Бурханыг ойлгохгүй байх үедЗагвар
Хэрвээ Бурхан сайн бас биднийг хайрладаг юм бол, яагаад дэлхий дээр ийм их муу зүйлс байгаа юм бэ?
Энэ бол олон зуун жилийн турш асууж ирсэн асуулт бөгөөд цаашид ч асуугдсаар байна байх. Хариулт нь бидний оюун ухаанаас давсан зүйл шиг. Хичнээн ихийг бид мэдэж, сурсан ч гэсэн бид авсан хариултдаа сэтгэл хангалуун бус байдаг. Ялангуяа өдөр бүр шинэ хямрал, муу зүйл гарч ирэх үеүүдэд.
Эхлэл 1-р бүлэгт Бүтээлийн талаар дэлгэрэнгүй өгүүлдэг. Бурхан бидний ертөнцийг төгс болгож, тэр дундаа хүн төрөлхтнийг бүтээсэн. Бурхан Адамыг Еден цэцэрлэгт байрлуулж, Эхлэл 2:16-17-д: Сайн мууг мэдүүлэгч модны жимснээс бүү ид гэсэн зааварчилгааг өгсөн. Бурхан Түүнд өөрт нь дуулгавартай байх уу, үгүй юу гэсэн сонголтыг өгсөн. Бид Бурханд дуулгаваргүй байхыг сонгох үед бидний сонголт бузар мууг авчирдаг. Бурхан бузар мууг бүтээгээгүй—энэ нь бидний нүгэлт сонголтын үр дүн юм.
Гэсэн ч бидний асуултад тохирсон хариулт болж чадахгүй хэвээр л байна. Тийм ээ, бидэнд сонголт хийх эрх чөлөө бий, гэхдээ бидний сайн бөгөөд хайрын Бурхан яагаад үүнийг зөвшөөрнө гэж? Бидний сонгосон зарим зүйл муу үр дагавартай гэдгийг Тэр мэдээгүй гэж үү? Хэн нэгний бидэнд хандсан үйлдлээс болж бид ямар их зовлон зүдгүүр туулахыг Тэр мэдээгүй гэж үү? Тиймээ. Тэр бүхнийг мэддэг, мэдсэн бас мэдсээр ч байх болно. Энэ бүх зүйл нь эргээд биднийг "Хэрэв Бурхан сайн, хайраар дүүрэн юм бол яагаад дэлхий дээр ийм их муу зүйл байгаа юм бэ?" гэх мэт асуултуудыг тавихад хүргэдэг.
Муу зүйл байдаг. Гэхдээ бидний анхаарал эдгээр зүйлс рүү илүү татагдаж, бид маш их бузар муугийн талаар харж, сонсдог байж магадгүй юм. Харамсалтай нь бид мэдээ үзэх, унших бүрд ихэнх нь муу байдаг. Гэвч ихэнхдээ мэдээний төгсгөлд сэтгэл хөдөлгөм, урам зориг өгсөн мэдээ сонсдог ба тэдгээр мэдээлэл нь бидний сэтгэлийг хөдөлгөдөг, тийм үү? Бид ийм төрлийн мэдээг илүү ихээр хүсч байгааг олж хардаг.
Төгс бус, хязгаарлагдмал хүмүүс бидний ертөнцийг эзэгнэж байгаа цагт муу зүйл үргэлж байх болно, тиймээс бид асуултандаа сэтгэлд нийцсэн хариулт авахгүй байж магадгүй юм. Хэрэв бид дэлхий дээрх бузар муугаас анхаарлаа холдуулж, зөвхөн сайн сайхныг эрэлхийлээд зогсохгүй Есүсийн дагалдагчдын хувьд итгэл найдвар, сэргэлтийг бий болгоход хувь нэмэр оруулсан бол яах вэ? Хэрэв бид муу зүйл яагаад үүсдэг тухай асуулт асуух цагаа багасгаж, зовлон зүдгүүрийнхээ төлөө тэмцэж буй хүмүүст найдвар, тусламж үзүүлэхэд илүү их цаг зориулбал яах вэ? Хэрэв бид бузар муу гэх мэт үл ойлгогдох зүйлийг ойлгох гэж хичээхийн оронд бусдад үйлчилж, Есүсийн талаар хуваалцаж, тэдний амьдралд өөрчлөлт оруулахын тулд өөрсдийн үүргээ биелүүлсэн бол яах вэ?
Сайн сайхныг эрэлхийлж, сайныг хийхийг эрмэлзэх нь дэлхий дээр оршин суудаг хүмүүс бидний үүрэг бүхий хэсэг юм. Бид юу хайж байна, түүнийгээ олох болно. Тиймээс сайн сайхныг хайцгаая.
Энэ төлөвлөгөөний тухай
Бид бүхэнд Бурханы талаарх хариултыг нь мэддэг болон мэдэхгүй олон асуулт байдаг. Библиэс сурч болох үнэн нь бидний олон асуултын хариултыг олоход тусалдаг. Иймд ойлгомжгүй хариулт эсвэл хариултгүй үлдсэн асуултуудаа Бурханыг улам илүү эрэн хайх хөшүүрэг болгоцгооё.
More