Тооллого 14

14
Ард олны эсэргүүцэл
1Даяар хотол түмэн дуугаа өндөрсгөн хашхирч, тэр шөнө ард олон уйлалдав. 2Израилийн бүх хөвгүүд Мосе Аарон нарын эсрэг гонгинолдож байв. Даяар хотол түмэн тэдэнд
—Бид Египет нутагт үхэцгээсэн ч болоосой! Эсвэл бид энэ цөлд үхэцгээсэн ч болоосой! 3ЭЗЭН юунд биднийг энэ нутагт авчирч байна вэ? Эхнэрүүд болон бяцхан хүүхдүүдийг маань олз болгохоор, биднийг илдэнд унагаахаар уу? Египет уруу буцсан нь бидэнд дээр байх юм биш үү? гэцгээж байв. 4Тийнхүү тэд бие биендээ
—Цөмөөрөө тэргүүлэгчийг томилоод Египет уруу буцацгаая гэв.
5Тэгэхэд Мосе Аарон нар Израилийн хөвгүүдийн хотол түмэн даяар чуулганы өмнө нүүрээрээ унав. 6Нутгийг тандсан хүмүүс дотроос Нуны хүү Иошуа болон Иефуннегийн хүү Калеб нар хувцсаа урж, 7Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэнд ярин
—Бидний тандахаар туулан өнгөрсөн нутаг бол дэндүү сайхан нутаг билээ. 8Хэрэв ЭЗЭН, биднийг таалбал Тэр биднийг тэр нутагт аваачиж, тэрхүү сүү зөгийн бал урссан нутгийг бидэнд өгөх болно. 9Зөвхөн ЭЗЭНий эсрэг л бүү тэрсэл. Тэр нутгийн ард олноос бүү ай. Тэд бидний хоол болно. Хамгаалалт нь тэднээс зайлуулагдсан бөгөөд ЭЗЭН бидэнтэй хамт байна. Тэднээс бүү айгтун гэлээ.#Евр 3:16 10Харин даяар хотол түмэн
—Тэднийг чулуугаар шид гэцгээж байлаа.
Тэгтэл ЭЗЭНий цог жавхлан уулзалтын майхан дотор Израилийн бүх хөвгүүдэд үзэгдэв. 11Мосед ЭЗЭН
—Энэ ард түмэн хэр удаан Намайг хилэгнүүлэх вэ? Тэдний дунд Миний бүтээсэн бүх тэмдэг байсаар байхад тэд Надад итгэхгүй хэр удаан байх юм бэ? 12Би тэднийг тахлаар цохиж, сүйрүүлэх болно. Би тэднээс илүү агуу, илүү хүчирхэг үндэстнийг чамаас бий болгоно гэв.
Мосе ард олныхоо төлөө гуйв
13Гэвч Мосе, ЭЗЭНд
—Та Өөрийн хүчээр энэ ард олныг тэдний дундаас гаргасан тул египетчүүд үүнийг сонсоод,#Гэт 32:11–14 14энэ нутгийн оршин суугчдад ярих болно. Өө ЭЗЭН, Та энэ ард олны дунд байгаа. ЭЗЭН Та болон тэд нүүр нүүрээ хардаг, Таны үүл тэдний дээр тогтон байдаг бөгөөд Та тэдний өмнө өдөр нь үүлэн баганаар, шөнө нь галан баганаар явдаг гэдгийг тэд сонсоцгоосон билээ. 15Хэрэв Та энэ ард олныг ганц хүн мэт алж хороох аваас Таны алдар сууг сонссон үндэстнүүд ярихдаа 16“ЭЗЭН энэ ард түмнийг тангараглан амласан нутагтаа аваачих чадалгүй байсан учраас Тэр тэднийг цөлд алав” гэх болно. 17Тиймээс гуйж байна. Таны ийн хэлсэн шиг Эзэний хүч чадал нь агуу байг.
18“ЭЗЭН уурлахдаа удаан, хайр энэрлээр өгөөмөр, хилэнц, гэмт үйлдлийг уучилдаг ч шийтгэлгүй орхидоггүй бөгөөд эцгүүдийнх нь хилэнцийг гурав, дөрөв дэх үед нь хүртэл буулгадаг.”#Гэт 20:5–6, 34:6–7; Дх 5:9–10, 7:9–10 19Би гуйя, Та энэ ард түмнийг Египетээс одоог хүртэл уучилсаар ирсэн шигээ хайр энэрлийнхээ аугаагаар энэ ард түмний хилэнцийг өршөөгөөч гэлээ.
20Тийнхүү ЭЗЭН айлдахдаа
—Чиний үгээр Би тэднийг өршөөлөө. 21Гэвч Би амьд! Бүх дэлхий ЭЗЭНий яруу алдраар дүүрэх болно.#Евр 3:18 22Египет болон цөлд Миний цог жавхланг болон Миний бүтээсэн тэмдгүүдийг харсан атлаа ийнхүү арван удаа Намайг сорин, Миний дууг сонсоогүй бүх хүн, 23эцэг өвгөдөд нь Миний амласан тэр нутгийг үзэхгүй бөгөөд Намайг өдөөн хатгасан хүмүүсийн хэн нь ч түүнийг үзэхгүй. 24Харин Миний зарц Калеб өөр сүнстэй байж, Намайг бүрэн дагасан тул түүний орсон тэр нутагт нь Би түүнийг аваачих бөгөөд үр удам нь тэр газрыг эзэмших болно.#Иош 14:9–12 25Амалекчууд болон канаанчууд хөндий талд амьдарч байгаа. Маргааш та нар буцаж, Улаан тэнгис уруу хөтлөх замаар цөл тийш хөдлөгтүн гэв.
Довтлох оролдлого няцаагдав
26Мосе Аарон нартай ЭЗЭН ярин айлдахдаа
27Энэ ёрын муу олон түмэн Миний эсрэг хэр удаан гонгинох вэ? Миний эсрэг гонгинолдож буй Израилийн хөвгүүдийн гоншгонооныг Би сонслоо. 28Тэдэнд ийн хэл. ЭЗЭН айлдаж байна. “Би амьд! Та нар Миний чихэнд ярьсантай адил түүнчлэн Би та нарт үйлдэх болно. 29Миний эсрэг гонгиносон, хорь ба түүнээс дээш насны тоолуулсан бүх хүний цогцос тооныхоо дагуу энэ цөлд унах болно.#Евр 3:17 30Та нарыг суурьшуулахаар Миний тангарагласан тэр нутагт Иефуннегийн хүү Калеб болон Нуны хүү Иошуа нараас өөр хэн ч орохгүй. 31Харин олз болох нь хэмээн та нарын хэлсэн балчир хүүхдүүдийг чинь Би оруулж, та нарын үл ойшоон голсон тэр нутгийг тэд мэдэх болно. 32Харин та нарын хувьд, цогцсууд чинь энэ цөлд унах болно. 33Цогцсыг чинь цөлд унах хүртэл та нарын садарлалыг хөвгүүд чинь үүрч цөлд дөчин жилийн турш хоньчид байх болно.#Үйл 7:36 34Та нар уг нутгийг тандсан өдрүүд буюу дөч хоногийн тоо ёсоор, өдөр бүрийн төлөө нэг жил буюу дөчин жилийн турш хилэнцээ үүрнэ. Ийнхүү та нар Миний дургүйцлийг мэдэх болно. 35ЭЗЭН Би айлдав. Миний эсрэг хамтдаа цугласан энэ ёрын олон түмэнд бүхэлд нь Би үүнийг хийх болно. Тэд энэ цөлд устгагдаж, энд үхэцгээх болно” гэв.
36Уг нутгийг тандуулахаар Мосегийн илгээсэн, буцаж ирээд уг нутгийн талаар базаахгүй мэдээ авчирч даяар хотол түмнийг түүний эсрэг гомдоллон гонгинолдоход хүргэсэн хүмүүс 37буюу уг нутгийн талаар базаахгүй мэдээ авчирсан тэдгээр хүмүүс ЭЗЭНий өмнө тахлаар үхэв. 38Харин нутгийг тандахаар явсан хүмүүсээс Нуны хүү Иошуа, Иефуннегийн хүү Калеб нар амьд үлдэв.
39Мосе эдгээр үгсийг Израилийн бүх хөвгүүдэд хэлэхэд ард олон үлэмж гашуудацгаав. 40Тэд өглөө эртлэн босож, уулархаг нутаг өөд явж
—Харагтун. Бид үнэхээр нүгэл үйлдсэн. Гэхдээ ЭЗЭНий амласан газар уруу явах болно гэв. 41Харин Мосе
—Та нар юунд ЭЗЭНий тушаалыг зөрчиж байна вэ? Энэ чинь бүтэхгүй. 42ЭЗЭН та нарын дунд байхгүй тул бүү яв. Эс бөгөөс та нар дайсныхаа өмнө цохигдоно. 43Амалекчууд ба канаанчууд тэнд та нарын өмнө байх бөгөөд та нар илдэнд унах болно. ЭЗЭНийг дагахаас эргэж буцсан болохоор ЭЗЭН та нартай хамт байхгүй гэв. 44Гэвч тэд уулархаг нутагт өгсөж очихоор зоригложээ. Харин ЭЗЭНий гэрээний авдар ч, Мосе ч хуаранг орхисонгүй. 45Тэгтэл уулархаг нутагт амьдарч байсан амалекчууд болон канаанчууд буун ирж, тэднийг бут цохин, Хорма хүртэл тэднийг хядав.

Одоогоор Сонгогдсон:

Тооллого 14: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү