РОМ 13

13
1Дээд эрх мэдлүүдэд хүн бүхэн захирагд. Учир нь Бурханаар тогтоогдсоноос өөр эрх мэдэл гэж байхгүй. Оршин байгаа нь Бурханаар тогтоогдсон юм. 2Тиймд эрх мэдлийг эсэргүүцэгч нь Бурханы тогтоолыг эсэргүүцсэн хэрэг. Эсэргүүцсэн хүмүүс нь өөрсдөдөө шийтгэл хүртэх болно. 3Учир нь сайныг үйлдэхэд захирагч нар нь айдас болдоггүй, харин бузар мууг үйлдэхэд айдас болдог. Та эрх мэдлээс айхгүй байхыг хүсэж байна уу? Сайныг үйлд. Та түүнээс магтаал хүртэх болно. 4Учир нь тэр танд сайны төлөөх Бурханы үйлчлэгч юм. Хэрэв та бузар мууг үйлдвэл айгтун. Учир нь тэр нь илд дэмий зүүгээгүй. Тэр бол бузар мууг үйлдэгч нэгэн дээр уур хилэнг буулгах өшөө авагч, Бурханы үйлчлэгч мөн. 5Тиймээс зөвхөн уур хилэнгийн улмаас бус, бас мөс чанарынхаа төлөө захирагдах хэрэгтэй. 6Ийм учраас та нар ч гэсэн татвар төлдөг. Учир нь захирагч нар Бурханы зарц нар бөгөөд энэхүү ажилд өөрсдийгөө зориулдаг юм. 7Бүгдэд өгөх ёстойгоо өг. Татвар авах ёстой хүнд татвараа, гаалийн татвар авах ёстой хүнд гаалийн татвараа төл, айж эмээвэл зохих хүнээс айж эмээ, хүндэтгэл хүлээх ёстой хүнийг хүндэл.
8Нэг нэгэндээ хайртай байхаас өөр хэнд ч ямар ч өргүй бай. Учир нь бусдыг хайрладаг хүн хуулийг биелүүлсэн хэрэг. 9Учир нь «Бүү завхайр, бүү ал, бүү хулгай хий, бүү шунахайр» гэсэн тушаал болоод өөр ямар ч тушаал байна, энэ нь «Хөршөө өөрийн адил хайрла» гэсэн үгийн дотор агуулагддаг юм. 10Хайр бол хөршдөө буруу зүйл үйлддэггүй. Иймд хайр нь хуулийн биелэлт мөн.
11Цаг үеийг, нойрноосоо сэрэх цаг хэдийнээ болжээ гэдгийг мэдэн үүнийг хий. Учир нь урьд бидний итгэсэн үеэс аврал одоо бидэнд улам ойрхон байна. 12Шөнө өнгөрч, өдөр ойртов. Тиймээс харанхуйн үйлсийг хажуу тийш тавьж, гэрлийн зэвсгүүдийг агсацгаая. 13Утга учиргүй найрлан цэнгэж, архидах бус, садарлан, тачаадах бус, хэрэлдэн маргаж, атаархан жөтөөрхөх бус, харин өдөр буй мэт бүгдээрээ зүй зохистой явцгаая. 14Эзэн Есүс Христийг өөртөө өмс. Хүсэл тачаалынх нь талаар махан биеийг юугаар ч бүү ханга.

Одоогоор Сонгогдсон:

РОМ 13: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү