Рут: Бурханы чөлөөлөгч хайрын түүхЗагвар
Рут 1:16-17 дээрх эшлэлд Рутын Наомид хэлсэн үгс нь Бичээс дэх оргил хэсгүүдийн нэг юм. Хайр, итгэмжит байдлын энэхүү гоёмсог илэрхийллийг хуримд ихэвчлэн ашигладаг боловч цорын ганц жинхэнэ Бурханыг хүлээн авснаа илэрхийлж буй Рутын өөрчлөлтийг харуулдаг. Тэрээр Наомигийн Бурханы хүч чадал, нигүүлсэл нь Израилын хил хязгаарыг давсан хайрын Бурхан гэдгийг мэддэг болсон. Наоми болон түүний Бурханыг дагахаар шийдсэн нь Рутын төсөөлснөөс хамаагүй илүү амьдралыг авчрах болно.
Рутын хэлсэн үгсийг хэсэг бүрээр задлах нь зүйтэй.
-“Таны явах газар уруу би явна” - гэж хэлэхдээ Наомиг Рут хэзээ ч орхихгүй гэдгээ илэрхийлсэн. Тэд хаашаа ч очсон бай Рут Наомиг дагахаар шийдсэн. Наоми түүнд өөрийн хүмүүсээс нь илүү ойр дотно санагдаж байжээ. Түүний Наомид өгсөн амлалт нь насан туршийн харилцаа холбоо байсан.
-“Таны суух газарт би ч сууна”– гэдэг нь угтаа “хаа яваа газарт нь хамт байх” санаа бөгөөд энэ амлалтаар Рутын Наомиг хайрлах хайрыг гүн гүнзгий харуулсан юм. Наоми ядуусын хороолол эсвэл харшид амьдрах нь хамаагүй; Рут түүнтэй хамт байх болно. Рут Наомид "Таны амьдрах газарт би амьдрах болно" гэж хэлсэн. Наомигийн жинхэнэ охин болох хүсэлтэй байгаагаа Рут өгүүлсэн. Энэ ямар сайхан хайрын илэрхийлэл вэ!
-“Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан” гэж хүлээн зөвшөөрснөөр Рут шинэ итгэлээ тунхаглав. Гэтлэл 6:7, Зехариа 8:8-д гардаг Бурханы гэрээний хэлийг Рут ашигласан. Бурханд хандаж тэрээр Бурханы Өөрийнх нь өгсөн амлалтуудаас эш татсан. Тэр Наомиг түүний Бурханы хайраар хайрлажээ. Рут бидний залбирахдаа хийх ёстой зүйлийн тухай гайхалтай жишээг үзүүлсэн: Бурханы өгсөн амлалтуудыг эш тат. Бурханд бид амлалтуудыг нь сануулах хэрэгтэй байдаг болохоор биш ээ. Тэр амлалтуудаа мартдаггүй. Харин бид мартчихдаг болохоор Бурхан амлалтуудыг нь давтаж байгаасай гэж хүсдэг. Рут Бурханд үнэнч байсан нь түүний Наомид өөрийгөө зориулах үндэс суурь болсон юм.
-“Таны үхэх газарт би үхэж тэндээ би оршуулагдана." – Эртний Ойрх Дорнодод таныг оршуулсан газар нь ямар бурханд мөргөж байсныг илтгэдэг. Рут Израилд оршуулагдана гэж хэлснээрээ цорын ганц жинхэнэ Бурханд итгэх итгэлээ онцлон тэмдэглэсэн. Рутыг Наомигаас үхлээс бусдаар салгаж чадахгүй.
Наомиг дагаж Бетлехемд очсоноор Рут ядуу бэлэвсэн эмэгтэйн амьдралд өөрийгөө зориулсан. Гэхдээ Бурханы хувиршгүй хайрын нэг илрэл нь бэлэвсэн эмэгтэйчүүдэд санаа тавин халамжлах билээ. Рут үүнд итгэсэн. Бурханд зүгээр итгээд зогсохгүй; тэр Түүнд золиос зориулалтаараа үнэнч байсан. Матай 19:29-д Есүс Өөрийг нь дагахаар гэр бүл эсвэл гэр орноо орхисон хэн бүхэн зуу дахин ихийг хүртэх ба мөнх амийг хүлээн авна хэмээн тунхагласан байдаг. Рут Бурханы амласан эдгээр ерөөлийг хараахан харж чадахгүй байсан ч амьдралыг нь өөрчлөх итгэлийн төлөө алхахдаа бэлэн байсан.
Та яах вэ? Бурханы амлалтад итгэх итгэл чинь хэр хүчирхэг вэ? Та Түүний төлөө юуг золиослоход бэлэн байна вэ?
Энэ төлөвлөгөөний тухай
Бүх цаг үеийн хамгийн сэтгэл хөдөлгөм богино түүхүүдийн нэг нь болох Рут ном бол Бурханы хайрыг илэрхийлсэн түүх юм. Эгэл жирийн хүмүүсийн амьдралд Бурхан Өөрийн сүр жавхлант хүслээ хэрхэн хэрэгжүүлдэг тухай гайхалтай түүхийг Рут ном өгүүлсэн байдаг. Өөрийнхөө хүмүүсийн төлөөх Христийн хайр болон золиосыг ёгтлон харуулснаараа Бурхан хүүхдүүдээ аврахын тулд ямар их золиос зориулалт гаргадаг гэдгийг бидэнд харуулдаг.
More