РОМ 14

14
1Итгэлээр сул нэгнээ хүлээж ав. Ингэхдээ түүний бодол санааных нь талаар бүү зарга хий. 2Бүх юмыг идэж болно гэж итгэдэг хүн байдаг. Харин сул нэгэн нь ногоо иддэг. 3Иддэг нэгэн нь иддэггүй нэгнээ бүү басамжлаг. Иддэггүй нэгэн нь иддэг нэгнээ бүү шүүг. Учир нь Бурхан түүнийг хүлээн авсан юм. 4Бусдын боолыг шүүгч та хэн бэ? Тэр өөрийнхөө эзний өмнө зогсдог эсвэл унадаг. Эзэн түүнийг босгох чадалтай учир тэр зогсох болно. 5Нэг хүн нэг өдрийг нөгөөгөөс нь онцгойлон үздэг байхад, өөр нэг хүн өдөр бүрийг адилхан гэж үздэг. Хүн бүр өөрийн бодолдоо бат итгэлтэй байг. 6Өдрийг сахигч хүн Эзэний төлөө үүнийг сахидаг. Иддэг хүн нь Эзэний төлөө иддэг. Учир нь тэр Бурханд талархал өргөдөг. Иддэггүй хүн Эзэний төлөө иддэггүй. Тэр ч Бурханд талархал өргөдөг. 7Учир нь бидний хэн нь ч өөрийнхөө төлөө амьдардаггүй. Хэн нь ч өөрийнхөө төлөө үхдэггүй. 8Хэрэв бид амьдарвал, Эзэний төлөө амьдардаг. Хэрэв бид үхвэл Эзэний төлөө үхдэг. Тиймээс амьдрах ч бай, үхэх ч бай бид Эзэнийх. 9Учир нь үхэгсэд болон амьд байгсдын аль алиных нь Эзэн байхын тулд үүний тулд л Христ үхээд амилсан билээ. 10Харин та юунд ах дүүгээ шүүнэ вэ? Эсвэл та юунд мөн ах дүүгээ басамжилна вэ? Учир нь бид бүгдээрээ Бурханы шүүх ширээний өмнө зогсох болно. 11Учир нь
«“Би Өөрийн амьд буйгаар тангараглая.
Миний өмнө өвдөг бүхэн сөгдөх болно,
Хэл бүхэн Бурханд өчил өргөх болно” гэж
Эзэн айлдаж байна»
гэж бичигдсэн юм. 12Тиймээс бидний хүн бүр өөрийнхөө тайланг Бурханд өгөх болно.
13Иймд цаашид бид бие биеэ шүүхээ больё. Харин ч та нар ах дүүдээ бүдрүүлэх чулуу, эсвэл саад тотгор тавихгүй байя гэж шийдэгтүн. 14Юу ч өөрөө өөртөө бузар биш, харин аливаа юмыг бузар гэж үздэг хүний хувьд л тэр нь бузар юм гэдгийг би Эзэн Есүс дотор мэдэн, итгэж байна. 15Хэрэв идэх юмнаас болж ах дүүгээ гомдоовол, та нэгэнт хайрын дагуу явахгүй байна. Та тэр хүнийг идэх юмаараа бүү устга. Учир нь түүний төлөө Христ үхсэн юм. 16Тиймд та нарын хувьд сайн нь бүү муугаар хэлэгдэг. 17Учир нь Бурханы хаанчлал бол идэх болон уух явдал нь биш, харин Ариун Сүнс доторх зөвт байдал, амар тайван хийгээд баяр баясгалан нь юм. 18Учир нь Христэд ийнхүү үйлчилдэг хүн Бурханд таалагдаж, хүмүүсээр сайшаагдана. 19Тиймд амар тайванг тогтоодог болон бие биеэ босгон байгуулдаг зүйлсийн хойноос мөшгөцгөөе. 20Идэх юмнаас болж Бурханы ажлыг бүү нураа. Үнэндээ бүх юм цэвэр аж. Харин тэдгээр нь бүдрүүлэх саад болж иддэг хүний хувьд л бузар муу байгаа юм. 21Мах идэхгүй, дарс уухгүй, эсвэл ах дүү чинь бүдэрдэг ямар нэгэн зүйлийг үйлдэхгүй байх нь сайн. 22Та өөртөө байгаа итгэлээ Бурханы өмнө өөрийнхөө хувьд л байлга. Зөвшөөрдөг зүйлдээ өөрийгөө ялладаггүй хүн нь ерөөлтэй еэ! 23Харин эргэлзэгч нэгэн нь хэрэв идэх аваас яллагдана. Яагаад гэвэл итгэлээр биш юм. Итгэлээр биш алив бүхэн нь нүгэл юм.

Одоогоор Сонгогдсон:

РОМ 14: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү