ЕЗЕКИЕЛ 44

44
1Дараа нь Тэр намайг зүүн зүг уруу харсан ариун газрын гадна талын дааман хаалгаар буцаан авчирсан бөгөөд хаалга нь хаагдсан байв. 2ЭЗЭН надад айлдахдаа
—Энэ дааман хаалга хаалттай байх ёстой. Энэ нь нээгдэж болохгүй, хэн ч үүгээр орох ёсгүй. Учир нь Израилийн Бурхан ЭЗЭН үүгээр орсон юм. Тийм учраас энэ нь хаалттай байх ёстой. 3Ноёны хувьд гэвэл, тэр ЭЗЭНий өмнө талх идэхийн тулд ноён шиг тэнд суух болой. Тэр нь дааман хаалганы үүдний танхимаар орон, бас түүгээр гарч явах ёстой гэв.
4Дараа нь намайг Тэр хойд дааман хаалгаар өргөөний урд дагуулж ирэв. Намайг харахад, харагтун, ЭЗЭНий цог жавхлан нь ЭЗЭНий өргөөг дүүргэсэн байв. Би нүүрээрээ хөсөр унав. 5ЭЗЭН надад айлдахдаа
—Хүний хүү, ЭЗЭНий өргөөний хамаг тогтоолын тухай болон түүний бүх хуулийн талаар Миний чамд айлдах бүгдийг зүрхэндээ тогтоон, нүдээрээ үзэж, чихээрээ сонс. Өргөөний үүдийг ариун газрын бүх орох үүднүүдтэй хамт зүрхэндээ тогтоо. 6Тэрслэгчид болох Израилийн гэрт чи хэлэхдээ “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Израилийн гэр ээ. Та нарын бүх жигшүүр нь хангалттай юм. 7Ингэхдээ зүрхэндээ хөвч хөндүүлээгүй, махан биедээ ч хөвч хөндүүлээгүй харь хүмүүсийг Миний ариун газрыг бузарлуулахаар тэнд байлгаж, түүгээр ч барахгүй Миний хүнс болох өөх, цусыг өргөх үедээ Миний өргөөг бузарлахаар та нар тэнд оруулсан. Учир нь та нарын хамаг жигшүүр дээр нэмж тэд Миний гэрээг хүчингүй болгосон. 8Та нар Миний ариун зүйлсийн үүргийг өөрсдөө сахилгүй, харин Миний ариун газрын үүргийг сахиулахаар харь хүмүүсийг та нар тавив».
9Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Зүрхэндээ хөвч хөндүүлээгүй, махан биедээ ч хөвч хөндүүлээгүй ямар ч харь хүн, Израилийн хөвгүүдийн дунд буй бүх харь хүнээс нэг нь ч Миний ариун газарт орж болохгүй. 10Харин Израилийг төөрч явахад Надаас холдсон бөгөөд өөрсдийн шүтээнүүдийн араас дагаж Надаас төөрсөн левичүүд нь өөрсдийн гэм буруугийн төлөө шийтгэлийг үүрэх ёстой. 11Гэсэн ч тэд өргөөний дааман хаалганд харуул хийж, өргөөнд үйлчлэн Миний ариун газарт үйлчлэгчид байх ёстой. Тэд ард түмний төлөө шатаалт тахил ба тахилыг нядалж, ард түмэнд үйлчлэхээр тэдний өмнө тэд зогсох болно. 12Тэд өөрсдийн шүтээнүүдийн өмнө ард түмэнд үйлчилж, Израилийн гэрт гэм буруугийн бүдрүүлэх чулуу болсон учраас, тиймийн тул тэд өөрсдийн гэм буруугийн төлөө шийтгэл үүрэх ёстой хэмээн Би тэдний эсрэг тангарагласан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 13«Тэд Надад тахилчаар үйлчлэхийн тулд Надад ойртох ёсгүй, Миний ариун юмсын алинд ч, хамгийн ариун юмсад ч ойртож болохгүй. Харин тэд өөрсдийн ичгүүр болон өөрсдийн үйлдсэн жигшүүрт үйлсийг үүрэх ёстой. 14Гэсэн ч өргөөний үүрэг болох түүний бүх үйлчлэл ба тэнд хийгдэх ёстой бүхнийг хийлгэхээр Би тэднийг томилох болно.
15Харин Израилийн хөвгүүдийг Надаас төөрч явсан үед, Миний ариун газрын үүргийг сахисан, Задокийн хөвгүүд болох Левийн тахилч нар нь Надад үйлчлэхээр Надад ойртох болно. Тэд Надад өөх, цусыг өргөхөөр Миний өмнө зогсох ёстой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 16«Тэд Миний ариун газарт орох ёстой. Тэд Надад үйлчилж, Миний үүргийг биелүүлэхийн тулд Миний ширээнд ойртох ёстой. 17Тэд дотоод хашааны дааман хаалгаар орохдоо маалинган хувцас өмсөх ёстой. Дотоод хашааны дааман хаалганууд болон өргөөн дотор тэд үйлчилж байхдаа тэд ноосон хувцастай байх ёсгүй. 18Тэдний толгойд маалинган малгай, ууцанд нь маалинган дотуур хувцас байх ёстой. Хөлөргөх аливаа юмыг тэд биедээ өмсөж болохгүй. 19Тэд гаднах хашаа уруу гарах үед, ард түмэн уруу гаднах хашаанд гарах үед үйлчлэлд өмсөж байсан хувцсаа тайлж, тэдгээрийг ариун танхимуудад тавих ёстой. Дараа нь өөрсдийн хувцсаар ард түмэнд ариун байдлыг дамжуулахгүйн тулд тэд өөр хувцас өмсөх ёстой. 20Бас тэд толгойн үсээ хусах ёсгүй боловч өөрсдийн туг үснүүдийг урт ургуулж болохгүй. Тэд толгойн үсээ зөвхөн тайрах ёстой. 21Тахилч нарын хэн нь ч дотоод хашаанд орох үед дарс ууж болохгүй. 22Тэд бэлэвсэн, эсвэл салсан эмэгтэйтэй гэрлэх ёсгүй. Харин Израилийн гэрийн үр удмаас онгон охидыг, эсвэл тахилчийн бэлэвсэн эмэгтэйг авах ёстой. 23Түүнээс гадна, тэд Миний ард түмэнд ариун болон эгэл жирийн хоорондох ялгааг зааж, бузар болон цэврийг хооронд нь ялгах чадвартай болгох ёстой. 24Маргаанд тэд шүүхийн тулд байраа эзлэх ёстой. Тэд үүнийг Миний тогтоолын дагуу шүүх ёстой. Тэд бас Миний хамаг товлосон баярууд дээр Миний хууль болон Миний тогтоолуудыг сахиж, Миний амралтын өдрийг ариусгах ёстой. 25Тэд үхсэн хүнд ойртож биеэ бузарлах ёсгүй. Харин эцэг, эх, хүү, охин, ах дүү, эсвэл нөхөрт гараагүй эгч, дүүгийнхээ төлөө тэд өөрсдийгөө бузарлаж болно. 26Тэр цэвэршүүлэгдсэний дараа түүнд зориулан долоо хоногийг тоолох ёстой. 27Тэр ариун газарт үйлчлэхийн тулд дотоод хашаанд ариун газарт орох өдрөө өөрийн нүглийн төлөөх тахилыг өргөх ёстой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
28«Тэдний өвтэй хамаатай нь энэ билээ. Би тэдний өв юм. Та нар тэдэнд Израильд ямар ч эзэмшлийг өгөх ёсгүй. Би тэдний эзэмшил юм. 29Тэд идээн өргөл, нүглийн төлөөх тахил, гэмийн төлөөх тахилыг идэх ба Израиль доторх аливаа зориулагдсан зүйл нь тэднийх болох болой. 30Төрөл бүрийн бүх анхны үр жимсний дээж нь, та нарын бүх хандив дотроос төрөл бүрийн аливаа хандив нь тахилч нарт зориулагдах ёстой. Та нарын гэрийн дээр ерөөлийг буулгахын тулд та нар зуурсан гурилынхаа дээжийг ч бас тахилчид өгөх ёстой. 31Үхсэн, эсвэл тастчуулсан аливаа шувуу, эсвэл араатны сэгийг тахилч нар идэх ёсгүй.

Одоогоор Сонгогдсон:

ЕЗЕКИЕЛ 44: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү