Гэтлэл 40:1-35
Гэтлэл 40:1-35 АБ2013
Тэгээд ЭЗЭН, Мосетэй ярин — Эхний сарын эхний өдөрт чи уулзалтын майхан асрыг босго. Чи тэнд гэрчлэлийн авдрыг байрлуулж, авдрыг хөшгөөр далдал. Чи ширээг дотогш оруулж, үүн дээрх цэгцлэх зүйлсийг цэгцэл. Чи дэнлүүний суурийг дотогш оруулаад, дэнлүүнүүдийг нь асаа. Чи утлагад зориулсан тахилын алтан ширээг гэрчлэлийн авдрын өмнө тавиад, асрын үүдний дэлгэцийг тат. Тэгээд уулзалтын майхан асрын үүдний өмнө шатаалт тахилын ширээг байрлуул. Угаалгын савыг уулзалтын ба тахилын ширээний хооронд тавьж, дотор нь ус хийгтүн. Чи эргэн тойрных нь хашааг барьж, хашааны хаалганд хөшиг өлгө. Тэгээд чи тослох тос авч, асар болоод түүний доторх бүх зүйлийг тослоод, түүнийг болон бүх хэрэгслийг нь ариусга. Тэр нь ариун байх болно. Чи шатаалт тахилын ширээ болон бүх хэрэгслийг нь тосолж, тахилын ширээг ариусга. Тахилын ширээ нь ариунаас ариун байх болно. Чи угаах сав болон суурийг нь тосолж ариусга. Тэгээд чи Аарон болон хөвгүүдийг нь уулзалтын майхны үүдэнд авчран, усаар угаагтун. Надад тахилчийн албанд үйлчлүүлэхийн тулд чи Ааронд ариун хувцас өмсгөөд, тосолж ариусга. Дараа нь чи хөвгүүдийг нь авчирч, тэдэнд дотуур дээл өмсгө. Тэд Надад тахилчийн албанд үйлчлэхийн тулд эцгийг нь тосолсон шигээ чи тэднийг тосол. Учир нь тосолгоо нь тахилчийн албанд үе уламжлан үүрд байх болно гэж айлдав. Мосе ийн үйлдэв. ЭЗЭНий тушаасан бүхний дагуу Мосе тэгж үйлдэв. Хоёр дахь жилийн эхний сард, уг сарын анхны өдөр асрыг босгов. Мосе асрыг босгоод, углууруудыг нь суулгаж, дүнзнүүдийг нь босгон хөндлийг нь хийж, баганануудыг нь босголоо. Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэрээр асрын дээгүүр майхныг татаж, дээр нь майхны бүтээлгийг тавив. Тэгээд тэр гэрчлэлийг авч авдарт хийгээд, дамнуургуудыг нь авдартай холбоод, авдран дээр эвлэрүүлгийн тагийг тавьжээ. Тэгээд Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэрээр авдрыг асар дотор оруулж, дэлгэц болгон хөшгийг өлгөөд, гэрчлэлийн авдрыг далдлав. Дараа нь уулзалтын майхан дотор хөшигний гадна, асрын хойд зүгт тэрээр ширээг байрлуулав. Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэрээр ширээн дээр ЭЗЭНий өмнө талхыг цэгцлэн өрлөө. Дараа нь уулзалтын майхан дотор ширээний эсрэг харалдаа асрын өмнө зүгт дэнлүүний суурийг тавив. Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэрээр ЭЗЭНий өмнө дэнлүүнүүдийг асаалаа. Дараа нь тэрээр уулзалтын майхан дотор хөшигний өмнө алтан тахилын ширээг байрлуулав. Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэрээр анхилуун утлагыг түүн дээр уугиулав. Тэгээд тэр асрын үүдэнд дэлгэц татлаа. Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэр уулзалтын майхан асрын үүдэнд шатаалт тахилын ширээг байрлуулж, түүн дээр шатаалт тахил болон идээн өргөлийг өргөжээ. Тэгээд тэр угаалгын савыг уулзалтын майхан ба тахилын ширээний хооронд байрлуулж, угаалгад зориулан дотор нь ус хийв. Мосе, Аарон болон хөвгүүд нь гар, хөлөө түүн дотор угаав. Тэд уулзалтын майханд орохдоо мөн тахилын ширээнд ойртохдоо Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор угаалга хийдэг байв. Тэгээд асар болон тахилын ширээг бүхэлд нь тойруулан тэрээр хашаа босгож, хашааны хаалганд хөшиг өлгөв. Ингээд Мосе ажилаа дуусгалаа. Тэгтэл уулзалтын майхныг үүл бүрхэн ЭЗЭНий цог жавхлан асрыг дүүргэлээ. ЭЗЭНий цог жавхлан асрыг дүүргэж, дээр нь үүл багшран суусан тул Мосе уулзалтын майханд орж чадахгүй байв.