1Хаад 17
17
Елиа ган болохыг зөгнөв
1Гилеадад түр суугчдын нэг тишбе хүн Елиа, Ахабт
—Миний хүндэтгэдэг, Израилийн Бурхан ЭЗЭН амьд!#17:1 Эзэн амьд! Тухайн зүйлийг баттай хэмээн андгайлсан хэвшмэл хэллэг. Намайг тушаахаас нааш энд хэдэн жилийн турш бороо ч бүү орог, шүүдэр ч бүү бууг гэв.#Иак 5:17 2ЭЗЭНий үг Елиад ирж
— 3Эндээс явж, зүүн зүг уруу эргэгтүн. Иордан голын зүүн талд орших Херит горхины хөвөөнд нуугдан амьдар. 4Горхины уснаас уу. Би хэрээнүүдэд чамайг тэнд тэжээхийг тушаав гэж айлдлаа. 5Елиа явж, ЭЗЭНий үгийн дагуу үйлдлээ. Тэрээр яваад, Иорданы зүүн талд байх Херит горхины хөвөөнд амьдрав. 6Хэрээнүүд түүнд өглөө, орой болгон талх, мах авчирдаг байсан бөгөөд тэрээр горхины уснаас ундаалдаг байв. 7Тэр нутагт бороо ороогүйгээс болж удалгүй өнөөх горхи хатаж ширгэжээ.
Зарефатын нэгэн бэлэвсэн эхнэр
8Тэгэхэд ЭЗЭНий үг түүнд ирж
— 9Босож, Сидонд харьяалагддаг Зарефат уруу явж, тэндээ бай. Тэнд чамайг тэжээхийг нэгэн бэлэвсэн эмэгтэйд Би тушаасан гэв.#Лк 4:25–26 10Елиа даруй босон Зарефат уруу явлаа. Тэрээр хотын үүд хүрээд хартал нэгэн бэлэвсэн эмэгтэй мод түүж байв. Елиа тэр эмэгтэйг дуудаад
—Надад уух ус вааранд хийж авчирч өгөөч гэж гуйв. 11Тэр эмэгтэй ус авчрахаар явах гэж байхад Елиа түүнийг дуудан
—Надад зүсэм талх авчирч өгөөч гэж хэлэв. 12Харин тэр эмэгтэй хариуд нь
—Таны Бурхан ЭЗЭН амьд! Надад саван дахь атгахан гурил, домбон дахь жаахан тосноос өөр юу ч үгүй. Харагтун, би гэртээ харьж, өөртөө болон хүүдээ хоол хийхээр одоо түлээ түүж байна. Дараа нь бид үхэх байх даа гэв. 13Тэгэхэд Елиа эмэгтэйд
—Бүү ай. Явж, хэлснээрээ л хий. Харин байгаа юмнаасаа эхлээд надад жижигхэн бин хийгээд над уруу авч ир. Үүний дараа өөртөө болон хүүдээ идэх юм хийгтүн. 14Учир нь “ЭЗЭН энэ газрын гадаргад дахин бороо буулгаж өгөх өдрийг хүртэл саван дахь гурил ч дуусахгүй, тостой домбо ч хоосрохгүй” гэж Израилийн Бурхан ЭЗЭН айлдсан юм гэв. 15Тэр эмэгтэй явж, Елиагийн үгээр үйлдсэн бөгөөд тэр эмэгтэй, Елиа болон эмэгтэйн гэрийнхэн олон өдрийн туршид хоол ундтай байв. 16Елиагаар дамжин ЭЗЭНий айлдсанчлан саван дахь гурил ч, мөн домбон доторх тос ч дууссангүй.
Елиа бэлэвсэн эхнэрийн хүүг амилуулав
17Ийн байтал гэрийн эзэгтэйн хүү өвджээ. Түүний өвчин хүндэрсээр эцэстээ хүү амьсгал хураав. 18Тэр эмэгтэй Елиад
—Бурханы хүн ээ, танд намайг буруутгах юм юу байна? Та хилэнцийг минь сануулж, хүүг минь үхэлд хүргэх гэж ирээ юү? гэв. 19Елиа түүнд
—Надад хүүгээ өгөөч гэв. Тэрээр эмэгтэйн тэврээс хүүг нь аваад, өөрийн амьдарч байсан дээд давхрын өрөөнд үүрэн авчирч орон дээрээ хэвтүүлжээ. 20Тэрээр ЭЗЭНийг дуудан
—Миний Бурхан ЭЗЭН, миний буудаллан байгаа энэ гэрийн бэлэвсэн эмэгтэйн хөвгүүнийг үхэлд хүргэж Та түүнд гай авчираа юу? гэж хашхирав. 21Тэгээд тэрээр хөвгүүний дээрээс гурвантаа алдлан хэвтээд, ЭЗЭНийг дуудан
—Миний Бурхан ЭЗЭН, энэ хөвгүүний амийг буцаан өгөөч гэж би Танаас гуйж байна гэв.#2Ха 4:34–35 22ЭЗЭН, Елиагийн дууг сонсож, хөвгүүний амь буцан ирж тэр амилжээ. 23Елиа, хүүг аваад, дээд өрөөнөөс буулган гэрт нь оруулж эхэд нь өгөв. Елиа
—Хараач, хөвгүүн чинь амьд байна гэлээ. 24Тэгэхэд эмэгтэй Елиад
—Одоо л би таныг Бурханы хүн гэдгийг мэдэж, таны аманд буй ЭЗЭНий үг үнэн болохыг ойлголоо гэж хэлжээ.
Одоогоор Сонгогдсон:
1Хаад 17: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.