танд залбирал бий! Загвар
“Хувийн Залбирал”
Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хамт залбирах, хоолны өмнө залбирах зэрэг нь олны өмнө Бурхантай харилцаж буй хэрэг юм. Хамтын залбирлаас гадна, зөвхөн Бурхан та хоёрын хоорондох хувийн залбирлын амьдралтай байгаасай хэмээн Бурхан хүсдэг. Хувийн залбирлын тухай Есүс ийн айлджээ:
“Харин чи залбирахдаа өрөөндөө орж, үүдээ хаагаад, нууц оршигч Эцэгтээ залбир. Нууц харагч Эцэг чинь чамд буцааж төлнө.” Матай 6:6
Хаалгаа хаагаад залбир гэж Есүс сургасан нь Бурхан бидний амьдралыг дотночлон, хувьчлан сонирхдогийн илрэл юм. Бурхан ганцаарчилсан харилцаагаар бидэнтэй харилцах харилцаагаа гүнзгийрүүлэхийг эрмэлздэг. Тэрээр өөртэй нь хувьчлан харилцах сэдэл, зүтгэлийг үнэлж шагнана гэж амласан.
Яг л хайртай хүнтэйгээ харилцдаг шиг, биднийг өөртэй нь харилцахдаа чин сэтгэлээсээ болоод нээлттэй байгаасай гэж Бурхан хүсдэг. Залбирлын үгс цээжлээд залбирах нь байж болох дадал боловч, Бурхан цээжээр уншдаг шүлэг шиг залбирлаас илүүтэй зүрх сэтгэлээ уудлан гаргасан амьд, жинхэнэ залбирлыг хүсэмжилдэг. Чин сэтгэлийн залбирлын тухай Есүс ийн айлджээ.
“Залбирахдаа харийнхан шиг утгагүй хоосон үг бүү давт. Олон үг хэлснийх нь төлөө өөрсдийг нь сонсоно хэмээн тэд боддог юм. Тиймээс тэдэн шиг бүү бай. Эцэг чинь та нарт юу хэрэгтэйг гуйхаас чинь өмнө мэддэг.” Матай 6:7-8
Бидэнд хэрэгтэй зүйлийг Бурхан хэлэхээс минь өмнө мэддэг. Бурхан бидний сайны төлөө санаа тавьдаг гэдгийг мэдэж, хүсэлтээ чин сэтгэлээсээ мэдүүлээсэй гэж Бурхан хүсдэг. Тэрээр бидний залбирал бүрд хайраар болон бат итгэмжтэйгээр хариулахыг эрмэлздэг.
Хувийн залбирлын өөр нэгэн чухал тал бол тууштай, мятаршгүй байх. Бурхан бидний залбирлыг ахин дахин сонсохоос хэзээ ч залхдаггүй. Тэр ч бүү хэл урд нь залбирч байсан зүйлээ улиг болтол давтсан ч мөн л сонсохыг хүсдэг. Есүс үүнийг уйгагүй залбирлын зүйрлэлээр бидэнд сургажээ.
“Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. Гуйдаг бүр авна, эрж хайдаг нь олно, тогшдогт нээгдэнэ.” Матай 7:7-8
Бурхантай хувьчлан харилцах цагийг өдөр бүр гаргах нь Христитгэлийн амьдралд өсөхөд түлхэц болдог. Та ямар нэг зүйлд сатаарахгүй байх цагийг сонгоорой. Бурханы цагийг хэт их үрэх вий гэж санаа зовох ч хэрэггүй. Бурхан цаг хормыг тооцдоггүй. Тэр тантай л байхыг хүсдэг. Хувьчилсан, чин сэтгэлийн, тууштай гэх гурван зүйл бол Бурхантай ганцаарчлан харилцах харилцааны тань үндсэн орц бөгөөд Түүнтэй дотно харилцаа бий болгоход тань тустай. Энэ үнэ цэнтэй цагийг та улам ихээр үнэлж, урьдынхаасаа ч ихээр Түүнд түшиглэдэг болно.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Хүчирхэг бөгөөд үр нөлөөтэй залбирлын амьдралыг босгох зарчмыг судалцгаая. Залбирал – Бурхантай харилцах хувьчилсан харилцаа – өөрийн амьдралд болон эргэн тойрондоо эерэг өөрчлөлтийг бий болгох түлхүүр. Давид Ж.Свандтын “Out of this World; A Christian’s Guide to Growth and Purpose” номоос авав.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Twenty20 Faith, Inc.-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.twenty20faith.org/youversionlanding