ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 40

40
1Тэгээд ЭЗЭН Мосед хандан,
2Эхний сарын эхний өдөрт чи хурлын майхны асрыг босгох ёстой. 3Тэгээд чи тэнд гэрчлэлийн авдрыг байрлуулж, авдрыг хөшгөөр далдал. 4Чи ширээг дотогш оруулж, үүнд хамаарагдах зүйлсийг цэгцэл. Чи дэнлүүний суурийг оруулаад, дэнлүүнүүдийг нь суулга. 5Цаашлаад, чи гэрчлэлийн авдрын өмнө утлагын алтан тахилын ширээг тавиад, асрын үүдний хөшгийг тат. 6Тэгээд хурлын майхны асрын үүдний өмнө шатаалт тахилын ширээг байрлуул. 7Угаалгын савыг хурлын майхан ба тахилын ширээний хооронд тавьж, дотор нь ус хийгтүн. 8Чи эргэн тойрных нь хашааг барьж, хашааны хаалганд хөшиг өлгө. 9Тэгээд чи тослох тос авч, асар болоод түүний доторх бүх зүйлийг тослоод, түүнийг болон бүх хэрэгслийг нь ариусга. Тэр нь ариун байх болно. 10Чи шатаалт тахилын ширээ болон бүх хэрэгслийг нь тослож, тахилын ширээг ариусга. Тахилын ширээ нь хамгийн ариун байх болно. 11Чи угаах сав болон суурийг нь тослоод ариусга. 12Тэгээд чи Аарон болон хөвгүүдийг нь хурлын майхны үүдэнд авчран, тэднийг усаар угаагтун. 13Аарон Надад тахилчаар үйлчлэхийн тулд чи түүнд ариун хувцас өмсгөөд, түүнийг тослож ариусга. 14Тэгээд чи түүний хөвгүүдийг авчирч, тэдэнд дотуур дээл өмсгө. 15Тэд Надад тахилчаар үйлчлэхийн тулд чи тэдний эцгийг нь тосолсон шигээ тэднийг тосол. Тэдний тосолгоо нь үеийн үед мөнхөд тахилчийн ажилд тэдний төлөө байх болно гэж айлдав. 16Ийнхүү Мосе үйлдэв. Мосе ЭЗЭНий тушаасан бүхний дагуу тэгж үйлдэв.
17Хоёр дахь жилийн эхний сард, уг сарын анхны өдөр асрыг босгов. 18Мосе асрыг босгоод, углууруудыг нь суулгаж, дүнзнүүдийг нь босгон, хөндлөвч моддыг нь хийж, багануудыг нь босголоо. 19ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэрээр асрын дээгүүр майхныг татаж, дээр нь майхны бүтээлгийг тавив. 20Дараа нь тэр гэрчлэлийг авч, авдарт хийгээд, дамнуургуудыг нь авдартай холбоод, дээр нь өршөөлийн суудлыг тавив. 21Тэгээд тэрээр авдрыг асар дотор оруулж, ЭЗЭНий Мосед тушаасны дагуу дэлгэц болгон хөшгийг өлгөөд, гэрчлэлийн авдрыг далдлав. 22Дараа нь хөшигний гадна, асрын хойд талд, хурлын майхан дотор тэрээр ширээг байрлуулав. 23ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэрээр ЭЗЭНий өмнө ширээн дээр талхыг дэс дараатайгаар тавив. 24Дараа нь ширээний эсрэг зүгт асрын өмнө талд, хурлын майхан дотор дэнлүүний суурийг тавив. 25ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэрээр ЭЗЭНий өмнө дэнлүүнүүдийг асаалаа. 26Дараа нь тэр хурлын майхан дотор хөшигний өмнө алтан тахилын ширээг байрлуулав. 27ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэрээр анхилуун утлагыг түүн дээр шатаав. 28Тэгээд тэр асрын үүдэнд хөшиг өлгөв. 29ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэр хурлын майхны асрын үүдний өмнө шатаалт тахилын ширээг байрлуулж, түүн дээр шатаалт тахил болон идээн өргөлийг өргөв. 30Тэгээд тэр угаалгын савыг хурлын майхан ба тахилын ширээний хооронд байрлуулж, угаалганд зориулан дотор нь ус хийв. 31Мосе, Аарон болон хөвгүүд нь гар, хөлөө түүнд угаав. 32Тэд хурлын майханд орохдоо, мөн тахилын ширээнд ойртохдоо ЭЗЭНий Мосед тушаасны дагуу угаалга хийдэг байв. 33Тэгээд асар болон тахилын ширээг бүхэлд нь тойруулан тэр хашаа босгож, хашааны хаалганд хөшиг өлгөв. Ингээд Мосе ажлаа дуусгалаа.
34Тэгтэл хурлын майхныг үүл бүрхэн, ЭЗЭНий цог жавхлан асрыг дүүргэлээ. 35ЭЗЭНий цог жавхлан асрыг дүүргэж, дээр нь үүл багшран суусан тул Мосе хурлын майхан уруу орж чадахгүй байв. 36Тэдний бүх аяны туршид үүл асрын дээрээс дээш өргөгдөх болгонд Израилийн хөвгүүд хөдлөн, 37харин үүл дээш өргөгдөхгүй бол дээш өргөгдөх өдрийг хүртэл тэд хөдөлдөггүй байлаа. 38Учир нь тэдний бүх аяны туршид Израилийн бүх гэрийн нүдэн дээр ЭЗЭНий үүл өдөр нь асрын дээр байж, шөнө нь үүлэн дотор гал үзэгдэв.

Одоогоор Сонгогдсон:

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 40: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 40-д зориулсан видео