ЕЗЕКИЕЛ 43

43
1Дараа нь тэр зүүн зүг уруу харах дааман хаалга уруу намайг дагуулж ирэв. 2Харагтун, Израилийн Бурханы цог жавхлан зүүн зүгээс ирж байв. Түүний дуу нь их усны чимээ мэт агаад дэлхий Түүний цог жавхланд гэрэлтэв. 3Энэ нь миний үзсэн үзэгдлийн дүртэй адил бөгөөд хотыг Тэр устгахаар ирсэн үед миний үзсэн үзэгдэлтэй адил байв. Үзэгдлүүд нь Хебар голын дэргэд миний үзсэн үзэгдэлтэй адил байсан. Би нүүрээрээ хөсөр унав. 4ЭЗЭНий цог жавхлан нь зүүн зүг уруу харсан дааман хаалгаар өргөөнд орж ирэв. 5Сүнс намайг өргөж, доторх хашаа уруу авчрав. Харагтун, ЭЗЭНий цог жавхлан өргөөг дүүргэв.
6Дараа нь миний хажууд нэг хүн зогсож байх зуур өргөөнөөс хэн нэгэн надад өгүүлэхийг би сонсов. 7Тэр надад
—Хүний хүү, энэ бол Израилийн хөвгүүдийн дунд Миний мөнхөд орших газар буюу Миний сэнтийний газар, Миний хөлийн ул гишгэх газар юм. Израилийн гэр болох тэд ч, тэдний хаад ч өөрсдийн садар самуун явдал болон үхсэн хаадынхаа хүүрүүдээр Миний ариун нэрийг дахин бузарлахгүй. 8Мөн Би болон тэдний хооронд хана төдий байхаар өөрсдийн босгыг Миний босгоны дэргэд, өөрсдийн хаалганы хүрээг Миний хаалганы хүрээний дэргэд босгосноороо бузарлахгүй. Тэд өөрсдийн үйлдсэн жигшүүрт үйлсээр Миний ариун нэрийг бузарласан. Ийнхүү Би Өөрийн хилэн дотор тэднийг шатаав. 9Одоо тэд өөрсдийн садар самуун явдал болон хаадынхаа хүүрүүдийг Надаас маш хол зайлуулаг. Би тэдний дунд мөнхөд орших болно.
10Хүний хүү чиний хувьд гэвэл, Израилийн гэр өөрсдийн гэм буруунуудын төлөө ичихийн тулд тэдэнд сүмийг дүрслэгтүн. Тэдэнд загварыг хэмжүүл. 11Хэрэв тэд өөрсдийн хийсэн бүхнээс ичих аваас тэдэнд өргөөний загвар, түүний бүтэц, түүний орох гарах хаалга, түүний хамаг загвар, түүний хамаг тогтоол ба хамаг хуулийг мэдүүл. Тэдний нүдний өмнө үүнийг бич. Ингэснээр тэд үүний бүхэл загвар болон үүний хамаг тогтоолыг сахиж, тэдгээрийг үйлдэх юм. 12Өргөөний хууль нь энэ буюу. Уулын орой дээрх эргэн тойрны бүх газар нь хамгийн ариун байх ёстой. Харагтун, өргөөний хууль нь энэ буюу.
13Тахилын ширээний, тохойгоор хэмжих хэмжээсүүд нь энэ буюу. (Нэг тохой дээр нэг алганы энг нэмсэн нь тохой билээ.) Суурь нь нэг тохой, өргөн нь нэг тохой ба түүний тойргийн зах нь нэг сөөм байх болой. Энэ нь тахилын ширээний суурийн өндөр нь байх болой. 14Газар дээрх сууриас доод булан хүртэл хоёр тохой ба өргөн нь нэг тохой байх болой. Бага булангаас их булан хүртэл дөрвөн тохой ба өргөн нь нэг тохой байх болой. 15Тахилын ширээний зуух нь дөрвөн тохой бөгөөд тахилын ширээний зуухнаас дээш дөрвөн эвэр гарсан байв. 16Тахилын ширээний зуух нь арван хоёр тохой урт, арван хоёр тохой өргөн бөгөөд тал бүрээрээ шоо дөрвөлжин байх болой. 17Булан нь дөрвөн талдаа арван дөрвөн тохой урт, арван дөрвөн тохой өргөн бөгөөд түүний тойрох зах нь хагас тохой, түүний суурь нь эргэн тойрондоо нэг тохой ба гишгүүрүүд нь зүүн зүг уруу харсан байх болно гэв.
18Тэр надад айлдахдаа
—Хүний хүү, Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Дээр нь шатаалт тахилыг өргөж, түүн дээр цусыг цацахын тулд тахилын ширээг босгох өдөрт түүнд зориулсан тогтоолууд нь энэ юм. 19Надад үйлчлэхийн тулд Надад ойртох Задокийн үр удмаас гаралтай левичүүдийн тахилч нарт нүглийн төлөөх тахил болгож залуу бухыг чи өгөх ёстой” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 20“Чи түүний цуснаас хэсгийг авч, түүнийг тахилын ширээний дөрвөн эвэр болон булангийн дөрвөн өнцөг, тойргийн захад түрхэгтүн. Ийнхүү чи тахилын ширээг цэвэршүүлж түүний төлөө эвлэрүүллийг үйлдэх ёстой. 21Нүглийн төлөөх тахилын бухыг чи бас авах ёстой. Тэр нь ариун газрын гадна, өргөөний тогтоосон газарт шатаагдах ёстой. 22Хоёр дахь өдөрт өө сэвгүй ухныг нүглийн төлөөх тахил болгон өргөгтүн. Тэд бухаар тахилын ширээг цэвэршүүлсний адил цэвэршүүлэх ёстой. 23Түүнийг цэвэршүүлж дуусаад өө сэвгүй залуу бухыг, бог малаас өө сэвгүй хуцыг чи өргөх ёстой. 24Тэдгээрийг ЭЗЭНий өмнө авчирч, тахилч нар эдгээрийн дээр давс цацаж, шатаалт тахил болгон ЭЗЭНд өргөх ёстой. 25Долоо хоногийн турш нүглийн төлөөх тахилд зориулан өдөр бүр ямаа бэлтгэ. Бас өө сэвгүй бух болон бог малаас хуц бэлтгэгдэх ёстой. 26Долоо хоногийн турш тэд тахилын ширээний төлөө эвлэрүүллийг үйлдэж, түүнийг ариусгаж, тийнхүү тэд түүнийг ариусгах ёстой. 27Тэд эдгээр хоногуудыг дуусгахад, найм дахь өдөр болон түүнээс хойш тахилч нар тахилын ширээн дээр та нарын шатаалт тахилуудыг болон эвийн тахилуудыг өргөх ёстой. Би та нарыг хүлээн авах болно.” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна гэв.

Одоогоор Сонгогдсон:

ЕЗЕКИЕЛ 43: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү