BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - ЛукЗагвар
Есүс Бурханы Хаанчлалын тухай хот, тосгодоор яван зарлан тунхаглаж эхлэв. Тэр бусад хаадын адил язгууртнуудаар хүрээлүүлэн аялахын оронд Өөрийн сонгосон арван хоёрын хамтаар эдгээж, чөлөөлсөн хэдэн эмэгтэйтэй цуг явдаг. Тэд бол зүгээр нэг зүг нийлсэн хүмүүс биш харин түүний хамтрагчид. Есүсийн сайнмэдээ, чөлөөлөлт, эдгэрлийг хүртсэн хүмүүс энэ тухайгаа хотоос хот дамжин түгээв.
Тэдний аялал адал явдлаар дүүрэн. Есүс далайн шуургыг намжаан, нэгэн хүнийг хэдэн мянган чөтгөрөөс чөлөөлж, арван хоёр жилийн турш өвчинд шаналсан эмэгтэйг эдгээж, арван хоёр настай охиныг амилуулж, нэг хүүгийн өдрийн хоолоор хэдэн мянган хүнийг хооллосны дараа арван хоёр сагс хоол хүнс үлдэв!
Өнөөдрийн унших хуваарь дээр Лук “арван хоёр” гэж хэд хэдэн удаа давтсаныг ажиглаарай. Есүс Израилын арван хоёр овгийг шинэчилж байгаагаа харуулахын тулд зориуд арван хоёр дагалдагчаа томилсон. Үүнийг нь онцлох үүднээс Лук өөрийн бичсэн Сайнмэдээний номд “арван хоёр” гэдэг тоог арван хоёр удаа давтжээ. Ийн давтах бүрдээ Есүс Израилын арван хоёр овгийг цаашлаад бүх дэлхийг Израилаар дамжуулан аварч буйг харуулсан.
Бурхан Израилын арван хоёр овгоор дамжуулан бүх үндэстнийг ерөөнө хэмээн амласан бөгөөд Израил бүх үндэстний гэрэл байхаар дуудагдсан. Израил үүргээ биелүүлж чадаагүй боловч Бурхан өөрийн амлалтдаа үнэнч. Есүс Бурханы Хаанчлалыг тунхаглуулахаар арван хоёр дагалдагчаа илгээсэн нь энэ дэлхийг ерөөхөөр дуудагдсан Израилын дуудлагыг сэргээхийн тулд юм.
Уншаад, Эргэцүүлээд, Хариулна уу:
•Мессиагийн сайнмэдээг (Исаиа 61:1-3) хүлээн авсан хүмүүс үүнийгээ (Исаиа 1:4) бусдад түгээдэг. Исаиа 61-р бүлгийг Лук номоос өнөөдөр уншсан хэсэгтэйуялдуулан дахин нэг судалж үзээрэй. Танд юу ажиглагдаж байна вэ?
•Исаиа 42:6-7-г унш. Израилыг үндэстнүүдийн гэрэл болгоно гэж Иавэгийн айлдсаныг эргэцүүлээрэй. Та юу ажиглаж байна вэ?
•Тэнгэрийн Хаанчлалыг хэрхэн хүлээн авахыг тайлбарлахын тулд Есүс сургаалт зүйрлэлээр заадаг. Энэ нь яг л үр шиг нэг бол сайн ургаж, элбэг дэлбэг ургац өгнө эсвэл ургаж соёолохгүй. Яг л ил байгаа дэнлүү шиг бүгдийг гэрэлтүүлнэ эсвэл саван доорх дэнлүү шиг хэнд ч харагдахгүй. Есүсийн гэр бүл бол Бурханы үгийг сонсоод түүнийг биелүүлдэг хүмүүс (Лук 8:21). Бурханы Хаанчлалд та хэрхэн ханддаг вэ? Энэ дэлхийн төлөөх Есүсийн үйлчлэлд оролцоход танд саад болж буй асуудал, түгшүүр, сорилт байна уу?
•Уншиж, эргэцүүлснийхээ дараа залбираарай. Юу танд урам зориг өгсөн, Түүний үгтэй юун дээр санал нэг байгаагаа, сайнмэдээг хуваалцахад юу нь хэцүү байдгийг, танд юу хэрэгтэй байгаа тухай Түүнд хэлээрэй.
Энэ төлөвлөгөөний тухай
Урвуу Хаанчлал 1-р Хэсэг бол Лук номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Уншигчид маань Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг нь шимтэн уншихад тус болох видео, оновчтой хураангуй, эргэцүүлэх асуултыг энд багтаасан.
More
Энэхүү Библи унших хуваарийг бэлтгэсэн BibleProject-ийн хамт олонд талархъя. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.bibleproject.com цахим хуудсаар зочлоорой.