Лук 20
20
Есүсийн эрх мэдлийг асуув
(Мт 21:23–27; Мк 11:27–33)
1Тэрхүү өдрүүдийн нэгэнд Есүс сүм дотор хүмүүст сургаалаа зааж сайнмэдээ дэлгэрүүлж байхад нь ахлах тахилч нар, хуулийн багш нар ахлагчдын хамт Түүн дээр ирж, 2Түүнд
—Та ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэж байгаагаа бидэнд хэл. Хэн Танд энэ эрх мэдлийг өгөв? гэсэнд 3Тэр хариуд нь
—Би мөн та нараас нэг зүйл асууя. Надад хэл. 4Иоханы баптисм тэнгэрээс үү, эсвэл хүмүүсээс үү? гэв. 5Тэд өөр хоорондоо хэлэлцэн
—Хэрэв бид “Тэнгэрээс” гэчихвэл, Тэр “Тэгвэл та нар яагаад түүнд итгээгүй юм бэ?” гэнэ. 6Харин бид “Хүмүүсээс” гэвэл, ард олон бүгд Иоханыг эш үзүүлэгч байсан гэж үздэг тул биднийг чулуугаар шиднэ шүү дээ гээд, 7тэд
—Хаанаас ирснийг нь мэдэхгүй гэв. 8Тэгэхэд нь Есүс
—Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлддэгээ та нарт хэлэхгүй гэжээ.
Сургаалт зүйрлэл: Зохисгүй түрээслэгчид
(Мт 21:33–46; Мк 12:1–12)
9Есүс олон түмэнд ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдсан нь
—Нэгэн хүн усан үзмийн талбай байгуулж, усан үзмийн тариаланчдад түрээслээд, удаан хугацаагаар явав гэнэ.#Иса 5:1 10Ургац хураах цаг болоход тэр усан үзэм авчруулахаар тариаланчид уруу боолоо явуулжээ. Гэтэл тариаланчид түүнийг зодоод, хоосон буцаав. 11Тэр өөр боолоо явуулсанд тэд бас л түүнийг зодож доромжлоод, хоосон буцаажээ. 12Тэр гурав дахийг нь явуулахад тэд боолыг нь зодож шархдуулаад хөөн явуулжээ. 13Тэгээд усан үзмийн талбайн эзэн “Би яах вэ? Би өөрийн хайртай хүүг явуулъя. Тэд түүнийг минь хүндлэх байх” гэв. 14Харин тариаланчид хүүг хараад, “Энэ чинь өв залгамжлагч нь байна. Түүнийг алчихвал өв хөрөнгө нь биднийх болно шүү дээ” гэж өөр хоорондоо эргэцүүлэн ярилцаад, 15тэд түүнийг усан үзмийн талбайгаас гарган хаяж, түүнийг алжээ. Тэгвэл усан үзмийн талбайн эзэн тэднийг яах вэ? 16Тэр ирж, тариаланчдыг хөнөөгөөд, усан үзмийн талбайгаа өөр хүмүүст өгөх болно гэжээ. Үүнийг сонссон хүмүүс
—Тийм юм хэзээ ч бүү болог гэцгээхэд 17Есүс тэднийг хараад
—Тэгвэл
“Барилгачдын голсон чулуу
Булангийн чулуу болов”
гэж бичигдсэн нь ямар учиртай вэ?#Дуу 118:22 18Тэр чулуун дээр унах хүн бүр бутрах бөгөөд хэний дээр энэ чулуу унана, тэр няцарна гэж айлдав. 19Тэр цагт Есүс өөрсдийнх нь тухай сургаалт зүйрлэл айлдсаныг ойлгосон хуулийн багш нар хийгээд ахлах тахилч нар Түүнд гар хүрэхийг санаархсан ч ард олноос айв.
Татвар төлөх тухайд
(Мт 22:15–22; Мк 12:13–17)
20Тэд Түүнийг ажиглан, Түүнийг үгэн дээр нь урхидан барьж, захирагчийн эрх мэдэлд тушаах зорилготой, зөвт мэт дүр эсгэгч туршуулуудыг Түүн уруу явуулав. 21Тэд Түүнээс
—Багш аа, Таныг зөв ярьж сургадаг агаад хэнийг ч үл ялгаварлан, харин Бурханы замыг үнэнээр заадгийг чинь бид мэднэ. 22Цезарьт албан татвар төлөх нь бидний хувьд хуульд нийцэх үү, үгүй юу? гэж асуув. 23Гэвч Тэр тэдний заль мэхийг мэдэж, тэдэнд
— 24Надад денар үзүүл. Хэний дүрс, бичээс энд байна? гэхэд тэд
—Цезарийнх гэлээ. 25Есүс тэдэнд
—Цезарийн юмыг Цезарьт нь, Бурханы юмыг Бурханд өг гэж айлдав. 26Ийнхүү тэд Түүнийг ард олны өмнө айлдсан үгэн дээр нь барьж чадсангүй. Харин ч Түүний хариултад гайхацгаан дуугүй болов.
Амиллын тухайд
(Мт 22:23–33; Мк 12:18–27)
27(Амилал гэж байхгүй хэмээн ярьдаг) садукайчуудын зарим нь Түүн дээр ирж#Үйл 23:8 28асуун
—Багш аа, Мосе “Хэрэв хэн нэгний чинь ах нас барж, эхнэр нь үр хүүхэдгүй үлдвэл дүү нь эхнэртэй нь гэрлэж ахынхаа үр удмыг залгуулах ёстой”#Дх 25:5 гэж бидэнд бичсэн. 29Ах дүү долоо байсан юм. Ууган нь эхнэр авч, үр хүүхэдгүй үхсэн. 30Хоёр дахь нь, 31гурав дахь нь ч мөн түүнийг авчээ. Ингэсээр ах дүү долуулаа үр хүүхэдгүй үхжээ. 32Эцэст нь мөнөөх эмэгтэй ч мөн үхэв. 33Иймд амилалд тэр эмэгтэй хэнийх нь эхнэр болох вэ? Учир нь тэр долоо бүгдээрээ түүнтэй гэрлэсэн шүү дээ гэхэд 34Есүс тэдэнд
—Энэ үеийн хөвгүүд гэрлэдэг бас гэрлүүлдэг. 35Харин тэрхүү үе хийгээд үхэгсдээс амилалд хүрэх зохистой гэж тооцогдсон хүмүүс гэрлэхгүй бас гэрлүүлэхгүй. 36Тэд тэнгэрэлч нартай адил тул цаашид үхэх боломжгүй бөгөөд амиллын хөвгүүд тул Бурханы хөвгүүд юм. 37Харин Мосе шатаж буй бутны тухай хүүрнэлдээ Эзэнийг Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан#Гэт 3:6 гэснээрээ үхэгсэд амилахыг харуулсан юм. 38Тиймээс Тэр үхэгсдийн бус, харин амьдын Бурхан мөн. Түүний хувьд бүгд амьд байдаг гэж айлдав. 39Хуулийн багш нарын зарим нь
—Багш аа, Та сайхан хэллээ гэв. 40Тэд Түүнээс юуны ч тухай дахин асууж зүрхэлсэнгүй.
Давидын хүүгийн тухайд
(Мт 22:41–46; Мк 12:5–37)
41Тэр тэдэнд
—Христ бол Давидын хүү гэж тэд яагаад ярина вэ? 42Давид өөрөө Дуулал номд#Дуу 110:1
“ЭЗЭН миний Эзэнд
«Баруун талд минь залрагтун.
43Би дайснуудыг чинь
Чиний хөлийн гишгүүр
болгох хүртэл залрагтун» гэж айлдав”
гэсэн. 44Давид Түүнийг “Эзэн” хэмээн дууддаг бол, Тэр яаж түүний хүү байх билээ? гэв.
Хуулийн багш нарыг буруушаав
(Мт 23:1–36; Мк 12:38–40)
45Ард олныг бүгдээр ийн сонсож байх зуурт Тэр шавь нартаа
— 46Хуулийн багш нараас сэрэмжлэгтүн. Тэд урт дээлтэй явж, гудамж зээл дээр хүндлүүлэн мэндлүүлэх дуртай. Мөн тэд синагогуудад тэргүүн суудалд, найран дээр хойморт залрах дуртай бөгөөд 47бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэр орныг цөлмөж, удаан залбирч буй дүр үзүүлдэг. Эдгээр нь үлэмжийн ял хүртэнэ гэв.
നിലവിൽ തിരഞ്ഞെടുത്തിരിക്കുന്നു:
Лук 20: АБ2013
ഹൈലൈറ്റ് ചെയ്യുക
പങ്ക് വെക്കു
പകർത്തുക
നിങ്ങളുടെ എല്ലാ ഉപകരണങ്ങളിലും ഹൈലൈറ്റുകൾ സംരക്ഷിക്കാൻ ആഗ്രഹിക്കുന്നുണ്ടോ? സൈൻ അപ്പ് ചെയ്യുക അല്ലെങ്കിൽ സൈൻ ഇൻ ചെയ്യുക
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.