Тооллого 16

16
Кохат Датан Абирам нарын эсэргүүцэл
1Левийн гуч, Кохатын ач, Изхарын хүү Кора нь Реубений үр удмууд болох Пелетийн хүү Он ба Елиабын хөвгүүд Датан Абирам нартай хамт хөдөлж,#Иуд 11 2Израилийн хэсэг хөвгүүд буюу цуглаанд сонгогдсон нэр алдартай хүмүүс, хотол түмний хоёр зуун тавин удирдагчидтай хамт Мосегийн өмнө хөндөлдөн босжээ. 3Тэд хамтдаа Мосе Аарон нарын эсрэг цуглаж, тэдэнд
—Та нар арай дэндэж байна. Даяар хотол түмэн, хүн бүр нь ариун бөгөөд ЭЗЭН тэдний дунд байна. Юунд та нар өөрсдийгөө ЭЗЭНий чуулганаас дээгүүр өргөмжилнө вэ? гэв. 4Мосе үүнийг сонсоод нүүрээрээ унав. 5Тэрээр Кора ба түүний бүх нөхдөд
—Маргааш өглөө хэн нь Түүнийх, хэн нь ариун болохыг ЭЗЭН үзүүлж, тэр хүнийг Өөртөө ойртуулах болно. Сонгох хүнээ л Тэр Өөртөө ойртуулна. 6Үүнийг хийгтүн. Кора ба түүний нөхөд та нар бүгд өөрсдөдөө бойпруудыг аваад, 7маргааш, дотор нь гал хийж, ЭЗЭНий оршихуйд түүн дээрээ утлага тавь. Тэгээд ЭЗЭНий сонгох хүн нь ариун нэгэн болно. Левийн хөвгүүд та нар л арай дэндэж байна гэв. 8Дараа нь Мосе, Корад
—Левийн хөвгүүд та нар сонсогтун. 9Израилийн Бурхан та нарыг Өөртөө ойртуулахаар, ЭЗЭНий асрын үйлчлэлийг хийлгэхээр, хотол түмний өмнө зогсоон тэдэнд үйлчлүүлэхээр Израилийн хотол түмэн дотроос та нарыг тусгаарласан нь та нарт хангалтгүй байна уу? 10Тэр чамайг Левийн хөвгүүд болох ах дүүсийн чинь хамт ойртуулсан байхад та нар бас тахилч болохоор эрэлхийлнэ үү? 11Тиймээс л чи болон чиний бүх нөхөд ЭЗЭНий эсрэг хамтдаа цугласан байна. Харин Аарон хэн болоод та нар түүний эсрэг гомдоллон гонгинолдоно вэ? гэлээ.
12Дараа нь Мосе, Елиабын хөвгүүд болох Датан Абирам нарыг дуудан ирүүлэхээр хүн илгээсэн боловч тэд
—Бид очихгүй. 13Чи биднийг цөлд үхүүлэхээр сүү зөгийн бал урссан нутгаас авч гарсан нь багадаад бас биднийг захирах нь уу? 14Чи биднийг сүү зөгийн бал урссан нутагт аваачиж, тариалангийн талбай, усан үзмийн цэцэрлэгийг бидэнд хувь болгоод өгчихсөн юм уу? Чи энэ хүмүүсийн нүдийг ухах гэж байна уу? Бид очихгүй гэж хэлэв.
15Тэгтэл Мосе ихэд уурлан, ЭЗЭНд
—Тэдний өргөлд харцаа бүү хандуулаач! Би тэднээс ганц ч илжиг аваагүй, тэдний хэнд нь ч би хор учруулаагүй гэлээ. 16Мосе Корад
—Чи болон чиний бүх нөхөд маргааш Ааронтай хамт ЭЗЭНий өмнө байцгаа. 17Хүн бүр өөрийн бойпрыг авч, дотор нь утлага хийн хүн бүр өөр өөрийн бойпрыг буюу хоёр зуун тавин бойпрыг ЭЗЭНий өмнө авчир. Аарон та хоёр ч тус тусын бойпрыг авчрагтун гэж хэлэв. 18Тиймээс тэд тус тусынхаа бойпрыг авч, дотор нь гал хийж, дээр нь утлага үйгээд Мосе Аарон нартай хамт уулзалтын майхны үүдэнд зогслоо. 19Даяар хотол түмнийг уулзалтын майхны үүдэнд тэдний эсрэг Кора цуглуулав. Тэгээд ЭЗЭНий цог жавхлан даяар хотол түмэнд үзэгдэв.
20ЭЗЭН, Мосе Аарон нартай ярин айлдахдаа
21Би энэ даяар хотол түмнийг даруй устгах учраас өөрсдийгөө эднээс салга гэв. 22Харин тэд нүүрээрээ унан
—Бурхан, бүх махбодын сүнснүүдийн Бурхан Та нэг хүн нүгэл үйлдэхэд даяар хотол түмэнд хилэгнэнэ гэж үү? гэв.
23Тэгтэл ЭЗЭН, Мосетэй ярин
24Хотол түмэнд “Кора, Датан ба Абирам нарын оршин сууж буй газрын эргэн тойрноос ухарцгаа” гэж хэл гэв. 25Мосе босож, Датан Абирам нар уруу явахад Израилийн ахмадууд өөрийг нь дагав. 26Тэрээр хотол түмэнд хэлсэн нь
—Эдгээр гэм буруутнуудын майхнаас холдон салж, тэдэнд харьяалагдах юунд ч бүү хүр. Эс бөгөөс та нар тэдний бүх нүгэлд устгагдах болно гэв. 27Тиймээс Кора, Датан ба Абирам нарын оршин сууж буй газрын эргэн тойронд байсан бүгд ухарцгаав. Датан Абирам нар гарч ирэн, эхнэрүүд, хөвгүүд болон багачуудынхаа хамт майхнуудынхаа үүдэнд зогсов. 28Мосе
—Эдгээр бүх үйлсийг хийлгэхээр ЭЗЭН намайг илгээснийг, энэ нь миний өөрийн хийж буй зүйл биш гэдгийг та нар үүгээр мэдэх болно. 29Хэрэв тэд бүх хүнд тохиолддог үхлээр үхэж эсвэл бүх хүний адилаар шийтгүүлэх аваас ЭЗЭН намайг илгээгээгүй болно. 30Харин ЭЗЭН цоо шинэ зүйлийг авчирч, улмаар газар амаа нээж, тэднийг бүх зүйлийнх нь хамт залгин, тэд амьдаараа Үхэгсдийн оронд очих аваас энэ хүмүүс ЭЗЭНийг үл тоомсорлосныг та нар ойлгох болно гэв.
31Тэрээр энэ бүх үгийг хэлж дуусмагц тэдний доорх газар хагаран цуурч, 32газар амаа нээж, тэднийг болон гэрийнхнийг нь мөн Корад хамаатай бүх хүнийг эд хөрөнгөтэй нь хамт залгилаа. 33Тэд болон тэдэнд харьяалагдах бүхэн Үхэгсдийн орон уруу амьдаараа доош оржээ. Газар тэдний дээр хаагдан, тэд чуулганы дундаас устгагджээ. 34Тэдний эргэн тойронд байсан бүх израиль хүн
—Газар биднийг ч залгиж болзошгүй гэцгээн, тэдний хашхирах дуунаас болж зугтжээ. 35ЭЗЭНээс гал гарч ирэн, утлага өргөж байсан хоёр зуун тавин хүнийг шатаав.
36Дараа нь ЭЗЭН, Мосетэй ярин
37Бойпрууд ариуссан учраас тэдгээрийг авч, шатаж буй галыг нь тараан цац гэж тахилч Аароны хүү Елеазарт хэл. 38Амийнхаа үнээр нүгэл үйлдсэн тэр хүмүүсийн бойпруудын хувьд, тэд үүнийгээ ЭЗЭНий өмнө авчирсан бөгөөд тэдгээр нь ариуссан учраас үүнийг тахилын ширээг бүрэх давтсан ялтас болгогтун. Тэдгээр нь Израилийн хөвгүүдэд тэмдэг болог гэлээ. 39Ингээд шатаагдсан хүмүүсийн өргөж байсан хүрэл бойпруудыг тахилч Елеазар авч, тэдгээрийг тахилын ширээг бүрэх ялтас болгон давтсан нь 40Мосегоор дамжуулан түүнд ЭЗЭНий айлдсаны дагуу Кора болон түүний нөхөдтэй адил болохгүйн тулд Аароны үр удмын биш, гаднын хүн ЭЗЭНий өмнө утлага уугиулахаар ойртон очих ёсгүйг Израилийн хөвгүүдэд сануулга болгохын тулд билээ.
41Гэтэл дараагийн өдөр нь Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн Мосе Аарон нарын эсрэг гонгинолдож
—Та нар ЭЗЭНий ард түмнийг үхэлд хүргэсэн гэцгээв. 42Хотол түмэн Мосе Аарон нарын эсрэг цуглаж, уулзалтын майхан уруу эргэтэл, харагтун, түүнийг нь үүл бүрхэж, ЭЗЭНий цог жавхлан үзэгдэв. 43Мосе Аарон нар уулзалтын майхны урд ирэв. 44ЭЗЭН, Мосетэй ярин
45Би энэ хотол түмнийг бүхэлд нь даруй устгахын тулд эдний дундаас холд гэв. Харин тэд нүүрээрээ унав. 46Мосе, Ааронд
—Бойпроо авч, дотор нь тахилын ширээнээс гал хийгээд, дээр нь утлагыг тавиад хотол түмэнд хурдхан аваачиж, тэдний төлөө эвлэрүүллийг хийгтүн. Учир нь ЭЗЭН уурлан хилэгнэж, гамшиг нэгэнт эхэлжээ гэв. 47Мосегийн хэлсэн ёсоор Аарон бойпроо авч, хотол түмний дунд гүйн оров. Харагтун, гамшиг ард олны дунд эхэлчихсэн байлаа. Тийнхүү тэр утлагыг тавьж, ард олны төлөө эвлэрүүллийг хийлээ. 48Тэрээр амьд болон үхэгсдийн хооронд зогссон бөгөөд гамшиг зогслоо. 49Тэнд гамшгаар үхэгсэд нь Корагийн улмаас үхэгсдээс гадна арван дөрвөн мянга долоон зуу байлаа. 50Гамшиг зогссоны дараа Аарон уулзалтын майхны үүдэнд Мосе дээр эргэж ирэв.

Одоогоор Сонгогдсон:

Тооллого 16: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү