Иохан 4

4
Есүс самари эмэгтэй хоёр
1Иоханаас илүү олон хүнийг Есүс шавь болгон, баптисм хүртээж байна гэж фарисайчуудын сонссоныг Эзэн мэдээд, 2(хэдийгээр Есүс Өөрөө биш, харин шавь нар нь баптисм хүртээж байсан боловч) 3Иудейг орхин дахин Галил явжээ. 4Есүс Самариар дайрч явах хэрэгтэй болов. 5Ингээд Тэр Самарийн Сухар гэдэг хотод ирлээ. Энэ нь хүү Иосефтоо Иаковын өгсөн газрын ойролцоо байв.#Эх 33:19; Иош 24:32 6Иаковын худаг тэнд байжээ. Аянд зүдэж цуцсан Есүс худгийн дэргэд сууж байлаа. Энэ нь зургадугаар цагийн орчим байв. 7Самарийн нэгэн эмэгтэй ус татахаар тэнд ирэхэд Есүс түүнээс
—Надад уух юм өгөөч гэв. 8Энэ үед шавь нар нь хүнс худалдан авахаар хот явсан байлаа. 9Өнөөх самари эмэгтэй
—Та иудей хүн байж самари эмэгтэй надаас яагаад уух юм гуйна вэ? гэв. (Учир нь иудейчүүд самаричуудтай харьцдаггүй байжээ.)#4:9 эсвэл самаричуудын хувин савыг хэрэглэдэггүй 10Есүс түүнд хариулан
—Хэрэв чи Бурханы бэлгийг болон “Надад уух юм өгөөч” гэж байгаа нь хэн болохыг мэдсэнсэн бол чи Түүнээс гуйхад Тэр чамд амийн усыг өгөх байсан гэж айлдсанд 11тэр Түүнд
—Эзэн, энэ худаг гүн, Танд утгах юм юу ч алга. Гэтэл Та амийн усыг хаанаас авах юм бэ? 12Энэ худгийг бидэнд өгсөн Иаков өвгөөс маань Та агуу гэж үү? Тэр өөрөө, түүний хөвгүүд, мал сүрэг нь ч эндээс л ундаалсан гэв. 13Есүс
—Энэ уснаас уух хүн бүр дахин цангана. 14Харин Миний өгөх уснаас уух хэн ч хэзээ ч цангахгүй. Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь өөд оргилох булгийн ус болно гэхэд 15эмэгтэй Түүнд
—Эзэн, тэр усаа надад өгөөч. Тэгвэл би цангахгүй. Ус утгахаар энд ирэхгүй болно гэв. 16Есүс
—Явж, нөхрөө дуудаад энд ир гэж айлдав. 17Эмэгтэй
—Би нөхөргүй гэсэнд Есүс
—“Би нөхөргүй” гэж чи зөв хэлэв. 18Чи таван нөхөртэй байсан бөгөөд одоо чамтай байгаа хүн ч нөхөр чинь биш тул чи үнэнээр хэлэв гэв. 19Эмэгтэй
—Эзэн, би Таныг эш үзүүлэгч болохыг харлаа. 20Өвөг дээдэс маань энэ уулан дээр мөргөдөг байсан. Харин та нар мөргөх ёстой газар Иерусалимд байна гэцгээдэг шүү дээ гэв. 21Есүс
—Эмэгтэй, Надад итгэ. Та нар энэ уулан дээр ч биш, Иерусалимд ч биш, Эцэгт л мөргөх цаг ирж байна. 22Та нар мэдэхгүй юманд мөргөдөг бол бид мэддэг юмандаа мөргөдөг. Тиймээс ч аврал иудейчүүдээс гарна. 23Харин үнэн мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээр Эцэгт минь мөргөх цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихээд байна. Эцэг Өөрт нь ийнхүү мөргөгчдийг эрж байна. 24Бурхан бол сүнс, Түүнд мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээр мөргөх ёстой гэж айлдлаа. 25Тэр эмэгтэй Есүст
—Христ гэгч Мессиа ирэхийг би мэднэ. Тэр ирэхдээ бүх зүйлийг бидэнд мэдүүлнэ гэв. 26Есүс түүнд
—Тэр чинь чамтай ярьж буй Би байгаа юм гэж айлдав. 27Энэ зуур шавь нар нь ирээд, Түүнийг нэгэн эмэгтэйтэй ярилцаж байгаад нь гайхсан боловч хэн нь ч
—Та юу хайна вэ? эсвэл
—Та түүнтэй юунд ярилцана вэ? гэж хэлсэнгүй. 28Тэгтэл эмэгтэй усны саваа орхин хот уруу эргэн явж, хүмүүст
29Үйлдсэн бүхнийг минь надад хэлсэн хүнийг ирж үзэгтүн. Тэр Христ биш үү? гэсэнд 30тэд хотоос гарч, Есүс уруу явжээ. 31Энэ хооронд шавь нар нь Есүст
—Рабби, ид гэж шавдуулав. 32Харин Тэр тэдэнд
—Та нарын мэдэхгүй идэх хоол Надад бий гэв. 33Шавь нар нь
—Хэн нэгэн Түүнд идэх юм авчирч өгсөн юм уу? гэж өөр хоорондоо ярилцав. 34Есүс тэдэнд
—Миний хоол бол Намайг илгээсэн Түүний хүслийг үйлдэн, ажлыг нь гүйцэлдүүлэх явдал юм. 35Та нар “Ургац хураалт болтол дөрвөн сар байна” гэж хэлдэг биш үү? Үзэгтүн, Би та нарт хэлье. Хараагаа дээшлүүлж, талбайг харагтун. Учир нь талбай цайрч, хураалтад бэлэн болжээ. 36Хураагч хөлсөө хүртэж, мөнх амийн үрийг цуглуулж байна. Тийнхүү тариачин тариа хураагчийн хамт баярлах болно. 37Учир нь “Нэг нь тарьж, нөгөө нь хураана” гэсэн үг үнэн юм. 38Та нарын зүдэж зүтгээгүй юмыг хураалгахын тулд Би та нарыг илгээв. Бусад нь зүдэж зүтгэсэн бөгөөд та нар тэдний зүдэл зүтгэлд оролцсон гэж айлдав. 39Өнөөх эмэгтэйн “Миний үйлдсэн бүхнийг Тэр надад хэлсэн” гэж гэрчилсэн үгнээс болж тэр хотын самаричууд олноороо Есүст итгэжээ. 40Тиймээс самаричууд Есүс дээр очиж, өөрсөдтэйгөө хамт байхыг гуйсанд Есүс тэнд хоёр хонов. 41Есүсийн үгнээс болж улам олноороо итгэлээ. 42Тэд мөнөөх эмэгтэйд
—Одоо бид ярьсанд чинь биш харин өөрсдөө сонсоод, Энэ бол үнэхээр ертөнцийн Аврагч мөн гэдгийг мэдлээ гэв.
Галилд буцав
43Хоёр хоногийн дараа Есүс тэндээс гарч, Галилд иржээ. 44Эш үзүүлэгч төрөлх нутагтаа хүндлэгддэггүйг Есүс Өөрөө гэрчилсэн юм.#Мт 13:57; Мк 6:4; Лк 4:24 45Есүсийг Галилд ирэхэд Галилынхан Иерусалимд баяр дээр Түүний үйлдсэн бүхнийг харсан тул Түүнийг хүлээн авлаа. Тэд ч бас баярт очжээ.#Иох 2:23
Түшмэлийн хүүг эдгээв
46Усыг дарс болгож байсан, Галилын Канаадаа Есүс дахин ирэв. Хааны нэгэн түшмэл тэнд байсан бөгөөд хүү нь Капернаумд өвчтэй байлаа.#Иох 2:1–11 47Есүсийг Иудейгээс Галилд ирснийг түшмэл сонсоод, Түүнд очиж
—Ирж, хүүг минь эдгээгээч гэж гуйв. Учир нь хүү нь үхлийн ирмэг дээр байлаа. 48Есүс
—Та нар тэмдэг, гайхамшгуудыг үзэхгүй л бол ер итгэхгүй гэж айлдав. 49Хааны түшмэл Түүнд
—Эзэн, хүүхдийг минь үхэхээс өмнө ирээч гэлээ. 50Есүс
—Яв. Хүү чинь амьд байна гэхэд тэр хүн Есүсийн айлдсан үгэнд итгээд, харихаар явав. 51Тийнхүү тэрээр буцаж явтал зарц нар нь түүнтэй учирч, хүү нь амьд байгааг дуулгалаа. 52Түшмэл хүүгээ сайжирсан цагийг тэднээс асуусанд
—Өчигдөр долдугаар цагт түүний халуун буусан гэв. 53Тэгээд эцэг нь “Хүү чинь амьд байна” гэж Есүсийн айлдсан цаг яг мөн болохыг мэдээд, тэр өөрөө болон бүх гэр бүл нь итгэжээ. 54Есүс Иудейгээс Галилд ирээд, дахин хийсэн хоёр дахь тэмдэг нь энэ байлаа.

നിലവിൽ തിരഞ്ഞെടുത്തിരിക്കുന്നു:

Иохан 4: АБ2013

ഹൈലൈറ്റ് ചെയ്യുക

പങ്ക് വെക്കു

പകർത്തുക

None

നിങ്ങളുടെ എല്ലാ ഉപകരണങ്ങളിലും ഹൈലൈറ്റുകൾ സംരക്ഷിക്കാൻ ആഗ്രഹിക്കുന്നുണ്ടോ? സൈൻ അപ്പ് ചെയ്യുക അല്ലെങ്കിൽ സൈൻ ഇൻ ചെയ്യുക