МАТАЙ 2:1-15

МАТАЙ 2:1-15 Ариун Библи 2013 (АБ2013)

Херод хааны өдрүүдэд Иудейн Бетлехем хотноо Есүсийг төрсний дараа, дорно зүгээс мэргэд Иерусалимд хүрч ирээд — Саяхан мэндэлсэн, иудейчүүдийн Хаан хаана байна? Бид зүүнтээд Түүний одыг хараад Түүнд мөргөхөөр ирлээ гэжээ. Херод хаан болон Иерусалим даяар үүнийг сонсоод түгшиж гэнэ. Бүх ахлах тахилч болон ард олны дундах хуулийн багш нарыг цуглуулаад, Христ хаана төрөх ёстойг тэр лавлажээ. Тэд түүнд —Иудейн Бетлехемд, учир нь эш үзүүлэгчийн бичсэнээр “Иуда нутгийн Бетлехем ээ! Иудагийн дээдсийн дунд Чи огтхон ч дорд бус. Ард түмэн минь болох Израилийг хариулах Удирдагч Чамаас гарах болно” гэсэн гэж хариулав. Херод, мэргэдийг нууцаар дуудаж, од үзэгдсэн цагийг тэднээс лавлан асуужээ. Тэр тэднийг Бетлехем уруу явуулж, —Яв, тэр хүүхдийг сайтар хай. Олмогцоо надад мэдэгдэгтүн. Би бас очиж, Түүнд мөргөнө гэлээ. Тэд хааны айлдварыг сонсоод замдаа гарав. Үзэгтүн, тэгтэл зүүнтээд тэдний харсан од өмнө нь явсаар хүүхдийн байсан газар хүрээд тогтжээ. Тэд одыг хараад, үлэмж баяр хөөрөөр бялхав. Тэгээд гэрт орж, эх Мариагийнхаа хамт буй хүүхдийг хараад, сөгдөн Түүнд мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, миррийг бэлэг болгон өргөв. — Херод дээр буцаж бүү оч гэж зүүдэнд нь Бурхан анхааруулсанд тэд өөр замаар нутгийн зүг одлоо. Тэднийг явсны дараа, харагтун, Эзэний тэнгэрэлч Иосефын зүүдэнд үзэгдэж —Бос. Хүүхдийг эхтэй нь авч Египет уруу зугт. Намайг чамд хэл дуулгатал тэндээ бай. Учир нь Херод хүүхдийг хөнөөхөөр эрж хайх гэж байна гэжээ. Иосеф босоод, шөнөөр хүүхдийг эхтэй нь авч, Египетийг зорин хөдөллөө. Тэгээд Херодыг үхэх хүртэл тэндээ байв. Эзэн эш үзүүлэгчээрээ дамжуулан «Би Хүүгээ Египетээс дуудан гаргав» гэсэн нь ийнхүү биелжээ.

Хуваалцах
МАТАЙ 2 унших

МАТАЙ 2:1-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

Херод хааны өдрүүдэд Иудейн Бетлехем хотод Есүсийг төрсний дараа дорно зүгээс зурхайчид Иерусалимд хүрч ирээд, — Саяхан мэндэлсэн иудейчүүдийн Хаан хаана байна вэ? Бид зүүнтэйд Түүний одыг хараад Түүнд мөргөхөөр ирлээ гэжээ. Херод хаан болон бүх иерусалимчууд үүнийг сонсоод бачимдаж гэнэ. Тэгээд бүх ахлах тахилч болон хуулийн багш нарыг цуглуулаад, Христ хаана төрөх ёстойг тэр лавлаж эхлэв. Тэд түүнд —Иудейн Бетлехемд, учир нь эш үзүүлэгчийн бичсэнээр “Иуда нутгийн Бетлехем ээ! Чи Иудагийн дээдсийн дунд огтхон ч дорд биш. Учир нь Миний ард түмэн Израилийн хоньчин болох Удирдагч чамаас гарна” гэсэн гэж хариулав. Херод зурхайчдыг нууцаар дуудаж, од үзэгдсэн цагийг тэднээс лавлаж асуужээ. Тэр тэднийг Бетлехем уруу явуулж, —Яв, тэр Хүүхдийг сайтар хай. Түүнийг олмогцоо надад мэдэгдэгтүн. Би бас очиж Түүнд мөргөнө гэлээ. Тэд хааны айлдварыг сонсоод замдаа гарав. Тэгтэл тэдний зүүнтээд харсан од тэдний өмнө явсаар Хүүхдийн байсан газар хүрээд тогтов. Тэд одыг хараад, үлэмж баяр хөөр болж ихэд баярлажээ. Тэгээд гэрт орж, эх Мариагийн хамт байгаа Хүүг хараад сөгдөн, Түүнд мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, мирийг бэлэг болгон барив. — Херод уруу бүү буцаж оч гэж Бурхан зүүдэнд нь анхааруулсанд, тэд ондоо замаар нутгийн зүг одлоо. Тэднийг явсны дараа, Эзэний тэнгэр элч Иосефын зүүдэнд үзэгдэж —Бос. Хүүхдийг эхтэй нь авч Египет уруу зугт. Намайг чамд хэл дуулгатал тэндээ бай. Учир нь Херод Хүүхдийг хөнөөхөөр эрж хайх гэж байна гэжээ. Иосеф босоод шөнөөр Хүүг эхтэй нь авч Египетийг зорин хөдөллөө. Тэгээд Херодыг нас бартал тэндээ байв. Эзэн эш үзүүлэгчээрээ дамжуулан «Би Хүүгээ Египетээс дуудан гаргав» гэсэн нь ийнхүү биелжээ.

Хуваалцах
МАТАЙ 2 унших