БэлэгЗагвар
Бишрэм гайхамшгийг өөрийн болгохуй
Энэ үе бол жилийн хамгийн гайхалтай цаг боловч заримдаа хийх ажил нь хэзээ ч дуусашгүй, нүсэр их зүйл бэлтгэх ёстой ч юм шиг, баяр маань бидэнд гүн хямралын үе ч юм шиг сэтгэгдэл төрүүлдэг.
Хэрэв бид баярын үеийн завгүй байдлаа түр зогсоогоод, баяр хөөрийг илүү их мэдрэхээр хайвал яах бол? Бишрэм гайхамшгийг тэврэн хурдаа сааруулбал яах вэ?
Бид хийж чадна. Та ч хийж чадна. Гэхдээ жилийн хамгийн гайхамшигтай цагийг мэдрэхийн тулд бид энэ цагийг жилийн хамгийн чухал мөргөл магтаалын цаг болгох хэрэгтэй. Яагаад гэвэл магтаал ба гайхамшиг нь зэрэгцэн оршдог.
Амар биш л дээ. Магадгүй их хүнд жил байсан байж болох юм. Магадгүй та хайртай хүнээ, хүсэл мөрөөдлөө эсвэл өөрийн төсөөлж байсан амьдралаа алдсан байж болох юм. Магадгүй таны хүлээлтийн үе ч байж болно. Гэвч таны ирээдүйн хүсэл эрмэлзлийг өнгөрсөн тань тодорхойлох албагүй.
Бид мөргөн магтах үедээ хэн нэгнийг эсвэл ямар нэг зүйлийг биширч хүндэлж байгаагаа илэрхийлдэг. Жилийн энэ цагт бидэнд магтан хүндэтгэх шалтгаан байдаг--ба энэ нь одоогийн нөхцөл байдлаас үл хамаардаг. Есүсээр дамжуулан өгөгдсөн бэлгийн улмаас бид магтан хүндэтгэдэг.
Есүсийн төрөлтийн талаар сонсоод хэдэн мэргэд юу хийснийг хамтдаа харцгаая:
Тэд [мэргэд] одыг хараад, үлэмж баяр хөөрөөр бялхав. Тэд маш их баярласан тул хашхирч, хязгааргүй их баяр хөөртэйгээр баярлалдав. Тэгээд гэрт орж, эх Мариагийнхаа хамт байгаа бяцхан Хүүг хараад, Түүнд өвдөг сөгдөн мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээн алт, гүгэл, миррийг бэлэг болгон өргөсөн.Матай 2:10-11
Хэдэн зуун жилийн турш хүмүүс үүнийг л хүсэн хүлээж байлаа. Аврагчийг илгээх Бурханы амлалт биелэгдэхийг л хүлээж байлаа. Мөн Бурхан Өөрийн амлалтаа ягштал биеүүлдэг гэдгийг харуулах хамгийн шилдэг сануулгуудын нэг бол Христ мэндэлсэн баяр юм. Бурхан бидэнтэй хамт байхыг хүсдэг гэдгээ харуулахын тулд хамгийн шилдэг бэлэг болох Есүсийг бидэнд илгээсэн.
Мэргэд үлэмжийн баяр хөөрөөр бялхсан. Тэд ялан дийлсэн. Тэд өвдөг сөгдөн мөргөж, гайхалтай зүйлийг хараад өөрсдийн хийж чадах бүхий л зүйлээ хийжээ.
Энэ жилийн Мэндэлсний баяраар, хийх ёстой гэсэн зүйслдээ анхаарлаа төвлөрүүлэхийн оронд Бурхан таны төлөө юу хийснийг нь магтан хүндлэх цаг гаргаарай. Өөрт байхгүй зүйл дээр анхаарал төвлөрүүлэхийн оронд Бурханы хайран дээр анхаарлаа төвлөрүүлээрэй.
Есүсийн бэлгийн төлөө талархаж, бишрэм гайхамшгийн дунд Бурханаа магтаарай. Дараагийн хэд хоногийн турш мэргэд болоод тэдний Есүст өгсөн бэлгүүд, мөн эдгээр бэлгүүд нь хэрхэн биднийг магтаалд хөтлөх талаар илүү ихээр ярилцах болно. Христ мэндэлсэн баярын баяр хөөрийг хэрхэн эргүүлэн өөрийн болгох амьдралд дөхөм арга замын талаар ярилцах бөгөөд бишрэм гайхамшгийг мэдрэх мэдрэмжийг маань сэргээж өгөхийг хамтдаа Бурханаас гуйцгаах болно.
Хамтдаа залбирцгаая: Бурхан, энэ жилийн Христ мэндэлсэн баярын бишрэм гайхамшгийн дунд намайг аваачаач. Та Өөрийнхөө Хэн болохыг надад сануулж, Таныг баяр хөөртэйгөөр магтахад минь туслаач. Хийх ёстой зүйлсийн жагсаалтад анхаарахаа болин, Таны Хүү, Есүсийн бэлэгт анхаарлаа төвлөрүүлж эхлэхэд минь туслаач. Есүсийн Нэрээр залбиран гуйлаа, амен.
Дадлага болгох нь: Та энэхүү Христ мэндэлсэн баярын бишрэм гайхамшгийн талаарх мэдрэмжээ хэрхэн өсгөх вэ? Та энэ цаг үед ямар арга замаар магтан хүндлэх вэ?
Энэ төлөвлөгөөний тухай
Энэ үе бол жилийн хамгийн гайхалтай сайхан цаг байдаг хэдий ч бид ихэнхдээ л яарсан сандарсан байдалд өөрсдийгөө олж харах нь олонтай. Хэрэв бид Христ мэндэлсэн баярын бишрэм гайхамшгийг дахин бий болговол яах вэ? Пастор Крег Грошелийн Бэлэг цуврал сургаалийн 5 өдрийн Библи уншлагын тѳлѳвлѳгѳѳгөөр мэргэдийн Есүст өгсөн гурван бэлэг хэрхэн биднийг тэр сүрдэм, мөргөлийн газарт хөтлөхийг олж мэдэх болно.
More