Матай 2
2
Мэргэдийн айлчлал
1Херод хааны өдрүүдэд Иудейн Бетлехем хотноо Есүсийг төрсний дараа, дорно зүгээс мэргэд Иерусалимд хүрч ирээд
— 2Саяхан мэндэлсэн, иудейчүүдийн Хаан хаана байна? Бид зүүнтээд Түүний одыг хараад Түүнд мөргөхөөр ирлээ гэжээ. 3Херод хаан болон Иерусалим даяар үүнийг сонсоод түгшиж гэнэ. 4Бүх ахлах тахилч болон ард олны дундах хуулийн багш нарыг цуглуулаад, Христ хаана төрөх ёстойг тэр лавлажээ. 5Тэд түүнд
—Иудейн Бетлехемд, учир нь эш үзүүлэгчийн бичсэнээр
6“Иуда нутгийн Бетлехем ээ!#Мик 5:2
Иудагийн дээдсийн дунд
Чи огтхон ч дорд бус.
Ард түмэн минь болох
Израилийг хариулах Удирдагч
Чамаас гарах болно” гэсэн
гэж хариулав.
7Херод, мэргэдийг нууцаар дуудаж, од үзэгдсэн цагийг тэднээс лавлан асуужээ. 8Тэр тэднийг Бетлехем уруу явуулж,
—Яв, тэр хүүхдийг сайтар хай. Олмогцоо надад мэдэгдэгтүн. Би бас очиж, Түүнд мөргөнө гэлээ. 9Тэд хааны айлдварыг сонсоод замдаа гарав. Үзэгтүн, тэгтэл зүүнтээд тэдний харсан од өмнө нь явсаар хүүхдийн байсан газар хүрээд тогтжээ. 10Тэд одыг хараад, үлэмж баяр хөөрөөр бялхав. 11Тэгээд гэрт орж, эх Мариагийнхаа хамт буй хүүхдийг хараад, сөгдөн Түүнд мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, миррийг бэлэг болгон өргөв.
— 12Херод дээр буцаж бүү оч гэж зүүдэнд нь Бурхан анхааруулсанд тэд өөр замаар нутгийн зүг одлоо.
Египет уруу зугтав
13Тэднийг явсны дараа, харагтун, Эзэний тэнгэрэлч Иосефын зүүдэнд үзэгдэж
—Бос. Хүүхдийг эхтэй нь авч Египет уруу зугт. Намайг чамд хэл дуулгатал тэндээ бай. Учир нь Херод хүүхдийг хөнөөхөөр эрж хайх гэж байна гэжээ. 14Иосеф босоод, шөнөөр хүүхдийг эхтэй нь авч, Египетийг зорин хөдөллөө. 15Тэгээд Херодыг үхэх хүртэл тэндээ байв. Эзэн эш үзүүлэгчээрээ дамжуулан «Би Хүүгээ Египетээс дуудан гаргав»#Хос 11:1 гэсэн нь ийнхүү биелжээ.
Нялхсыг хүйс тэмтрэв
16Херод, мэргэдэд мэхлэгдсэнээ мэдээд ихэд хилэгнэн тэднээс нарийн тодруулж авсан цагийн дагуу хүн явуулж, Бетлехем болон ойр орчимд нь хоёр ба түүнээс доош насны бүх эрэгтэй хүүхдийг хөнөөлгөв. 17Эш үзүүлэгч Иеремиагаар хэлүүлсэн нь тэгэхэд биелэгдсэн агаад
18«Ихэд гашуудан уйлах дуу
Рамад#Иер 31:15 сонсдов.
Рахел хүүхдүүдийнхээ төлөө уйлна.
Тэд нь үгүй болсон тул
Тэрээр тайтгарал авахыг үл хүсэв»
гэсэн байдаг билээ.
Египетээс буцаж ирлээ
19Тэгээд Херодыг үхсэний дараа, Египетэд Эзэний тэнгэрэлч Иосефийн зүүдэнд гэнэт үзэгдэж
— 20Бос, хүүхдийг эхтэй нь авч, Израиль нутагт оч. Хүүхдийн амийг хайгчид үхсэн гэв. 21Тэр босож, хүүхдийг эхтэй нь авч, Израиль нутагт ирэв. 22Эцэг Херодынхоо оронд Иудейг Архел хаанчилж байгааг тэр харин сонсоод тийш очихоос айжээ. Зүүдэнд нь Бурхан сэрэмжлүүлснээр Галил хавь уруу тэр явлаа. 23Тэгээд Назар гэгдэх хотод очиж суурьшив. «Назарынх гэж Тэр дуудагдах болно»#Мк 1:24; Лк 2:39; Иох 1:45 гэж эш үзүүлэгчдээр айлдуулсан нь ийнхүү биелэгджээ.
Одоогоор Сонгогдсон:
Матай 2: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.