1Хаад 9
9
ЭЗЭН дахин Соломонд үзэгдэв
(2Шс 7:11–22)
1ЭЗЭНий өргөө, хааны өргөө болон хийе хэмээн санасан бүхнээ Соломон босгон барьж гүйцээсэнд, 2ЭЗЭН Гибеон ууланд үзэгдсэн шигээ хоёр дахь удаагаа Соломонд үзэгдэв.#1Ха 3:5; 2Шс 1:7 3ЭЗЭН түүнд
—Миний өмнө гуйсан чиний залбирал ба гуйлтыг Би сонслоо. Би Өөрийн нэрийг энд үүрд мөнхөд гаргахаар, чиний барьсан энэ өргөөг ариусган тусгаарлалаа. Миний мэлмий, Миний зүрх сэтгэл үргэлж энэ газарт байх болно. 4Чиний хувьд, хэрэв чи Миний өмнө эцэг Давид шигээ гэмгүй сэтгэл, зөвт байдлаар явж, Миний чамд тушаасны дагуу үйлдэн Миний зарлиг журам, Миний шүүлтүүдийг сахивал 5Би чиний эцэг Давидад амлан, “Израилийн сэнтийд залрах хүн чамд дутахгүй” гэж айлдсан ёсоороо Израилийг захирах сэнтийг чинь Би мөнхөд бэхжүүлж өгнө.#1Ха 2:4 6Хэрэв чи болон хөвгүүд чинь харин Намайг дагахаас татгалзан эргэж, чиний өмнө тавьсан Миний тушаал, журмуудыг сахихгүй, явж өөр бурхдад үйлчилж мөргөвөл 7Би өгсөн газар нутгаасаа Израилийг таслан хаяж, Өөрийн нэр алдарт ариусган тусгаарласан өргөөг мэлмийнээсээ зайлуулна. Ийнхүү Израиль бүх ард түмний дунд ёгт үг, тоглоом тохуу болно. 8Энэ өргөө ч овоолсон нуранги болж, хажуугаар нь өнгөрөх хүн бүр гайхан шогшрох болно. Тэгээд “ЭЗЭН юунд энэ газар нутаг, энэ өргөөг ийм болгож орхисон юм бол доо?” гэж хэлэх болно.#2Ха 25:9; 2Шс 36:19 9Тэгэхэд хүмүүс “Эцэг өвгөдийг нь Египет газраас дагуулан гаргасан Бурхан ЭЗЭНээ Израилийн ард түмэн орхин хаяж, өөр бурхдыг түшин тэдэнд мөргөж, үйлчилснээс болж ЭЗЭН энэ бүх гай гамшгийг тэдэн дээр буулгасан юм” гэж хэлэх болно хэмээн айлдав.
10Соломон, ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний хоёр барилгыг барьсан хорин жилийн төгсгөлд 11Тирийн Хирам хаан Соломоны хүссэн ёсоор хуш ба майлс модон дүнз, алт зэргийг түүнд нийлүүлж байсан тул Соломон хаан Хирамд Галилын нутагт хорин хот өгчээ. 12Соломоны өөрт нь өгсөн хотуудыг үзэж сонирхохоор Хирам Тирээс морджээ. Тэр хотууд сэтгэлд нь нийцсэнгүй. 13Тэрээр
—Миний дүү, чиний надад өгсөн хотууд яасан ч горьгүй юм бэ дээ гэв. Тэр тэдгээрийг Кабулын газар#9:13 Кабул: евр. “ке-бал” буюу хэрэггүй, онцгүй гэсэн шиг утгатай. гэж нэрлэсэн нь өнөөг хүртэл хэвээрээ ажээ. 14Соломон хаанд Хирам зуун хорин талант алт илгээсэн байжээ.
Соломоны бусад үйлс
(2Шс 8:3–18)
15ЭЗЭНий өргөө, өөрийн гэр, Милло, Иерусалимын хэрэм, Хазор, Мегиддо, Гезер зэргийг сэргээн байгуулахад Соломоны дайчлан ажиллуулж байсан албадлагын ажлын тухай өгүүлье. 16Египетийн хаан Фараон өгсөж яван Гезерийг эзэлж аваад галдан шатааж, уг хотод амьдарч байсан канаанчуудыг хүйс тэмтрэн уг хотыг Соломоны эхнэр болсон охиндоо хуримын инж болгон өгсөн ажээ. 17Соломон Гезер болон доод Бет-хороныг сэргээн босгож 18мөн Баалат, Иуда газрын элсэн цөл дэх Тамарыг 19мөн өөрт нь харьяалагддаг бүх нөөц хангамжийн хотууд, тэрэгт цэргүүд ба морин цэргүүдэд хуваарилан өгсөн хотуудыг байгуулжээ. Соломон Иерусалимд ч, Ливанд ч, өөрийн эзэмшлийн нутаг даяар бий болгоно гэж санасан бүгдээ байгууллаа. 20Израилийн бус ард түмнүүд болох аморичууд, хитчүүд, перизчүүд, хивичүүд, иебусчуудаас үлдсэн бүх ард олны хувьд, 21Израилийн хөвгүүд тэднийг бүрэн устгаж чадаагүй тул тэдний үр сад тэр нутагт үлдсэн байжээ. Соломон тэднийг боол болгон энэ өдрийг хүртэл албадлагаар зарцалсаар ирсэн юм. 22Харин Соломон, Израильчуудаас боол болгоогүй юм. Тэдгээр нь дайчид, түүний түшмэд, жанжингууд, тэрэгт цэрэг ба морин цэргийн дарга нар байв. 23Энэ хүмүүс Соломоны барилгын ажлыг хариуцсан бөгөөд ажил гүйцэтгэж буй хүмүүсийг хянадаг таван зуун тавин захирагч байдаг байв. 24Фараоны охин Давидын хотоос Соломоны түүнд барьж өгсөн гэрт ирмэгц Соломон Миллог барьжээ. 25Соломон ЭЗЭНд зориулан зассан тахилын ширээнд жилд гурван удаа шатаалт тахил, эвийн тахил тахиж бас ЭЗЭНий өмнө байрлах уг ширээн дээр утлага өргөдөг байлаа. Ингээд тэр өргөөг дуусгалаа.#Гэт 23:17, 34:23; Дх 16:16
Соломоны худалдааны үйл хэрэг
26Соломон хаан бас Едом нутагт Улаан тэнгисийн эргийн Елотын ойролцоо байдаг Езион-геберт хөлөг онгоцнуудыг хийв. 27Хирам өөрийн зарц нарыг хөлөг онгоц ба далайг сайн мэддэг далайчдын хамт, Соломоны зарц нартай цуг явуулжээ. 28Тэд Офирт очоод, тэндээс дөрвөн зуун хорин талант алт авч Соломон хаанд авчирсан юм.
Одоогоор Сонгогдсон:
1Хаад 9: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.