ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 40:1-35
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 40:1-35 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэгээд ЭЗЭН, Мосетэй ярин — Эхний сарын эхний өдөрт чи уулзалтын майхан асрыг босго. Чи тэнд гэрчлэлийн авдрыг байрлуулж, авдрыг хөшгөөр далдал. Чи ширээг дотогш оруулж, үүн дээрх цэгцлэх зүйлсийг цэгцэл. Чи дэнлүүний суурийг дотогш оруулаад, дэнлүүнүүдийг нь асаа. Чи утлагад зориулсан тахилын алтан ширээг гэрчлэлийн авдрын өмнө тавиад, асрын үүдний дэлгэцийг тат. Тэгээд уулзалтын майхан асрын үүдний өмнө шатаалт тахилын ширээг байрлуул. Угаалгын савыг уулзалтын ба тахилын ширээний хооронд тавьж, дотор нь ус хийгтүн. Чи эргэн тойрных нь хашааг барьж, хашааны хаалганд хөшиг өлгө. Тэгээд чи тослох тос авч, асар болоод түүний доторх бүх зүйлийг тослоод, түүнийг болон бүх хэрэгслийг нь ариусга. Тэр нь ариун байх болно. Чи шатаалт тахилын ширээ болон бүх хэрэгслийг нь тосолж, тахилын ширээг ариусга. Тахилын ширээ нь ариунаас ариун байх болно. Чи угаах сав болон суурийг нь тосолж ариусга. Тэгээд чи Аарон болон хөвгүүдийг нь уулзалтын майхны үүдэнд авчран, усаар угаагтун. Надад тахилчийн албанд үйлчлүүлэхийн тулд чи Ааронд ариун хувцас өмсгөөд, тосолж ариусга. Дараа нь чи хөвгүүдийг нь авчирч, тэдэнд дотуур дээл өмсгө. Тэд Надад тахилчийн албанд үйлчлэхийн тулд эцгийг нь тосолсон шигээ чи тэднийг тосол. Учир нь тосолгоо нь тахилчийн албанд үе уламжлан үүрд байх болно гэж айлдав. Мосе ийн үйлдэв. ЭЗЭНий тушаасан бүхний дагуу Мосе тэгж үйлдэв. Хоёр дахь жилийн эхний сард, уг сарын анхны өдөр асрыг босгов. Мосе асрыг босгоод, углууруудыг нь суулгаж, дүнзнүүдийг нь босгон хөндлийг нь хийж, баганануудыг нь босголоо. Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэрээр асрын дээгүүр майхныг татаж, дээр нь майхны бүтээлгийг тавив. Тэгээд тэр гэрчлэлийг авч авдарт хийгээд, дамнуургуудыг нь авдартай холбоод, авдран дээр эвлэрүүлгийн тагийг тавьжээ. Тэгээд Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэрээр авдрыг асар дотор оруулж, дэлгэц болгон хөшгийг өлгөөд, гэрчлэлийн авдрыг далдлав. Дараа нь уулзалтын майхан дотор хөшигний гадна, асрын хойд зүгт тэрээр ширээг байрлуулав. Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэрээр ширээн дээр ЭЗЭНий өмнө талхыг цэгцлэн өрлөө. Дараа нь уулзалтын майхан дотор ширээний эсрэг харалдаа асрын өмнө зүгт дэнлүүний суурийг тавив. Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэрээр ЭЗЭНий өмнө дэнлүүнүүдийг асаалаа. Дараа нь тэрээр уулзалтын майхан дотор хөшигний өмнө алтан тахилын ширээг байрлуулав. Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэрээр анхилуун утлагыг түүн дээр уугиулав. Тэгээд тэр асрын үүдэнд дэлгэц татлаа. Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэр уулзалтын майхан асрын үүдэнд шатаалт тахилын ширээг байрлуулж, түүн дээр шатаалт тахил болон идээн өргөлийг өргөжээ. Тэгээд тэр угаалгын савыг уулзалтын майхан ба тахилын ширээний хооронд байрлуулж, угаалгад зориулан дотор нь ус хийв. Мосе, Аарон болон хөвгүүд нь гар, хөлөө түүн дотор угаав. Тэд уулзалтын майханд орохдоо мөн тахилын ширээнд ойртохдоо Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор угаалга хийдэг байв. Тэгээд асар болон тахилын ширээг бүхэлд нь тойруулан тэрээр хашаа босгож, хашааны хаалганд хөшиг өлгөв. Ингээд Мосе ажилаа дуусгалаа. Тэгтэл уулзалтын майхныг үүл бүрхэн ЭЗЭНий цог жавхлан асрыг дүүргэлээ. ЭЗЭНий цог жавхлан асрыг дүүргэж, дээр нь үүл багшран суусан тул Мосе уулзалтын майханд орж чадахгүй байв.
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 40:1-35 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэгээд ЭЗЭН Мосед хандан, — Эхний сарын эхний өдөрт чи хурлын майхны асрыг босгох ёстой. Тэгээд чи тэнд гэрчлэлийн авдрыг байрлуулж, авдрыг хөшгөөр далдал. Чи ширээг дотогш оруулж, үүнд хамаарагдах зүйлсийг цэгцэл. Чи дэнлүүний суурийг оруулаад, дэнлүүнүүдийг нь суулга. Цаашлаад, чи гэрчлэлийн авдрын өмнө утлагын алтан тахилын ширээг тавиад, асрын үүдний хөшгийг тат. Тэгээд хурлын майхны асрын үүдний өмнө шатаалт тахилын ширээг байрлуул. Угаалгын савыг хурлын майхан ба тахилын ширээний хооронд тавьж, дотор нь ус хийгтүн. Чи эргэн тойрных нь хашааг барьж, хашааны хаалганд хөшиг өлгө. Тэгээд чи тослох тос авч, асар болоод түүний доторх бүх зүйлийг тослоод, түүнийг болон бүх хэрэгслийг нь ариусга. Тэр нь ариун байх болно. Чи шатаалт тахилын ширээ болон бүх хэрэгслийг нь тослож, тахилын ширээг ариусга. Тахилын ширээ нь хамгийн ариун байх болно. Чи угаах сав болон суурийг нь тослоод ариусга. Тэгээд чи Аарон болон хөвгүүдийг нь хурлын майхны үүдэнд авчран, тэднийг усаар угаагтун. Аарон Надад тахилчаар үйлчлэхийн тулд чи түүнд ариун хувцас өмсгөөд, түүнийг тослож ариусга. Тэгээд чи түүний хөвгүүдийг авчирч, тэдэнд дотуур дээл өмсгө. Тэд Надад тахилчаар үйлчлэхийн тулд чи тэдний эцгийг нь тосолсон шигээ тэднийг тосол. Тэдний тосолгоо нь үеийн үед мөнхөд тахилчийн ажилд тэдний төлөө байх болно гэж айлдав. Ийнхүү Мосе үйлдэв. Мосе ЭЗЭНий тушаасан бүхний дагуу тэгж үйлдэв. Хоёр дахь жилийн эхний сард, уг сарын анхны өдөр асрыг босгов. Мосе асрыг босгоод, углууруудыг нь суулгаж, дүнзнүүдийг нь босгон, хөндлөвч моддыг нь хийж, багануудыг нь босголоо. ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэрээр асрын дээгүүр майхныг татаж, дээр нь майхны бүтээлгийг тавив. Дараа нь тэр гэрчлэлийг авч, авдарт хийгээд, дамнуургуудыг нь авдартай холбоод, дээр нь өршөөлийн суудлыг тавив. Тэгээд тэрээр авдрыг асар дотор оруулж, ЭЗЭНий Мосед тушаасны дагуу дэлгэц болгон хөшгийг өлгөөд, гэрчлэлийн авдрыг далдлав. Дараа нь хөшигний гадна, асрын хойд талд, хурлын майхан дотор тэрээр ширээг байрлуулав. ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэрээр ЭЗЭНий өмнө ширээн дээр талхыг дэс дараатайгаар тавив. Дараа нь ширээний эсрэг зүгт асрын өмнө талд, хурлын майхан дотор дэнлүүний суурийг тавив. ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэрээр ЭЗЭНий өмнө дэнлүүнүүдийг асаалаа. Дараа нь тэр хурлын майхан дотор хөшигний өмнө алтан тахилын ширээг байрлуулав. ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэрээр анхилуун утлагыг түүн дээр шатаав. Тэгээд тэр асрын үүдэнд хөшиг өлгөв. ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэр хурлын майхны асрын үүдний өмнө шатаалт тахилын ширээг байрлуулж, түүн дээр шатаалт тахил болон идээн өргөлийг өргөв. Тэгээд тэр угаалгын савыг хурлын майхан ба тахилын ширээний хооронд байрлуулж, угаалганд зориулан дотор нь ус хийв. Мосе, Аарон болон хөвгүүд нь гар, хөлөө түүнд угаав. Тэд хурлын майханд орохдоо, мөн тахилын ширээнд ойртохдоо ЭЗЭНий Мосед тушаасны дагуу угаалга хийдэг байв. Тэгээд асар болон тахилын ширээг бүхэлд нь тойруулан тэр хашаа босгож, хашааны хаалганд хөшиг өлгөв. Ингээд Мосе ажлаа дуусгалаа. Тэгтэл хурлын майхныг үүл бүрхэн, ЭЗЭНий цог жавхлан асрыг дүүргэлээ. ЭЗЭНий цог жавхлан асрыг дүүргэж, дээр нь үүл багшран суусан тул Мосе хурлын майхан уруу орж чадахгүй байв.