1Хаад 16

16
1Баашагийн эсрэг ЭЗЭНий үг Хананигийн хүү Иехүд ирж 2“Би чамайг тоос шорооноос татан босгож, Өөрийн ард түмэн Израилийн удирдагчаар тавьсан билээ. Гэтэл чи Иеробоамын замаар замнан Миний ард түмэн Израилиар нүгэл үйлдүүлж, тэдний нүглээр Намайг хилэгнэхэд хүргэлээ. 3Үзэгтүн, Би Бааша болон гэрийнхнийг нь арчин хаяж, чиний гэрийг Небатын хүү Иеробоамын гэр шиг болгоно. 4Баашагийнхнаас хотод үхсэн нэгнийх нь цогцсыг ноход идэж, талд үхсэн нэгнийг нь огторгуйн шувууд тоншин идэх болно” гэлээ. 5Баашагийн бусад үйл хэрэг, түүний хийсэн бүхэн нь болон хүч чадал нь Израилийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 6Бааша эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, Тирзад тавигджээ. Түүний хүү Ела нь түүний орыг залгамжлан хаан болов. 7Бааша ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэж, Иеробоамын гэр шиг түүний гарынх нь үйлс ЭЗЭНийг хилэгнүүлж мөн түүгээр барахгүй Иеробоамын гэрийг тэрээр устгасан тул Хананигийн хүү эш үзүүлэгч Иехүгээр дамжин ирсэн, ЭЗЭНий үг Бааша болон түүний гэр бүлийн эсрэг байв.
Израилийг Ела хаанчлав
8Иудагийн хаан Асагийн хорин зургадугаар онд Баашагийн хүү Ела Тирзад Израилийн хаан болж, хоёр жилийн турш хаанчилжээ. 9Түүний түшмэл, тэрэгт цэргийнх нь хагасыг захирдаг жанжин Зимри түүний эсрэг хуйвалдаан гаргах үед тэрээр Тирза дахь хааны гэрийг хариуцсан Арзагийн гэрт согттолоо уусан байв. 10Тэгэхэд Зимри орж ирэн Иудагийн хаан Асагийн хорин долдугаар онд Елагийн амийг хороож, Елагийн оронд Израилийн хаан боллоо. 11Зимри хаан болж, сэнтийд залрангуутаа Баашагийн ургийн бүх хүнийг хүйс тэмтрэв. Төрөл төрөгсөд, найз нөхдөөс нь ямар ч эр хүйстнийг үлдээгээгүй ажээ. 12Иехү эш үзүүлэгчээр дамжуулан Баашагийн эсрэг айлдсан ЭЗЭНий үгийн дагуу Зимри, Баашагийн ургийнхныг бүгдийг нь ийнхүү устгажээ. 13Учир нь Бааша, түүний хүү Ела нар өөрсдөө нүгэл үйлдэж бас Израилиар нүгэл үйлдүүлэн өөрсдийн хуурамч шүтээнүүдээр Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэсэн юм. 14Елагийн бусад үйл хэрэг, түүний хийсэн бүхэн нь Израилийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?
Израилийг Зимри хаанчлав
15Иудагийн Аса хааны хорин долдугаар онд Зимри, Тирзад долоо хоног хаанчлав. Тэр үед Филистэд харьяалагддаг Гиббетоны эсрэг ард олон хуарагнан буусан байлаа. 16Зимри хуйвалдаан зохиож, хааныг хороосныг хуарагнан буй хүмүүс сонсжээ. Тийм учраас бүх Израиль өөрсдийн цэргийн жанжин Омрийг Израилийн хаан гэж тэр өдөр хуарандаа өргөмжлөв. 17Тэгээд Омри бүх Израилийн хамт Гиббетоноос ирээд, Тирзаг бүслэв. 18Хот эзлэгдсэнийг мэдмэгц Зимри, хааны өргөөнд орж, хааны өргөөг галдан шатааж, өөрөө ч үхэв. 19Энэ нь Зимри ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэн Иеробоамын замаар явснаараа өөрөө ч нүгэл үйлдэж, Израилиар ч нүгэл үйлдүүлснээс болсон юм. 20Зимрийн бусад үйл хэрэг, түүний хийсэн хуйвалдаан Израилийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?
Израилийг Омри хаанчлав
21Дараа нь Израилийн ард түмэн хоёр хэсэгт хуваагдаж, ард түмний нэг хагас нь Гинатын хүү Тибнийг хаан болгохоор дагалдан нөгөө хагас нь Омрийг дагалаа. 22Гэвч Омрийг дагасан ард түмэн Гинатын хүү Тибнийг дагасан хүмүүсээс илүү хүчирхэг болж, Тибни хороогдон Омри хаан болов. 23Иудагийн хаан Асагийн гучин нэгдүгээр онд Омри Израилийн хаан болж, арван хоёр жилийн турш хаанчилжээ. Тэрээр зургаан жил Тирзад хаанчилж байсан юм.
Шинэ нийслэл Самари
24Тэрээр хоёр мөнгөн талантаар Самарийн толгодыг Шемерээс худалдаж авав. Тэгээд тэрхүү толгодын дээр хот байгуулж, барьсан хотдоо толгодын эзэн Шемерийн нэрээр Самари гэдэг нэр өгчээ. 25Омри ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг хийсэн бөгөөд түүнээс өмнө байсан бүхнээс илүү муу муухайг тэр үйлджээ. 26Учир нь тэр Небатын хүү Иеробоамын явсан зам бүрээр замнаж, Израилиар нүгэл үйлдүүлэн өөрсдийн хуурамч шүтээнүүдээр Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнүүлсэн юм. 27Омрийн хийсэн бусад үйл хэрэг болон түүний үзүүлсэн хүчит үйлс Израилийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 28Омри эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, Самарид тавигдав. Түүний хүү Ахаб оронд нь хаан болов.
Израилийг Ахаб хаанчлав
29Иудагийн хаан Асагийн гучин наймдугаар онд Омрийн хүү Ахаб Израилийн хаан болж, Самарид суун Израилийг хорин хоёр жилийн турш захирав. 30Омрийн хүү Ахаб өмнөх байсан бүгдээс ч илүүгээр ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэв.
Ахаб, Иезебелтэй гэрлэж Баалд мөргөв
31Небатын хүү Иеробоамын гэмээр явах нь түүний хувьд жирийн л зүйл байсан учир тэрээр сидончуудын хаан Етбаалын охин Иезебелтэй гэрлэж, Баалд үйлчилж, мөргөдөг болжээ. 32Тэрээр Самарид босгосон Баалын өргөөнд Баалд зориулан тахилын ширээ босгожээ. 33Ахаб бас Ашераг бүтээв. Ингэснээрээ Ахаб өөрийн өмнөх Израилийн бүх хаадаас ч илүүгээр Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнүүлэх зүйл хийв. 34Ахабын үед бетел хүн Хиел Иерихог босгон барьжээ. Нуны хүү Иошуагаар дамжуулан хэлсэн ЭЗЭНий үгийн дагуу Хиел хотын суурийг тавихдаа өөрийн ууган хүү Абирамыг алдсан бөгөөд хотын дааман хаалгыг босгохдоо отгон хүү Сегубыг алдсан ажээ.#Иош 6:26

Одоогоор Сонгогдсон:

1Хаад 16: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү