ДУУЛАЛ 73
73
Асафын дуулал.
1Үнэхээр Бурхан Израильд,
Зүрх нь цэвэр хүмүүст сайн билээ.
2Харин миний хувьд би бараг хөл алдаж,
Бараг хальтрах шахлаа.
3Учир нь би хорон муу хүний амжилтыг харан
Сайрхагчид атаархсан.
4Учир нь тэд үхэх цагтаа өвчингүй байдаг бөгөөд
Тэдний бие нь тарган юм.
5Тэд бусад хүмүүс шиг зовлонгүй,
Хүн төрөлхтөн шиг ч гай гамшиггүй.
6Тиймээс бардамнал нь тэдний хүзүүний зүүлт болдог.
Хүчирхийллийн хувцас тэднийг нөмөрдөг.
7Таргалснаас болж нүд нь бүлтэрчээ.
Тэдний зүрхний төсөөллүүд хүслээс нь илүү.
8Тэд элэглэж, дарангуйллын талаар хорсолтойгоор ярьдаг.
Тэд ихэмсгээр ярьдаг.
9Тэд амаараа тэнгэрүүдийг эсэргүүцэж,
Тэдний хэл газар дэлхийгээр жагсан алхаж байна.
10Тиймээс түүний хүмүүс энэ газар уруу эргэн ирж,
Бялхам их усыг уудаг.
11Тэд “Бурхан яаж мэддэг юм бэ?
Хамгийн Дээд Нэгэнд мэдлэг байдаг уу?” гэдэг.
12Харагтун, эдгээр нь хорон муу хүмүүс юм.
Үргэлж тайвширсан байж тэд эд хөрөнгөө арвижуулсан билээ.
13Үнэндээ би дэмий л зүрхээ цэвэр байлгаж,
Гараа гэмгүй байдал дотор угаалаа.
14Учир нь би өдөржин сахилгажуулагдаж,
Өглөө бүр гэсгээл хүртдэг байжээ.
15Хэрвээ би “Би ингэж ярина” гэсэн бол,
Харагтун, би Таны хүүхдүүдийн үе удмаас урвах байсан.
16Үүнийг ойлгохоор бодох үед минь
Надад маш төвөгтэй байсан бөгөөд
17Энэ нь намайг Бурханы ариун газарт орох үе хүртэл үргэлжлэв.
Тэгэхэд л би тэдний эцсийг ухаарсан.
18Үнэндээ Та тэднийг хальтиргаатай газар байлгасан юм.
Та тэднийг мөхөл уруу хаясан.
19Тэд хоромхон зуур ингэж сүйрэх гэж!
Тэд гэнэтийн аймшгаар бүрмөсөн сүйтгэгдсэн билээ!
20ЭЗЭН, хүн зүүднээсээ сэрдэг шиг
Та тэднийг сэрээн, дүр төрхийг нь ч үл ойшооно.
21Миний зүрх сэтгэл гашуудахад
Би дотроо цоо хатгагдан
22Мэдрэмжгүй, хайхрамжгүй байв.
Би Таны өмнө адгуус амьтан шиг л байсан.
23Гэсэн ч би үргэлж Тантай хамт байна.
Та баруун гараас минь барьсан юм.
24Та намайг Өөрийн зөвлөгөөгөөр удирдаж,
Хожим намайг сүр жавхланд угтан авна.
25Тэнгэрт Танаас гадна надад хэн байгаа вэ?
Танаас өөр юуг ч газар дээр би хүсдэггүй.
26Махан бие ба зүрх минь үгүй болж болно,
Харин Бурхан бол мөнхөд зүрхний минь хүч болон миний хувь юм.
27Учир нь харагтун, Танаас хол буй хүмүүс сөнөх болно.
Танд итгэлгүй бүгдийг Та устгасан билээ.
28Харин Бурханд ойр байх нь надад сайн.
Таны бүх үйлсийг тунхаглахын тулд
Би БУРХАН Эзэнийг өөрийн хоргодох газар болгосон.
Одоогоор Сонгогдсон:
ДУУЛАЛ 73: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society