Үүрдийн гайхширал | New Life чуулганаас гаргасан Христ мэндэлсэн баярын уншлагын төлөвлөгөө Загвар
5 дахь өдөр
Энэ долоо хоногийг ирээдүйнхээ төлөө айдас, шаналлаа даван туулж чадсан Библид бичигдсэн хүмүүсийн талаар судлахад зориуллаа. Тэд хэдийгээр сэтгэлийн шаналалтай байсан ч, Бурханы хувиршгүй, өөрчлөгдөшгүй хайранд бүрэн итгэхэд суралцах хэрэгтэй байв. Мөн ирээдүйн төлөө хүн нэг бүрд зориулсан Бурханы амлалтыг сахихад итгэмжтэй байдаг бидний Гайхамшигт зөвлөгч болох Ариун Сүнсний талаар бид суралцсан.
Ирээдүйн тухай бодох үед хамгийн түрүүнд санаанд орж ирдэг зүйл бол зорьж буй амьдралын тань дараагийн үе шат, таван жилийн төлөвлөгөө, эсвэл энэ долоо хоногт юу болох бол хэмээн мэгдэж буй зүйлсийн нэг байж болох юм. Ирээдүй бидэнд баяр хөөр, айдас хүйдэс, сэтгэлийн түгшүүр мөн итгэл найдварыг нэгэн зэрэг төрүүлж болно. Гэвч хязгаарлагдмал цаг хугацааны хүрээнд цааш нь нэг алхмаар ахиулбал юу болох бол? Хэрвээ та Есүс Христ дотор байвал таны ирээдүй хамгийн найдвартай хадгалагдсан нь зөвхөн бидний ертөнцөд байх хугацаа дуусах хүртэл биш гэж Бичээст бичсэн билээ.
Мөнхийн улсын талаар та хэрхэн зурагладаг вэ? Нүд гялбам сувдан хаалга танд төсөөлөгддөг үү? Алтаар хийсэн гялалзсан гудамжнууд уу? Төрөл бүрийн үнэт чулуугаар чимэглэсэн хаан суудал уу? Эдгээр нь бүгд Бичээст дүрслэгдсэн ч энэ бол дөнгөж эхлэл нь билээ. Ийм үзэсгэлэнтэй уран дүрслэл бидний бодитоор үзэх гэж буй зүйлтэй харьцуулахад гундан бүдгэрэх болно.
Аврагчийн оршихуйд мөнхөд байж, төгс диваажинд Түүнийг хүндлэн мөргөх боломжийг Есүс бидэнд олгосон билээ. Нулимсгүй, гуниггүй, өвдөлтгүй, бас гэм нүгэлгүй тийм л газарт дэгжин дээдлэх боломж бидэнд олгогдсон. Бичээст хэлэхдээ "Тэнд цаашид үхэл гэж байхгүй, гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Учир нь анхны юмс өнгөрөн оджээ.” хэмээв. Тэр бүх зүйлийг шинэ болгожээ.Энэ бол бидний ирээдүй. Энэ бол бидний найдвар.
Хэрэгжүүлэх зүйлс: Ирээдүйд таны сэтгэлийг түгшээж буй зүйл сүүлийн үед байгаа бол тэр талаараа бодож үзээрэй. Санаанд тань орж ирж буй зүйлээ Бурхантай хуваалцах цаг гаргаад сүнсээ тайвшруулж өгнө үү хэмээн гуйн залбираарай. Тэнгэрийн улсад Түүнтэй хамт Түүний ялалт ба мөнх амийн амлалтаас амар тайвныг олж авсныхаа төлөө Түүнд талархал өргөөрэй.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Энэхүү гурван долоо хоногийн төлөвлөгөө нь Өөрийн хүү Есүсээр дамжуулан Бурхан бидэн дээр хэрхэн ирсэн тухай мөнхийн гайхамшиг дундуур биднийг алхуулах болно. Уг төлөвлөгөө Даваа гарагт эхлэх бөгөөд долоо хоногийн төгсгөлд баярын өдрүүдээрээ амарч, эдгээрийг эргэцүүлэн бодоход зориулан богино хэмжээний агуулгатай байхаар төлөвлөгдсөн юм. Христ мэндэлсэн өдөр бол бидний ирээдүй, одоо болон өнгөрсөнд зориулсан утга учиртай болохыг судлаарай.
More