1Хаад 8
8
Өргөөг ЭЗЭНд өргөв
(2Шс 5:2—6:2)
1Дараа нь ЭЗЭНий гэрээний авдрыг Давидын хот Сионоос залахын тулд Израилийн ахмадууд болон бүх овгийн удирдагчид буюу Израилийн хөвгүүдийн эцгийн бүлийн тэргүүлэгчдийг Иерусалимд өөрийнхөө өмнө Соломон цуглуулав.#2См 6:12–16; 1Шс 15:25–29 2Долдугаар сар буюу Етаним сард баяр наадмаар Израилийн бүх эрчүүд Соломон хааны өмнө цугларав.#Лев 23:24 3Ингээд Израилийн ахмадууд бүгд ирж, тахилч нар авдрыг өргөн авлаа. 4Тахилч нар ба левичүүд ЭЗЭНий авдар, уулзалтын майхан ба дотор нь байсан бүх ариун эд зүйлсийг авчрав. 5Соломон хаан болон түүний өмнө хүрэлцэн ирсэн Израилийн хотол түмэн түүний хамт авдрын өмнө тоолж тооцоолж барамгүй олон хонь, үхрээр тахил өргөв. 6Тэгээд тахилчид ЭЗЭНий гэрээний авдрыг өргөөний дотоод ариун танхим буюу ариунаас ариун газарт херубуудын далавчин доор байранд нь заллаа. 7Херубууд авдар байгаа газрын дээгүүр далавчаа дэлгэсэн тул авдар болон дамнуургуудыг нь халхалж байв. 8Дамнуургууд урт байсан тул үзүүрүүд нь дотоод ариун танхимын наана байх ариун танхимд харагдаж байсан боловч тэдгээр нь гаднаас харагдахааргүй байв. Тэдгээр нь энэ өдрийг хүртэл тэндээ бий. 9Израильчууд Египетийн нутгаас гарсны дараа тэдэнтэй ЭЗЭНий гэрээ байгуулж байсан Хоребт байхдаа Мосегийн хийсэн хоёр чулуун хавтангаас өөр юу ч авдар дотор алга байлаа.#Дх 10:5 10Тэгтэл тахилч нарыг ариун газраас гарсны дараа ЭЗЭНий өргөөг үүл дүүргэв.#Гэт 40:34–35 11Үүлнээс болоод тахилч нар үйлчлэлээ хийж чадахгүй байлаа. Учир нь ЭЗЭНий цог жавхлан ЭЗЭНий өргөөг дүүргэсэн аж. 12Тэгээд Соломон
—Үүл манан дунд Би оршмуй хэмээн ЭЗЭН айлтгалаа #Дуу 18:11, 97:2
13Үүрд мөнх Түүний залрах газар,
цог жавхлант өргөөг би барьж босголоо
гэж хэлэв.
Соломоны үг
(2Шс 6:3–11)
14Тэгээд хаан эргэн харж, Израилийн бүх чуулганыг тэнд зогсож байхад нь тэднийг ерөөлөө. 15Тэрээр
—Өөрийн амаар миний эцэг Давидад айлдсан бүхнээ Өөрийнхөө мутраар биелүүлж өгсөн Израилийн Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. Тэрээр айлдахдаа 16“Би Өөрийн ард түмэн Израилийг Египетээс гаргасан өдрөөс хойш Өөрийн нэрийг байлгах өргөөг бариулах гэж Израилийн бүх овгоос аль ч хотыг сонгоогүй боловч Өөрийн ард түмэн Израилийг захируулахаар Би Давидыг сонгосон билээ” гэв.#2См 7:4–11; 1Шс 17:3–10 17Израилийн Бурхан ЭЗЭНий нэр алдрын төлөө өргөө барих нь миний эцэг Давидын зүрхэнд байсан юм.#2См 7:1–3; 1Шс 17:1–2 18Харин ЭЗЭН миний эцэг Давидад “Миний нэр алдарт өргөө барих сэтгэл чиний зүрхэнд байгаа нь маш сайн байна. 19Гэсэн ч тэр өргөөг чи өөрөө босгохгүй, харин чамд төрөх хүү чинь Миний нэр алдарт уг өргөөг барих болно” гэсэн билээ.#2См 7:12–13; 1Шс 17:11–12 20ЭЗЭН хэлсэн үгээ баталлаа. Ийнхүү би ЭЗЭНий амласны дагуу өөрийн эцэг Давидын оронд босож, Израилийн сэнтийд заларч, Израилийн Бурхан ЭЗЭНий нэр алдарт зориулж өргөө барив. 21Бидний эцэг өвгөдийг Египет нутгаас гаргахдаа тэдэнтэй байгуулсан ЭЗЭНий гэрээг агуулсан авдрыг залах байрыг би тэнд бэлтгэн зэхлээ гэв.
Соломоны залбирал
(2Шс 6:12–42)
22Тэгээд Соломон Израилийн бүх чуулганы өмнө ЭЗЭНий тахилын ширээний урд зогсоод, тэнгэр өөд гараа сунгаж
— 23Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ! Бүх зүрхээрээ Таны өмнө явагч зарц нарынхаа төлөө гэрээ ба хайр энэрэлээ сахидаг Тантай адил Бурхан дээр тэнгэрт, доор газар дээр үгүй билээ. 24Та Өөрийн зарц, миний эцэг Давидад амласнаа сахиж, Та Өөрийн амаар хэлснээ энэ өдөр Өөрийн мутраар биелүүллээ. 25Тиймээс, Израилийн Бурхан ЭЗЭН минь, Та Өөрийн зарц, миний эцэг Давидад “Чи Миний өмнө явсны адил чиний хөвгүүд Миний өмнө явахын тулд тэд өөрсдийн замаа анхааран сахих аваас Израилийн сэнтийд суух хүн Миний өмнө чамд тасрахгүй” гэж айлдан амласнаа сахин биелүүлнэ үү.#1Ха 2:4 26Тиймээс, Израилийн Бурхан минь ээ, Та Өөрийн зарц, миний эцэг Давидад хэлсэн үгээ бататгаж өгөөч! 27Гэхдээ Бурхан үнэхээр газар дээр оршино гэж үү! Харагтун, тэнгэр болон тэнгэрсийн тэнгэр ч Таныг багтааж чадахгүй билээ. Тэгвэл Миний барьсан энэ өргөө хичнээн ч өчүүхэн юм бэ!#2Шс 2:6 28Гэсэн ч боолынхоо залбирал, айлтгалыг анхааран үзээч. Бурхан ЭЗЭН минь ээ! Өнөөдөр боол тань Таныхаа өмнө залбирсан энэ залбирал, хашхирах гуйлтыг сонсооч. 29Энэ газарт хандан залбирах зарцынхаа залбирлыг сонсохын тулд, “Миний нэр тэнд байг” гэж Өөрийн айлдсан тэр газар буюу энэ өргөөн дээр Таны мэлмий өдөр ч, шөнө ч тусах болтугай.#Дх 12:11 30Энэ газарт хандсан Таны боол болон Таны ард түмэн Израилийн гуйлтыг Та сонсооч. Тэнгэр дэх Өөрийнхөө залрах газраас сонсооч, анхаарч өршөөн соёрхооч. 31Хэрэв хүн хөршийнхөө эсрэг нүгэл үйлдчихээд, ам тангараг өгөхөөр болж, тэрээр энэ өргөөнд Таны тахилын ширээний өмнө ирж тангараглах аваас 32Та тэнгэрээс сонсож үйлдээч, боолуудаа шүүгээч. Ингэхдээ гэм буруутны арга замыг толгой дээр нь буулган буруутгаж, зөвт хүнийг зөвт байдлынх нь дагуу зөвтгөж болгооно уу. 33Таны ард түмэн Израиль Таны эсрэг нүгэл үйлдсэнээс болж дайсандаа цохигдох үед, хэрэв тэд Тан уруу дахин эргэж, Таны нэрд талархаж, энэ өргөөнд Танд хандан залбирч, гуйх аваас 34Та тэнгэрээс сонсож, Өөрийн ард түмэн Израилийн нүглийг уучилж, эцэг өвгөдөд нь Таны өгсөн газар нутагт тэднийг буцаан ирүүлж соёрхоно уу. 35Тэд Таны эсрэг нүгэл үйлдсэнээс болж тэнгэр хаагдаж, хур бороо үгүй болох үед тэд энэ газарт хандан залбирч, Таны нэрд талархаж, Та тэднийг зовооход тэд нүглээсээ эргэх аваас 36Та тэнгэрээс сонсон Өөрийн зарц нар болон Өөрийн ард түмэн Израилийн нүглийг уучилж, тэдний явбал зохих зөв зүйтэй замыг Та тэдэнд заан өгч, ард түмэндээ өв болгон өгсөн газартаа хур бороог буулгаж өгөөрэй! 37Хэрэв газар нутагт өлсгөлөн болж, тахал өвчин гарч, ган гачиг болж, хөгц, царцаа, төөлүүрийн сүрэг ирж эсвэл дайснууд тэднийг хот газарт нь бүслэн авбал эсвэл элдвийн гамшиг өвчин зовлон нөмрөх үед, 38цөхрөлийг зүрхээрээ мэдэрч гараа энэ өргөө тийш сунгасан хэн нэгэн хүн эсвэл Таны бүх ард түмэн Израилийн ямар ч залбирал, ямар ч гуйлтыг 39Та тэнгэр дэх Өөрийн залрах газраасаа сонсон, уучилж, үйлдэж, Та зүрхийг нь мэдэх хүн тусбүрд үйлийнх нь дагуу өгөөрэй. Зөвхөн Та л хүний хөвгүүн нэгбүрийн зүрхийг мэдэх билээ. 40Ингэснээр эцэг өвгөдөд маань Таны өгсөн энэ газарт амьдрах бүх хугацаандаа тэд Танаас эмээх болой. 41Түүнчлэн Таны ард түмэн Израилийнх биш боловч Таны нэрийн төлөө хол газраас ирсэн гаднын хүний хувьд ч, 42(Учир нь тэд Таны агуу нэр, Таны хүчит гар, Таны сунгасан мутрын талаар сонсох билээ.) тэр ирж энэ өргөөнд хандан залбирах аваас 43Та тэнгэр дэх Өөрийн залрах газраас сонсож, тэр гаднын хүнээс Таныг дуудсан бүхний дагуу үйлдэж болгооно уу. Энэ нь газар дэлхийд орших бүх ард түмэн Таны нэрийг мэдэж, Таны ард түмэн Израилийн адил Танаас эмээн миний барьсан энэ өргөө Таны нэрээр дуудагдсан гэдгийг мэдэж байхын тулд юм. 44Таны ард түмэн дайсантай тулалдахаар явах үед, Та тэднийг ямар ч замаар илгээсэн тэд Таны сонгож авсан хот болон Таны нэрд зориулж миний босгосон өргөө тийш хандан ЭЗЭНд залбирах үед, 45Та тэдний залбирал гуйлтыг тэнгэртээ сонсож, тэдэнд шийдлийг гаргаж соёрхоно уу. 46Тэд Таны эсрэг нүгэл үйлдсэнээр (Нүгэл хийдэггүй хүн гэж үгүй.) Та хилэгнэн, тэднийг дайсанд өгч, дайсан нь тэднийг хол ч бай, ойр ч бай нутагтаа олзлон аваачихад, 47хэрэв тэд олзлогдон очсон газартаа сэтгэл зүрх нь эргэн “Бид нүгэл үйлдлээ, буруутлаа, бузрыг үйлдлээ” хэмээн гэмшиж, олзлогдон очсон газартаа тааллыг тань гуйх аваас 48мөн өөрсдийг нь олзолсон дайснуудын нутагт тэд Тан уруу бүх зүрх, бүх сэтгэлээрээ эргэж, эцэг өвгөдөд нь Таны өгсөн газар ба Таны сонгосон хот, Таны нэрд зориулж миний барьсан энэ өргөө тийш Танд хандан залбирах аваас 49Та тэнгэр дэх Өөрийн орших газраасаа тэдний залбирал ба гуйлтыг сонсон, тэдэнд шийдэл хариуг өгөөч. 50Таны эсрэг нүгэл үйлдсэн ард түмнээ болон тэдний үйлдсэн бүх гэмт үйлдлийг уучлан өршөөж, тэднийг олзлон авсан хүмүүс тэднийг энэрэх болтол тэр хүмүүсээр дамжуулж тэднийг нигүүлсээрэй. 51Учир нь тэд Таны ард түмэн бөгөөд Египетээс буюу төмөр хайлуулдаг зуухан дотроос Таны гаргаж авсан өв тань билээ. 52Ингэснээрээ Таныг дуудах бүрд нь Та сонсож байхын тулд Өөрийн зарц ба Өөрийн ард түмэн Израилийн гуйлт бүхэнд мэлмийгээ нээлттэй байлгаач. 53Эзэн БУРХАН минь ээ, Та эцэг өвгөдийг маань Египетээс гаргахдаа Өөрийн зарц Мосегоор дамжуулан айлдсанчлан тэднийг Өөрийн өв болгон дэлхийн бүх ард түмнээс тусгаарласан шүү дээ гэж залбирав.
Соломон Израилийг ерөөв
54Соломон уг залбирал ба гуйлтыг ЭЗЭНд залбирч дууссаныхаа дараа ЭЗЭНий тахилын ширээний өмнөөс, өвдөг дээрээсээ гараа тэнгэр өөд дэлгэн босов. 55Тэр босон зогсоод, Израилийн бүх чуулганыг өндөр дуугаар ерөөн
— 56Амласан ёсоороо Өөрийн ард түмэн Израильд амар тайвныг өгсөн ЭЗЭН магтагдах болтугай. Өөрийн зарц Мосегоор дамжуулан Түүний ярьсан бүх зөв сайн амлалтаас нэг ч үг биелэлгүй орхигдсонгүй.#Дх 12:10; Иош 21:44–45 57Бидний Бурхан ЭЗЭН эцэг өвгөдтэй минь хамт байсан шиг бидэнтэй ч хамт байх болтугай. Тэр биднийг эс орхиж, үл умартах болтугай. 58Ингэснээр Өөрийн бүх замаараа алхуулан, эцэг өвгөдөд минь тушаасан Өөрийн тогтоол, зарлиг, тушаалуудыг сахиулан мөрдүүлэхийн тулд бидний зүрхийг Тэр Өөртөө хандуулах болтугай. 59ЭЗЭНий өмнө энэрэл хайрыг гуйсан миний эдгээр үгс өдөр шөнөгүй бидний Бурхан ЭЗЭНд ойр байх болтугай. Ингэснээр Тэр Өөрийн зарц бөгөөд Өөрийн ард түмэн Израильд өдрөөс өдөрт шийдлийг өгөх болтугай. 60Ингэснээр өөр хэн ч биш, ЭЗЭН л Бурхан гэдгийг дэлхийн бүх ард түмэн мэдэх болтугай. 61Тиймээс өнөөдрийнх шиг ЭЗЭН Бурханыхаа тушаалуудыг сахин, Түүний тогтоолууд дотор явахын тулд та нарын зүрх Түүнд бүрэн зориулагдах болтугай гэж хэлэв.
Соломон тахил өргөв
(2Шс 7:4–10)
62Тэгээд хаан ба түүнтэй хамт байсан бүх Израиль, ЭЗЭНий өмнө тахил өргөв. 63Соломон, ЭЗЭНд өргөсөн эвийн тахилд хорин хоёр мянган үхэр, зуун хорин мянган хонь өргөв. Ингэж хаан болоод Израилийн бүх ард түмэн ЭЗЭНий өргөөний нээлтийг ёслов. 64Тэр өдөр ЭЗЭНий өргөөний өмнө байх хашааны төвийг хаан ариусгав. Учир нь тэрээр шатаалт тахил, идээн өргөл ба эвийн тахилын өөхийг тэнд өргөсөн бөгөөд ЭЗЭНий өмнөх хүрэл тахилын ширээ нь шатаалт тахил, идээн өргөл ба эвийн тахилуудын өөхийг багтаахааргүй дэндүү жижиг байсан юм. 65Тэр үед Соломон болон түүнтэй хамт байсан, Лебо-Хаматын сайраас Египетийн гол хүртэлх үлэмжийн их чуулган буюу хамаг Израиль ЭЗЭНий өмнө долоо хоног#8:65 Еврейд нь бас дахин долоо хоног буюу нийт арван дөрвөн хоног баяр наадам хийв. 66Найм дахь өдөр Соломон ард түмнийг буцаан явуулахад тэд хааныг ерөөв. Өөрийн зарц Давид хийгээд Өөрийн ард түмэн Израильд ЭЗЭНий үзүүлсэн бүхий л сайн сайханд баярласан, хөгжилтэй хүмүүс майхнуудадаа харьцгаалаа.
Одоогоор Сонгогдсон:
1Хаад 8: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.