ГЭРЛЭЛТЗагвар
“Шавь нар нь Түүнд ‘Хэрэв нөхөр эхнэрийн харьцаа ийм байвал гэрлэхгүй байсан нь дээр юм’ гэв” Матай 19:10
Мэргэн нь сонсог, мэдлэгээ тэлэг, Ухаалаг нь мэргэн удирдамжийг мөн аваг. Доктор Харолд Саллигийн “МЭРГЭН ЗӨВЛӨМЖ” нэвтрүүлэг.
Өнгөрсөн жилүүдэд нэлээд олон зүйл өөрчлөгдсөн. Урьдын байдлаар эргэн амьдрах ямар ч арга байхгүй болсон. Хэдхэн жилийн өмнө л гэхэд манай Мэргэн зөвлөмж нэвтрүүлэгтэй холбоо барих гэж та бүгдийн ихэнх нь ил захидал юмуу цаасан захидал илгээдэг байлаа. Өнөөдөр хүмүүс цахим шуудангаар харьцаж байна. Аравхан жилийн өмнө бид та бүгдээс хүсэлт хүлээн авдаг байсан. Авах авахдаа бүр эх бичгээр нь мянга мянган захидал хүлээн авдаг байжээ. Тэгтэл өнөөдөр цаг үе өөр болсон байна. Хүмүүс ил захидал хэрэглэхээ больж цахим хаяг хэрэглэдэг болжээ. Үүнийг нь дагаад бид ч гэсэн өөрчлөлтийг хийсээр л байна. Өнөөдөр л гэхэд өдөрт 4000-5000 удаа, сард 150.000-гаад удаа хүмүүс манай guidelines.org хаягтай цахим хуудас руу ордог болсон байна. Мэргэн зөвлөмж нэвтрүүлгээс сонссон зүйлээ бичин тэмдэглэж, түүнтэй холбоотой материалыг манай цахим хуудаснаас татан авч байна.
Манай цахим хуудсыг байршуулж байгаа үйлчилгээний газрын зүгээс бидний нэвтрүүлсэн тодорхой нэвтрүүлэг юмуу сэдвийн хариуд хэдэн хүн үйлдэл хийсэн тухай тоо баримтыг бидэнд тогтмолоор гаргаж өгдөг. Компьютерийн үгсийн санд үүнийг “амжилтууд” гэж нэрлэдэг юм байна лээ! Саяхан бид графикаар илтгэсэн зарим нэг тоо баримтыг судалж үзлээ. Мэргэн зөвлөмж нэвтрүүлгийг цацаж байгаа радио станцуудыг сонсогчдын сэтгэл зүрхэнд ямар сэдвүүд илүү ихээр хүрсэн болохыг лавлах зорилгоор бид судалгаа явууллаа. Тэгтэл нэг сэдвийг төлөөлөх багана маш өндөр, бараг хуудаснаасаа гарах шахсан. “Тэр өдөр чинь би яг юуны тухай ярьсан билээ” гэж би дотроо бодлоо. Тэгээд шалгаад үзсэн чинь эгэл жирийн “Гэрлэлтэнд зориулсан жор” гэдэг нэвтрүүлэг байсныг олж мэдсэн юм. Тэр нэвтрүүлэг гэрлэлтийг амжилттай байдгахад шаардлагатай үндсэн орц найрлагыг онцлон ярьсан нэвтрүүлэг байсан.
1963 оноос авахуулан би Мэргэн зөвлөмж нэвтрүүлгээ явуулсаар ирсэн. Тухай үеийн гэр бүлийн амьдрал гэрлэлт асар их өөрчлөгдсөн. Өнөөдөр уламжлалт гэр бүлийн сэтгэлгээгээр эцэг нь гэр бүлээ тэжээдэг, эх нь гэртээ хэдэн хүүхдээ харж суудаг гэр бүл гэж бараг байхгүй болжээ. Цагаан модон хашаагаар хүрээлүүлсэн жижигхэн байшинтай айл бол түүх болон үлджээ. Телевизээр хаяа нэг гардаг болсон “Би Люсид хайртай”эсвэл“Аавын зөв байж”гэх хар цагаан кино бол урьд цагт амьдрал ямар байсныг сануулсан дурсамж болсон байна.
Гэрлэлт маш ширүүн соёлын довтолгоонд өртөж орвонгоорөө өөрчлөгджээ. Тэр ихэнх өөрчлөлт нь эхнэр нөхрийн аль алинд, бас тэдний хүүхдүүдэд асар сөрөг нөлөө үзүүлсэн байна. Хэдийгээр урьдын цагт эргэж очих боломжгүй ч гэрлэлтийг амжилттай болгохын тулд өнөөдөр ч гэсэн хийж болох олон зүйл байдаг. Гэрлэл болон гэр бүлийн нэртэй мэргэжилтэн доктор Паул Поопено (Paul Popenoe) хэлэхдээ ямар нэг хос хэрэв гэрлэлтээ амжилттай болгохыг үнэхээр хүсвэл түүнийг хийж чадна гэж хэлсэн юм. Зүгээр л гэрлэлтээ авч үлдэхийг хүсэхэд л хангалттай. Тэгвэл эсрэгээрээ, гэрлэлт нь бүтэлгүйдэхэд олон зүйл хэрэггүй. Харин ханилсан хосын нэг нь “Би салмаар байна. Би эргээд эрх чөлөөт хүн болмоор байна” гэж хэлэхэд л нөгөөдөх нь хичнээн хичээлээ ч, гэрлэлтээ хичнээн эрхэмлэн дээдэллээ ч тэдний гэр бүлийн харилцаа сүйрэх нь тодорхой болдог.
Олонх хүн гэрлэхдээ маш их айдас эмээлтийг өвөрлөдөг. Бидэнд юу тохиолдох бол гэсэн айдас. Бусдын гарт жолоогоо өгч, бусдад захирагдвал, өөрийн эмзэг талаа нээвэл дараа нь өөрөө зовж шаналах вий гэсэн айдастайгаар гэр бүл болдог. Үнэндээ, бүх юм сайхан байна гэсэн баталгаа үгүй л дээ. Гэхдээ би нэг л зүйлийг мэднэ. Эрсдэл бол хайрын нэг хэсэг. Алдах зүйл үгүй бол олж авах зүйл ч үгүй.
Хүчтэй бие даасан зан, хосууд байгаа бүхнээ нэгтгэн уусгахаас татгалзах явдал энэ бүхэн гэрлэсэн хүмүүсийг холдуулж, дотно харьцаатай байхад нь садаа болдог. Бурханы хүсэж зорьсоноор нэг болох биш, харин танихгүй хүнтэй хамт амьдарч байгаа юм шиг санагдахад хүргэдэг. Гэтэл Библи сударт эрэгтэй хүн эцэг, эхээ орхин эхнэртэйгээ нийлж, улмаар нэг бие болох тухай таван ч удаа өгүүлсэн байдаг.
Гэрлэсэн хосууд нэг бие махбод болж нэгэн дээвэр доор зүгээр л амьдардаггүй. Бас заримдаа нэг оронд орж унтахаар гэрээ байгуулсан хоёр хувь хүн биш юм. Харин ч бодол санаагаараа нэг, санхүүгийн хувьд нэгдмэл, тус тусынхаа давтагдашгүй байдлаа, хувь хүнийхээ бусдаас ялгарах шинж тэмдгийг хадгалсан хосууд болохыг нэг бие гэдэг юм.
Тийм ч учраас Паул нөхөр эхнэрийн нэгдлийн зүйрлэлийг Христ болон Сүм чуулганы нууцлаг мөртлөө үзэсгэлэнт харилцааны зураглалаар илэрхийлсэн байдаг. Олон хүний гэрлэлт үнэхээр хямарч хэцүүдэж байгаа нь үнэн. Гэвч дэлхий дээрх бүхий л харилцаан дотроос хамгийн сэтгэл ханамж өгдөг, хамгаас өвөрмөц харилцаа бол гэрлэлт доторх харилцаа хэвээрээл байна. Тиймээс та гэрлэлтээ бүтэхгүй гэж битгий бууж өгөөрэй. Үнэ цэнэтэй аливаа юмыг тордоход нэлээд их хүчин зүтгэл гарах нь дамжиггүй юм.
Мэргэн нэгнийг дагавал мэргэн. Мулгуутай нөхөрлөвөл хорлол. Доктор Харолд Саллигийн “МЭРГЭН ЗӨВЛӨМЖ” нэвтрүүлгийг танд хүргэлээ.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Мэргэн нь сонсог, мэдлэгээ тэлэг, Ухаалаг нь мэргэн удирдамжийг мөн аваг. Доктор Харолд Саллигийн “МЭРГЭН ЗӨВЛӨМЖ” нэвтрүүлгээс Гэрлэлтэй барьж байгуулахад тан туслах 5 өдрийн чимээгүй цагийн төлөвлөгөөг бэлтгэн хүргэж байна. Итгэл Радио - Аудио чимээгүй цаг
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Itgel radio -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.facebook.com/itgelradio