Христитгэлтний итгэдэг 9 нийтлэг худал: 3 цувралын 2 дахь хэсэгЗагвар

Мерриам-Вэбстер толь бичигт дурдсанчлан, логик зөрчил гэдэг үг "зөрчилдөж байгаа мэт харагдаж эсвэл нийтлэг ойлголтыг эсэргүүцэж байгаа мэт боловч үнэн байх магадлалтай төлөв" гэсэн утгатай. Үндсэндээ, дэлхийн хувьд инээдтэй мэт санагдах зүйл Бурханы хүч чадалд хөтлөгддөг тэр л зүйл байх нь бий. Бурханы ажилладаг арга барилын зарчмыг дэлхийн ажилладаг арга барилын зарчимтай харьцуулах үед бүх зүйл урвуугаараа эргэсэн мэт санагдах болно. Дээшээ нь доошоо мэт. Зүүн нь баруун мэт. Буруу нь зөв мэт. Голыг оносон нь байг огт оноогүй мэт. Ямар нэгэн зүйлийг олж авах нь алдах мэт. Хамгийн сүүлийнх нь эхнийх мэт. Мөн амьдрах нь үхэх мэт.
Бичээс дээр гардаг логик зөрчлийн тухай хэдэн жишээг дурдвал:
Өргөмжлөгдөхийн тулд та өөрийгөө даруу болгох ёстой. "Эзэний өмнө өөрсдийгөө даруу болго. Тэгвэл Тэр та нарыг өргөмжлөх болно" (Иаков 4:10). "Иймд Бурханы хүчирхэг мутрын дор өөрсдийгөө даруу байлга. Тэгвэл Бурхан зохистой цагт та нарыг өргөмжилнө" (1 Петр 5:6).
Хүчтэй байхын тулд та мөхөс байх ёстой. "Тэр надад “Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөс байдал дотор [Миний] хүч бүрэн төгс болдог” гэж айлдсан. Иймд Христийн хүч надад орших тул би ихэд баяртайгаар мөхөс байдлуудаараа илүү сайрхана. Иймд Христийн төлөө мөхөс байдал, доромжлол, гачигдал, хавчлага, шахалтдаа би баяртай байна. Учир нь би хэзээ мөхөс байна, тэр үедээ хүчтэй байдаг" (2 Коринт 12:9–10).
Хүлээн авагч байхын тулд та өгөгч байх ёстой. "Ийм маягаар шаргуу хөдөлмөрлөж байж л мөхөс нэгэндээ тус болох ёстойг би та нарт бүх талаар үзүүлсэн. Мөн Эзэн Есүсийн айлдсан “Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй” гэсэн үгийг санагтун гэж хэлэв" (Үйлс 20:35).
Амьдрахын тулд та үхэх ёстой. "Учир нь хэрэв та нар махбодын дагуу амьдарвал үхэх ёстой. Харин та нар Сүнсээр биеийн үйлсийг үхэлд хүргэвэл амьдрах болно" (Ром 8:13). "Тэр өсөж, харин би буурах ёстой" (Иохан 3:30).
Сайнмэдээний эдгээр логик зөрчил нь ямар төөрөгдмөөр атлаа бас үнэхээр гайхамшигтай үзэсгэлэнтэй вэ.
Тунгаан бодох асуулт:
Аль логик зөрчил таныг хамгийн ихээр зоригжуулсан бэ? Үүнд анхаарлаа төвлөрүүлэх нь сүнслэг өсөлтийг тань хэрхэн дэмжиж болох вэ?
Үнэн:
Дэлхийн хувьд зөв мэт санагдах арга зам гэж бий бас Эзэний хувьд зөв арга зам гэж бий. Дэлхийн арга замаас илүүтэй Эзэний арга замыг үргэлж сонгоорой.
Энэ төлөвлөгөөний тухай

Магадгүй Бурхан таны бодож байгаа шиг Нэгэн биш байж болох юм. Магадгүй Тэр таны бодож байгаагаас хамаагүй дээр Нэгэн ч байж болох юм. Энэхүү чимээгүй цагийн судлал нь бид бүхний сонсдог зарим Христ итгэлийн талаарх яриа нь үнэндээ Библийн дагуу бус, худал хуурмаг зүйлс болохыг олж танихад туслах болно. Эдгээр худлууд гэм хоргүй мэт санагдаж болох ч бидний итгэлд хор хөнөөл учруулж, асар олон итгэгчдийг сүнсний хувьд төлөвшөөгүй байдалд гацаадаг аж. Өөрийн амьдралдаа зоригжуулал, эрх чөлөөг авчрахын тулд Библи дээрх Бурханы тухай үнэнээр дамжуулан эдгээр худлуудтай хэрхэн нүүр тулахыг суралцаарай.
More