Аюултай залбиралЗагвар
Намайг золиослооч
Аюулгүй байдал болон ивээл ерөөлийн төлөө залбирах нь зүйтэй ч та үүнээс илүүг хүсэхгүй гэж үү? Ариун Сүнснээс хүчийг, тэнгэрийн улсаас хүч тэнхээг, ганхашгүй итгэлийг, Эцэгтэйгээ жинхэнэ дотно харилцааг та хүсэхгүй гэж үү?
Аюулгүй байлган, илүү ихийг өгч, амьдралыг минь хамгаалаач гэж асуухын оронд намайг бусдын төлөө золиослооч гэж та Бурханаас гуйх хэрэгтэй байж болох юм.
"Эзэн минь, намайг бусдын төлөө золиослооч" гэсэн залбирлыг залбирах талаар бодох үедээ манай эсийн бүлэгт Эми бид хоёрт тохиолдсон зүйл үргэлж санаанд минь ордог. Нэгдүгээр сарын шуургатай, хүйтэн нэгэн Лхагва гарагт долоо найман хосууд дулаан өрөөнд сууж байхдаа энэ л аюултай залбирлын талаар ярилцаж байв.
Бид бүгд л ингэж залбирахыг хүсэж, үнэхээр хүсэж байгаа эсэх дээр бид бүгд санал нийлсэн хэдий ч үр дагавраас нь айж байгаагаа үгүйсгэхгүй байлаа. Хамгийн эхэнд ярьсан эмэгтэй боломжийг нухацтайгаар авч үзсэн хэдий ч тэмцэлдэж буйгаа нуугаагүй. Тэрээр ахлах сургуулийн аравдугаар ангид байхаасаа л Есүсийг итгэмжтэйгээр дагасан, хайр энэрлээр дүүрэн эхнэр, дөрвөн хүүхдийн эх байв. Тэр чуулганыхаа хүүхдийн цуглаанд үйлчилдэг, итгэмжтэйгээр аравны нэгээ өргөдөг, өнчин хүүхдүүдийг асрамжилдаг, долоо хоног бүр Библи судлалд хамрагдан, хэсэг бүлгээрээ залбирах үед ихэнхдээ чангаар залбирахаар сайн дураараа шийддэг хүн байлаа.
Бурханаас өөрийгөө бусдын төлөө золиослооч гэж асуух сонголт тулгарах үед тэр татгалзав. "Уучлаарай, би үнэхээр шударгаар хариулахгүй бол болохгүй. Өөрийгөө золиос болгох талаар Бурханаас гуймааргүй байна. Юу болох бол гэдгээс би үнэхээр айж байна. Би дөрвөн хүүхдийн ээж шүү дээ. Би тэдэндээ үнэхээр бүр үнэхээр их хайртай. Намайг золиослооч гэж Бурханаас гуйх нь миний хувьд үнэхээр аймаар зүйл. Хэрэв би өвдвөл яах вэ, сэтгэлийн хямралд орвол эсвэл гэр бүлээсээ холдвол яах вэ?"
Эсийн бүлгийн маань ихэнх хүмүүс толгой дохин санал нийлж байлаа.
Гэхдээ миний асуулт өнөөдөр ч бид бүхний хувьд хэвээрээ үлдсэн, тохь тухаасаа зуурснаар бид юуг алдаж байна вэ?
Бид зовлон, ая тухгүй байдлаас зайлсхийснээс болоод юуг амсалгүй алдаж байна вэ?
"Хэн амиа аврахыг хүснэ, тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр түүнийгээ олно" (Матай 16:25) гэж Есүс хэлсэн. Амархан, ая тухтай амьдрал уруу Есүс биднийг уриагүй, харин бууж өгсөн, золиос гаргасан амьдрал уруу урьдаг. Бидний хамгийн эрхэм хүсэл бол миний хүсэл биелэх болтугай биш харин Түүний хүсэл биелэх болтугай гэдэг байх ёстой. Мөн "амиа алдах" шийдвэрт Есүс биднийг урьж байна, тэгснээр бид хормоос хоромд, өдрөөс өдөрт Түүний төлөө амьдарч чадна. Бусдын эрх ашгийн төлөө ашиглагдах гэж ямар утга учиртай болохыг ухаарахын тулд бид ая тухтай зочны өрөө болон аюулгүй залбирлаа орхих хэрэгтэй болдог.
Аюулгүй байдалдаа хоргодсоноор аюулгүй байдал, ая тухаасаа хамаагүй үнэ цэнэтэй зүйлийг алдах эрсдэлд ордог. Бурхан биднийг бусдын төлөө золиослохын нөгөө талд ямар ивээл ерөөл хүлээж байгааг бид ухаардаггүй.
"Тэр [Jesus] талх авч, талархал өргөөд, хуваан тэдэнд өгөхдөө, 'Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд' гэж айлдав" (Лук 22:19) гэж Лук хэлжээ. "Үүнийг үйлд" гэсэн Есүсийн зааварчилгаа итгэгчдэд Түүний үхэл ба амилалыг эргэн дурсах, хүндлэх, тэмдэглэх арга замыг олгосон гэдэгтэй Библийн ихэнх эрдэмтэд санал нийлдэг. Гэвч зарим итгэгчид "үүнийг үйлд" гэж Есүсийн хэлсэн нь мөн бид хэрхэн амьдрах ёстойг сануулдаг гэж итгэдэг билээ. Чуулган дээрээ хааяахан хийдэг ёслолын талаар Есүс өгүүлээгүй бол яах вэ? Хэрэв Тэр биднийг өдөр бүр бусдын төлөө золиослогдсон, асгагдсан амьдралаар амьдрахыг урьж байгаа бол яах вэ? "Бурхан минь, намайг бусдын төлөө золиослооч" гэж залбирах зүрх, хатан зориг, итгэл бидэнд байсан бол яах вэ?
Чуулган дээрх Ариун зоогийн үеэр л бид Есүсийг эргэн дурсдаг юм биш. Өдөр бүр бид хэрхэн амьдарч байгаагаараа Түүнийг эргэн дурсдаг. Есүсийн бие бусдын төлөө золиос болсон учраас, бидний төлөө Түүний цус урссан учраас бид ч мөн бусдын төлөө золиослогдсон, асгагдсан байдлаар өдөр бүр амьдрах ёстой.
Энэ нь өнгөцхөн харвал тийм ч сэтгэл татахаар зүйл биш юм шиг санагдаж болно. Хэн "бусдын төлөө золиослогдсон" бас "асгагдсан" байхыг хүсэх вэ? Яг л өвдөхийн дээдээр өвдөж, зовохын муугаар зов гэж буй мэт сонсогдож байгаа биз. Гэвч "амиа алдах"-аас бид жинхэнэ баяр хөөрийг олж авдаггүй гэж үү. Бид өөрсдийнхөө хүслийн араас хөөцөлдөхийн оронд Түүний хүсэлд бууж өгөх хэрэгтэй. Амьдралаа хүссэн бүх зүйлээрээ дүүргэхийн оронд бид бусдын амьдралд өөрчлөлт авч ирэхийн тулд амьдралаа хоослох ёстой.
Бурханы өмнө өөрийгөө бусдад зориулах гэдэг нэг удаагийн үйл явдал биш; харин өдөр тутмын шийдвэр мөн. "Би өдөр бүр үхдэг" (1 Коринт 15:31) гэж Паул хэлсэн. Энэ нь ямар утгатай вэ? Тэр өдөр бүр өөрийн хүслийг цовдлохыг сонгосон бөгөөд ингэснээрээ Бурханы хүслийн төлөө өөрийгөө бүрэн зориулж байсан юм. Хэрэв энэ залбирлаар залбирах зориг танд бий бол бэлтгэлтэй байгаарай. Өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүйгээрээ Бурханыг таньж мэдэхэд бас Бурханд таньж мэдэгдэхэд бэлтгэлтэй байгаарай.
Та аюулгүй залбирлаа үргэлжлүүлэхэд болохгүй юм байхгүй л дээ. Гэхдээ та үүнээс илүүг хүсэх боловуу гэж би мэдэрч байна. Би өөр сонголтыг хийж байна. Би бол итгэлээр дүүрэн, фермээ ч хүртэл барьцаанд тавих хэмжээний эрсдэл гаргагч нэгэн. Өчүүхнээр бодох эсвэл аюулгүй амьдрах байдлаар би Бурханаа хэзээ ч доромжлохгүй. Хэрэв бусдын төлөө золиос болохын нөгөө талд ивээл ерөөлүүд байгаа бол намайг золиослооч.
Энэ төлөвлөгөөний тухай
Та итгэл дотроо нэгэн хэвийн, хэвшмэл байхаас залхаж байна уу? Та айдастайгаа нүүр тулж, итгэлээ босгон байгуулж, нөөц бололцоогоо бүрэн ашиглахыг хүсэж байна уу? Энэхүү 7 хоногийн Библи уншлагын төлөвлөгөө нь Life.Church-ийн Пастор Крейг Грошелийн "Аюултай залбирал" номын хэсэг ба таныг аюултай байдлаар залбирахыг уриалдаг. Учир нь Есүсийг дагах нь хэзээ ч аюулгүй байна гэсэн үг биш юм.
More