Лук ба Үйлс номоор хийх аялалЗагвар
Иерусалимыг зорьсон Есүсийн урт аялал өндөрлөх дөхжээ. Тэр дудран унаж Чидун уулнаас уруудан хотод ирлээ. Замд нь хурсан олон Түүнийг ёс төртэйгээр угтан авч, "Эзэний нэрээр ирэгч Хаан ерөөлтэй еэ" хэмээн магтацгаав. Хэзээ нэгэн цагт Бурхан Өөрөө залран ирж ард олноо авран, дэлхийг захирах болно гэсэн эш үзүүлэгчдийн амлалтыг тэд санасан юм. Эш үзүүлэгч Зехариа дудран унасан Хаан амар тайван, шударга ёсыг тогтоохоор Иерусалимд ирэх болно гэж зөгнөсөн. Есүс энэ бүх итгэл найдварыг төрүүлсэн тул ард олон дуулж байв.
Гэхдээ бүгд ийм бодолтой байсангүй. Шашны удирдагчид Есүсийг эрх мэдэлд нь заналхийлнэ гэж үзээд эрх баригчдад барьж өгөх арга зам хайлаа. Ирээдүйд юу болохыг Есүс мэдэж байв. Израил Түүнийг Хаанаа хэмээн хүлээн авалгүй мөхлийн замаар явсаар эцэст нь сүйрэх болно. Тиймээс Түүний сэтгэл өмөрч, бухимдан тэр эрчиндээ Иерусалимд ирмэгцээ хамгийн түрүүнд cүмийн хашаанд орж мөнгө солигчдыг хөөж гарган, тахилын зан үйлийн тогтолцоог бусниулав. Тэр сүмийн хашааны голд зогсоод "энэ бол залбирлын гэр байх ёстой, гэтэл та нар дээрэмчдийн үүр болгожээ" гэв. Израилын төр, шашны төв цэг болох энэ газарт эш үзүүлэгч Иеремиа Израилын эртний удирдагчдыг яг энэ үгээр зэмлэж байсан юм.
Шашны удирдагчид Есүс яагаад эгдүүцсэнийг мэдэж байсан ч сургамж авсангүй. Израилын эртний удирдагчид Иеремиагийн эсрэг хуйвалдсан шиг тэд Есүсийг хөнөөх арга хайв. Есүс Израилын удирдагчдын байдлыг усан үзмийн тариалангаа түрээслээд аянд явсан газрын эзний тухай сургаалт зүйрлэлээр зүйрлэн ярив. Ургац хураах цагаар газрын эзэн усан үзэм авчруулахаар хүн явуултал түрээслэгчид нь түүнийг зодон гар хоосон буцаажээ. Тэгэхээр нь газрын эзэн хүүг нь хүндлэх байх гээд хүүгээ явуултал өв залгамжлагчийг нь алж талбайг нь авъя хэмээн хүүг нь хөнөөчхөв. Энэ түүхэнд гардаг хорон муу түрээслэгчид бол Бурханы явуулсан бүх эш үзүүлэгчдийг үл тоомсорлоод зогсохгүй хайртай Хүүг нь алахаар бэлдэж буй шашны удирдагчид юм. Эцэг өвгөд нь эрх мэдэлд шунасаар өөрсдийгөө сүйрүүлсэн тэр түүхийг давтаж байгааг нь Есүс шашны удирдагч нарт хэлэв.
Энэ төлөвлөгөөний тухай
Хувь хүн, жижиг бүлэг болон гэр бүлд Лук ба Үйлс номыг 40 хоногийн хугацаанд уншиж дуусгах урам зоригийг Лук ба Үйлс номоор хийх аялал нь өгнө. Энэ багц нь дүрс видео болон гүн ойлголт өгөх хураангуйг агуулах бөгөөд оролцогчдод Есүсд ойртох мөн Лукийн гайхалтай уран зохиолын хэв маяг, сэтгэхүйн урсгалд нэвтрэхэд тусална.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд бид Библи Проектод талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://bibleproject.com/