ДУУЛАЛ 74
74
Асафын маскил.
1Бурхан, яагаад Та биднийг үүрд орхисон бэ?
Яагаад Таны уур Өөрийнхөө бэлчээрийн хонин сүргийн эсрэг шатна вэ?
2Таны эрт үеэс олж авран,
Өөрийн өвийн овог болгохоор Таны зольсон чуулганаа санаач.
Өөрийн оршин суусан газар болох энэ Сион уулыг ч санаач.
3Өөрийнхөө алхааг үүрдийн нуранги уруу эргүүлээч.
Дайсан ариун газар доторх бүхнийг бусниулсан.
4Таны өстнүүд Таны хурлын газрын дунд турхирчээ.
Тэд өөрсдийнхөө тугийг тэмдэг болгон босгосон.
5Энэ нь хэн нэгэн хүн ой модонд
Сүхээ өргөсөн юм шиг байна.
6Одоо ч түүн доторх бүх сийлбэрүүдийг
Тэд сүх ба лантуугаар цавчин устгаж байна.
7Тэд Таны ариун газрыг бүрэн шатаасан.
Тэд Таны нэрийн оршдог газрыг бузарласан.
8Тэд зүрхэндээ “Тэднийг бүрэн устгацгаая” гэв.
Тэд газар нутаг дахь Бурханы бүх хурлын газруудыг шатаажээ.
9Бид өөрсдийн тэмдгүүдээ хардаггүй.
Эш үзүүлэгч ч байхгүй бөгөөд
Хэр удахыг мэдэх хүн ч бидний дунд алга.
10Бурхан, өстөн хэдий болтол тохуурхаж,
Дайсан ч Таны нэрийг хэдий болтол мөнхөд хараан зүхэх вэ?
11Юунд Та мутраа, баруун мутраа татна вэ?
Өөрийн өврөөс гаргаж, тэднийг устгаач!
12Гэсэн ч Бурхан бол эртнээс миний хаан юм.
Тэрээр дэлхийн дунд авралын ажлуудыг хийдэг.
13Та Өөрийн хүчээр далайг хуваасан.
Та усан доторх далайн амьтдын толгойг бяцалсан.
14Та Левиатаны толгойнуудыг няцалсан.
Та түүнийг цөл газрын амьтдад хүнс болгон өгсөн.
15Та горхи ба булгуудыг оргилуулсан.
Та үргэлж урсдаг урсгалуудыг ширгээн хатаасан.
16Өдөр бол Таных, шөнө ч бас Таных юм.
Та гэрэл хийгээд нарыг бэлтгэсэн.
17Та газар дэлхийн бүх хил хязгаарыг тогтоосон.
Та зун хийгээд өвлийг бий болгосон.
18ЭЗЭН, дайсан тохуурхсаныг болон
Мунхаг хүмүүс Таны нэрийг хараан зүхснийг санаач.
19Өөрийн тагтааны амийг зэрлэг амьтанд бүү өгөөч.
Өөрийн зүдэрсэн хүний амийг бүү үүрд мартаач.
20Гэрээг эргэн хараач.
Учир нь газар нутгийг харанхуй газрууд хүчирхийллийн орших сууцаар дүүрсэн.
21Дарлагдагсдыг ичгүүртэйгээр бүү буцаагаач.
Зүдрэгсэд ба гачигдагсдаар Өөрийн нэрийг магтуулаач.
22Бурхан, босож Өөрийн хэргээ өмгөөлөөч.
Мунхаг хүн өдөржин Таныг хэрхэн буруутгадгийг санаач.
23Өөрийн өстнүүдийн дууг,
Таны эсрэг босдог хүмүүсийн үргэлж гарч байдаг шуугианыг бүү мартаач.
Одоогоор Сонгогдсон:
ДУУЛАЛ 74: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society