Матай 2:1-15

Матай 2:1-15 АБ2013

Херод хааны өдрүүдэд Иудейн Бетлехем хотноо Есүсийг төрсний дараа, дорно зүгээс мэргэд Иерусалимд хүрч ирээд — Саяхан мэндэлсэн, иудейчүүдийн Хаан хаана байна? Бид зүүнтээд Түүний одыг хараад Түүнд мөргөхөөр ирлээ гэжээ. Херод хаан болон Иерусалим даяар үүнийг сонсоод түгшиж гэнэ. Бүх ахлах тахилч болон ард олны дундах хуулийн багш нарыг цуглуулаад, Христ хаана төрөх ёстойг тэр лавлажээ. Тэд түүнд —Иудейн Бетлехемд, учир нь эш үзүүлэгчийн бичсэнээр “Иуда нутгийн Бетлехем ээ! Иудагийн дээдсийн дунд Чи огтхон ч дорд бус. Ард түмэн минь болох Израилийг хариулах Удирдагч Чамаас гарах болно” гэсэн гэж хариулав. Херод, мэргэдийг нууцаар дуудаж, од үзэгдсэн цагийг тэднээс лавлан асуужээ. Тэр тэднийг Бетлехем уруу явуулж, —Яв, тэр хүүхдийг сайтар хай. Олмогцоо надад мэдэгдэгтүн. Би бас очиж, Түүнд мөргөнө гэлээ. Тэд хааны айлдварыг сонсоод замдаа гарав. Үзэгтүн, тэгтэл зүүнтээд тэдний харсан од өмнө нь явсаар хүүхдийн байсан газар хүрээд тогтжээ. Тэд одыг хараад, үлэмж баяр хөөрөөр бялхав. Тэгээд гэрт орж, эх Мариагийнхаа хамт буй хүүхдийг хараад, сөгдөн Түүнд мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, миррийг бэлэг болгон өргөв. — Херод дээр буцаж бүү оч гэж зүүдэнд нь Бурхан анхааруулсанд тэд өөр замаар нутгийн зүг одлоо. Тэднийг явсны дараа, харагтун, Эзэний тэнгэрэлч Иосефын зүүдэнд үзэгдэж —Бос. Хүүхдийг эхтэй нь авч Египет уруу зугт. Намайг чамд хэл дуулгатал тэндээ бай. Учир нь Херод хүүхдийг хөнөөхөөр эрж хайх гэж байна гэжээ. Иосеф босоод, шөнөөр хүүхдийг эхтэй нь авч, Египетийг зорин хөдөллөө. Тэгээд Херодыг үхэх хүртэл тэндээ байв. Эзэн эш үзүүлэгчээрээ дамжуулан «Би Хүүгээ Египетээс дуудан гаргав» гэсэн нь ийнхүү биелжээ.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна