ДУУЛАЛ 72

72
Соломоны дуулал.
1Бурхан, Өөрийн шүүлтийг хаанд,
Өөрийн зөв шударгыг хааны хүүд өгөөч.
2Тэр Таны хүмүүсийг зөв шударгаар,
Таны үгээгүйчүүдийг шударга ёсоор шүүх болтугай.
3Уулс ба толгод ч зөв шударгаар
Хүмүүст амар тайвныг авчраг.
4Тэрээр ард түмний зүдрэгсдийг зөвтгөн,
Гачигдагсдын хүүхдүүдийг аварч
Дарлагчийг сөнөөх болтугай.
5Тэд нарыг болон сарыг байхад, үеийн үед Танаас эмээг.
6Тэрээр хатсан өвсөн дээр бороо шиг,
Газар хөрсийг усалдаг ширүүн бороо шиг бууж ирэх болтугай.
7Түүний өдрүүдэд зөв шударга хүн цэцэглэг.
Сарыг үгүй болтол амар тайван ч арвин ихээр байг.
8Тэрээр далайгаас далай хүртэл,
Мөрнөөс газрын хязгаар хүртэл захирах болтугай.
9Цөлийн нүүдэлчид түүний өмнө бөхийж,
Түүний дайснууд тоос шороог долоох болтугай.
10Таршиш болон арлуудын хаад алба гувчуурыг авчраг.
Шеба болон Себагийн хаад бэлэг барих болтугай.
11Бүх хаад түүний өмнө сөгдөж,
Бүх үндэстнүүд түүнд зарагдах болтугай.
12Тэрээр гачигдагчийг тусламж гуйн хашхирахад нь,
Мөн дарлагдагчийг болон туслагчгүй нэгнийг ч бас аварна.
13Тэрээр ядуус ба гачигдагсдыг өршөөх бөгөөд
Гачигдагсдын амийг аврах болно.
14Тэр тэдний амийг дарамт ба хүчирхийллээс аврах бөгөөд
Тэдний цус түүний нүдэнд үнэтэй байх болно.
15Тиймээс тэр амьд байж, Шебагийн алт түүнд өгөгдөх болтугай.
Тэд түүний төлөө үргэлж залбирах болтугай.
Тэд түүнийг өдөржин ерөөх болтугай.
16Уулсын оргил дээрх газарт үр тариа элбэг дэлбэг байх болтугай.
Түүний үр жимс Ливаны хуш шиг найгана.
Хотод суугчид газрын ургамал мэт урган цэцэглэх болтугай.
17Түүний нэр мөнхөд байх болтугай.
Түүний нэр нар гэрэлтэх мэт өсөх болтугай.
Хүмүүсийг түүгээр ерөөлгөөч.
Бүх үндэстнүүд түүнийг ерөөгдсөн гэж дуудагтун.
18Ганцаараа гайхамшгуудыг үйлддэг
Израилийн Бурхан, ЭЗЭН Бурхан магтагдах болтугай.
19Түүний сүр жавхлант нэр мөнхөд магтагдах болтугай.
Бүх дэлхий Түүний алдраар дүүртүгэй.
Амен, Амен.
20Иессийн хүү Давидын залбирал төгсөв.
ГУРАВДУГААР НОМ
(Дуулал 73–89)

Одоогоор Сонгогдсон:

ДУУЛАЛ 72: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү