Дуулал 103:6-22
Дуулал 103:6-22 АБ2013
ЭЗЭН дарлагдсан бүхний төлөө Зөвт үйлс болон шүүлтүүдийг үйлддэг. Өөрийн замыг Мосед, Үйлсээ Израилийн хөвгүүдэд Тэрээр мэдүүлсэн. ЭЗЭН өрөвч, нигүүлсэнгүй, Уурлахдаа удаан, Хайр энэрлээр элбэг баян. Үргэлжид тэмцэлдэхгүй, Уураа ч Тэрээр мөнхөд хадгалахгүй. Хилэнцэд минь тааруулан Хандаагүй билээ, Тэрээр бидэнд Гэм буруугаар маань ч Хариулаагүй билээ, бидэнд. Учир нь тэнгэр нь газрын дээгүүр өндөрт байдаг шиг Түүнээс эмээгчдэд энэрэл хайр нь агуу их. Өрнө нь дорноос хол байдаг адил Гэмт үйлдлийг маань биднээс Тэрээр тийн холдуулсан. Эцэг хүн хөвгүүдээ өрөвддөгийн адил ЭЗЭН Өөрөөс нь эмээгчдийг өрөвддөг. Учир нь хэлбэр дүрсийг маань Тэрээр мэддэг. Биднийг тоос шороо гэдгийг санаж байдаг. Хүний хувьд, өдрүүд нь өвс ногоо адил. Хээрийн цэцэг шиг тэрээр дэлгэрнэ. Салхи үлээгээд өнгөрөхөд тэр үгүй болох бөгөөд Тэр газар ч түүнийг эс танина. Харин ЭЗЭНий хайр энэрэл Түүнээс эмээгчдийн дээр Мөнхөөс мөнхөд болоод Түүний зөвт байдал Хөвгүүдийн хөвгүүдэд байна. Энэ нь Түүний гэрээг сахигчдад, Түүний заавруудыг биелүүлэхээр санагчдад юм. ЭЗЭН сэнтийгээ тэнгэрт залсан бөгөөд Түүний хаанчлал бүхнийг захирдаг. Үгийнх нь дуу хоолойг даган Үгийг нь биелүүлдэг, хүч чадалтай, Түүний тэнгэрэлч нар аа, ЭЗЭНийг магтагтун. Түүний хүслийг биелүүлэн Түүнд үйлчилдэг, Түүний түг түмд та нар ЭЗЭНийг магтагтун. Түүний захиргаа бүх газарт буй Түүний бүх бүтээл ээ, ЭЗЭНийг магтагтун. Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун.