдгээгч, би Түүнд болон Түүний зорилгуудад итгэсэн хэвээрээ. Бурхан миний амьдралд эргэн ирэлтийг эхлүүлж байгаа нь л надад хангалттай байв.

Шөнүүд, 7 хоногууд, сарууд өнгөрсөөр, би айдас амар амгалан, амар амгалан айдас гэсэн хачин хэмнэлд дасчихсан байв. Зарим шөнө харанхуй, харанхуй, дуу, дуу. Зарим нь дуу, дуу, харанхуй, харанхуй. Аажмаар, нигүүлслээр, дуу, дуу, дуу, харанхуй болов. Тэгтэл нэг шөнө ямар ч харанхуй байсангүй. Хэдэн сарын туршид дуу дуу дуу дуу хэвээрээ байлаа.

Хэрэв та миний байсан шиг харанхуйд байгаа бол, та галзуураагүй бас ганцаараа биш гэдгээ мэдэж аваарай. Магадгүй танд минийхтэй ижилхэн тэмцэл байгаа байх. Магадгүй та найзууд, гэр бүлийнхэн, ажлынхан, хамаатнуудтайгаа асуудалтай байж болно. Магадгүй та донтолтоосоо гарахаар тэмцэж байгаа байх. Юу ч байсан бай, амьдрал таны хүссэнээр болохгүй. Сайн мэдээ гэвэл Есүс тантай уулзаад эргэн ирэхийг санал болгож чадна. Тэр Өөрийн сүр жавхлан болоод таны сайн сайхны төлөө ямар ч муу нөхцөл байдлыг эргүүлж чадна. Мөн тэр яг одоо танд эргэн ирэхийг санал болгож байна.

Дараагийн 6 өдөр бид Библид Бурхан найдваргүйд найдвар, зүг чиггүйд зүг чиг, тусламж хэрэгтэй бүхэнд тусламжийг хэрхэн өгдөг тухай эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн түүхээс суралцах болно. Бидний хийх ёстой зүйл бол Бурхан бидний төлөө доош бууж ирсний хариуд гараа Түүн рүү сунгаж, биднийг хөндийгөөс авч гарах Түүний төлөвлөгөөг зарлан тунхаглах юм. Тэр бидэнд эргэн ирэлтийг өгч, биднийг удирдаж чадна, тэгэх ч болно.

Хариу үйлдэл

Амьдралдаа давж гаршгүй нь гэж байсан хүнд хэцүү асуудлаа санаж байна уу? Бурхан таны төлөө ирсэн гэдгийг хэрхэн мэдсэн бэ?

Эргэн ирэлтийн түүхүүд бидэнд яагаад найдварыг өгч байна вэ?

Яг одоо эргэн ирэлт хэрэгтэй хэсэг таны амьдралд байна уу?

Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

The Comeback: It's Not Too Late And You're Never Too Far

Энэхүү уншлагын төлөвлөгөө маань Луи Гиглиогийн "Эргэн ирэлт: Оройтоогүй байна, та хэзээ ч хэтэрхий холдоогүй" гэдэг номон дээр суурилсан 7 өдрийн чимээгүй цагийг багтаасан. Уншлага бүр нь Бичээс дэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн жишээн дээр тулгуурлан, эргэн ирэх шаардлагатай хүмүүст шинэ эхлэл өгөх ажлыг Бурхан хэрхэн хийж байгааг харуулах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Луи Гиглиод талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.louiegiglio.com/thecomeback/

Холбоотой төлөвлөгөө унших