ЭХЛЭЛ 6
6
1Газар дээр хүн өнөр өтгөн болж эхлэн, тэдэнд охид төрөх болсон үед 2Бурханы хөвгүүд хүний охидын гоо үзэсгэлэнг үзээд, тэднээс сонгосон болгоноо эхнэр болгов. 3Тэгэхэд ЭЗЭН
—Миний Сүнс хүнтэй үүрд хамт оршихгүй болно. Учир нь хүн бол махан бие юм. Харин тэдний өдрүүд нь нэг зуун хорин жил болно гэжээ. 4Тэр үед газар дэлхий дээр Нефилим байсан бөгөөд түүний дараа ч бас Бурханы хөвгүүд хүний охидыг авч, хүүхэд төрүүлжээ. Тэдгээр нь хүчтэй, баатарлаг, эрт цагийн алдарт хүмүүс байжээ.
5ЭЗЭН дэлхий дээрх хүмүүсийн бузар гэм нь үлэмж их, бас тэдний сэтгэл санаа, хүсэл бодол бүхэн нь ямагт муухай болсныг хараад, 6Өөрөө хүнийг газар дээр бүтээсэндээ харамсан, сэтгэл зүрхэндээ гашуудав. 7ЭЗЭН
—Би тэднийг бүтээсэндээ харамсаж байгаа учир Өөрийн бүтээсэн хүнийг газрын хөрснөөс арчин зайлуулахдаа хүнээс авахуулаад мал адгуус, мөлхөгчид, жигүүртэн шувуудыг ч хүртэл үлдээхгүй гэж хэлэв. 8Харин Ноа ЭЗЭНий мэлмийд тааллыг олжээ.
9Ноагийн удам угсаа ийм болой. Ноа бол зөв шударга, өөрийн үеийнхний дунд гэм зэмгүй хүн байв. 10Тэрээр Бурхантай хамт явж, гурван хүү төрүүлсэн ба тэдгээр нь Шем, Хам, Иафет болой. 11Тэр цагт Бурханы өмнө газар дэлхий завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрэв. 12Бурханыг харахад дэлхий нь завхралд автсан байжээ. Учир нь дэлхий дээрх мах цустай бүхний үйл явдал эвдрэн завхарчээ.
13Бурхан Ноад хандан
—Газар дэлхий мах цустай бүхнээс болж хүчирхийллээр дүүрч байгаа учир эцсийнх нь өдөр Миний өмнө болж, Би тэднийг газартай нь хамт устгана. 14Чи хуш модоор өөртөө хөвөгч авдар хийж, түүн дотроо тасалгаанууд гаргаж, дотор гадаргүй давирхай түрх. 15Чи үүнийг яаж хийх вэ гэвэл, хөвөгч авдрын урт нь гурван зуун тохой, өргөн нь тавин тохой, өндөр нь гучин тохой байна. 16Хөвөгч авдартаа гэгээвч хийхдээ авдрын оройгоос нэг тохойн дотор хийнэ. Бас хөвөгч авдрын хажуу талд хаалга гаргана. Чи авдрыг дээд, дунд, доод давхар бүхий хийнэ. 17Би газар дэлхийд үер буулгаж, тэнгэрийн доорх амин амьсгаатай биетэн бүхнийг устгана. Газар дэлхий дээр байгаа бүхэн үхнэ. 18Харин Би чамтай гэрээ байгуулж, чи өөрийн хөвгүүд, эхнэр, бэрүүдтэй хамт тэр хөвөгч авдарт орох болно. 19Чи өөртэйгөө хамт амьд үлдээхийн тулд мах цустай амьтан бүхнээс эр, эмийг хос хосоор нь хөвөгч авдарт аваачиж оруул. 20Амьд үлдэхийн тулд жигүүртэн шувууд төрөл төрлөөс, адгуус амьтад төрөл төрлөөс, хамаг газраар мөлхөгчид төрөл төрлөөсөө хос хосоороо чамд очих болно. 21Чи идэх бүх хоол хүнсээ өөртөө авч хадгал. Тэр нь чиний болон тэдгээрийн хоол болно гэжээ. 22Ноа тийнхүү үйлдэж, Бурханы өөрт нь тушаасан бүхнийг ёсоор гүйцэтгэжээ.
Выбрано:
ЭХЛЭЛ 6: АБ2004
Выделить
Поделиться
Копировать
Хотите, чтобы то, что вы выделили, сохранялось на всех ваших устройствах? Зарегистрируйтесь или авторизуйтесь
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society