Леви 25

25
Амралтын жил
(Дх 15:1–11)
1ЭЗЭН, Синаи уулан дээр Мосед ярин айлдахдаа#Гэт 23:10–11
2Израилийн хөвгүүдтэй ярин “Миний та нарт өгч байгаа нутагт та нар очих үед уг газар ЭЗЭНд Амралтыг сахиж эхлэх юм. 3Зургаан жил чи талбайдаа тариалж, зургаан жил усан үзмийн модоо танан, газрын ургацыг нь цуглуул. 4Харин долоо дахь жилд газар бүрэн Амралт эдэлж, ЭЗЭНий Амралт болог. Та нар талбайдаа бүү тариал, усан үзмийн модоо ч бүү тана. 5Зөнгөөрөө ургасныг та нар бүү хураа, танагдаагүй усан үзмийн модны үзмийг ч бүү цуглуул. Газар Амралтын жилийг эдлэг. 6Газрын Амралтын жил нь та бүхнийг хүнсээр хангана. Чи болон чиний зарц, шивэгчин, танай хөлсний хүн, чамтай хамт нутаглаж буй түр суугч, 7нутагт чинь буй мал сүрэг болон ан амьтдад хүртэл газрын үр шим хүнс болох юм.
Эвэр бүрээдэлтийн жил
8Та нар долоон Амралтын жилийг (долоог долоогоор үржүүлэн) тоол. Долоон Амралтын жилийн хугацаа нь дөчин есөн жил болно. 9Тэгээд эвэр бүрээг долоо дахь сарын аравны өдөр дуугаргаж, эвлэрүүлгийн өдөр та нар эвэр бүрээг нутаг даяараа дуугаргагтун. 10Та нар тавь дахь жилийг ариусгаж, нутаг даяар бүх оршин суугчдад нь эрх чөлөөг зарлагтун. Энэ нь та нарт эвэр бүрээдэлт болох бөгөөд хүн нэгбүр чинь эзэмшилдээ буцаж, хүн нэгбүр чинь ураг уруугаа эргэж явагтун. 11Тавь дахь жил та нарт эвэр бүрээдэлт болой. Та нар бүү тариал, зөнгөөрөө ургасныг нь ч бүү хураа, танагдаагүй усан үзмийн модноос ч жимс бүү цуглуул. 12Энэ нь эвэр бүрээдэлт бөгөөд та нарт ариун болой. Талбайгаас гарах үр жимсийг идэгтүн.
13Эвэр бүрээдэлтийн энэ жилд хүн нэгбүр чинь эзэмшилдээ буцаж яв. 14Хэрэв чи хөршдөө юм худалдах юмуу хөршийнхөө гараас юм худалдан авбал та нар бие биенээ бүү мөлж. 15Эвэр бүрээдэлтээс хойших жилүүдийн тоогоор чи андаасаа худалдан авах бөгөөд ургацын жилүүдийн тоогоор тэр чамд худалдах ёстой. 16Олон жил үлдвэл та нар үнийг нь өсгөж, цөөн жил үлдвэл үнийг нь багасгах ёстой. Учир нь тэр чамд ургацын тоогоор үүнийг зарж байгаа юм. 17Та нар бие биенээ дарлалгүй, харин Бурханаасаа эмээгтүн. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН Би билээ.
18Нутагтаа аюулгүй амьдрахын тулд та нар Миний зарлигуудыг мөрдөж, Миний шийдвэрүүдийг сахин эдгээрийг биелүүлэгтүн. 19Тэгвэл газар үр шимээ гаргах бөгөөд та нар цадтал идэж, түүн дээр аюулгүй амьдарна. 20Гэвч та нар «Хэрэв бид тариалахгүй эсвэл ургацаа хураахгүй бол долоо дахь жилд юу идэх вэ?» гэж асуувал 21зургаа дахь жилд Би та нарт ивээлээ үзүүлж, энэ нь гурван жилийн ургацыг гаргах юм. 22Найм дахь жилд та нар тариалж байхдаа ч ес дэх жил хүртэл хуучин ургацаас идсээр байх бөгөөд ургац дахин боловсрох хүртэл та нар хуучныг идсээр байх юм. 23Газар Минийх бөгөөд та нар Миний хувьд ирмэл хүмүүс түр суугчид учир газрыг бүрмөсөн зарах ёсгүй. 24Та нар эзэмших газар бүрийнхээ хувьд газрын золилтыг олгох ёстой.
25Хэрэв ах дүү чинь ядуурснаас болж эзэмшил газрынхаа хэсгийг зарах аваас хамгийн ойрын хамаатан нь золихоор ирж, ах дүүгийнхээ зарсныг нь золих учиртай. 26Хэрэв тэр хүнд зольж өгөх ойрын хамаатан байхгүй боловч тэр өөрөө газрын золилтод хүрэлцэх хөрөнгөө өөрийн гараар олж авах аваас 27газрыг зарагдсанаас хойших жилүүдийг тооцоолж, мөнөөх авсан хүндээ зөрүүг нь буцаан төлж, өөрийн эзэмшил газартаа эргэж ирэг. 28Харин газраа өөртөө буцааж авахад хүрэлцэх хэмжээг тэр олж чадаагүй аваас түүний зарсан зүйл эвэр бүрээдэлтийн жилийг хүртэл худалдан авагчийнх нь гарт үлдэг. Харин эвэр бүрээдэлтээр энэ нь хуучин эзэндээ буцаж, тэрээр эзэмшил газартаа эргэн ирэг.
29Хэрэв аливаа хүн хэрэмтэй хот доторх орон сууцаа зарах аваас зарснаасаа хойших бүтэн жилийн туршид үүнийгээ золих боломжтой. Бүтэн жилийн дотор үүнийг зольж болно. 30Хэрэв бүтэн жилийн хугацаанд үүнийг золихгүй байх аваас хэрэмтэй хотод байгаа тэр сууц худалдан авагч хүнд болон хамаг үеийнхэнд нь мөнхөд үлдэх бөгөөд эвэр бүрээдэлтээр ч түүнээс буцаан авагдахгүй. 31Гэсэн ч тойрсон хэрэмгүй тосгодын орон сууцнуудыг хөдөөгийн талбайтай адил тооцон зольж болох бөгөөд эвэр бүрээдэлтээр эдгээр нь буцаан авагдах юм. 32Харин левийнхний хотуудыг болон эзэмшил хот доторх орон сууцуудыг левичүүд ямар ч үед зольж болно. 33Левийнхнээс авсан зүйл буюу тэдний эзэмшлийн хотод зарагдсан орон сууц эвэр бүрээдэлтээр хуучин эзэндээ буцан очих болой.#25:33 Еврейд нь тодорхой бус. Учир нь левийнхний хотуудын орон сууцнууд Израилийн хөвгүүдийн дундах тэдний эзэмшил билээ. 34Харин тэдний хотыг тойрсон бэлчээрүүд тэдний мөнхийн эзэмшил учир зарагдах ёсгүй.
35Хэрэв ах дүү чинь ядуурч, та нарын хажууд өөрийгөө тэтгэх боломжгүй болох аваас та нар түүнийг ирмэл хүн буюу түр суугчийн адил тэтгэн өөрсөдтэйгөө хамт амьдруул.#Дх 15:7–8 36Түүнээс хүү эсвэл ашгийг бүү ав. Харин Бурханаасаа эмээ. Ах дүү чинь та нартай амьдраг. 37Чи түүнд хүүтэй мөнгө зээлүүлж эсвэл ашиг олохын тулд түүнд хүнс өгч болохгүй.#Гэт 22:25; Дх 23:19–20 38Та нарт Канаан нутгийг өгөхөөр мөн Бурхан чинь байхын тулд Египет нутгаас та нарыг гарган авчирсан нь та нарын Бурхан ЭЗЭН Би билээ.
39Хэрэв та нарын дундах ах дүү чинь ядуурснаас болж өөрийгөө чамд худалдах аваас түүнд боолын үйлчлэлийг бүү тох.#Гэт 21:2–6; Дх 15:12–18 40Эвэр бүрээдэлтийн жилийг хүртэл тэр чамтай хамт хөлсний хүн юмуу түр суугч адил байж чамд үйлчлэх ёстой. 41Тэгээд тэр болон түүний хөвгүүд чамаас салан урагтаа буцаж, эцэг өвгөдийнхөө өмчийг эзэмшиг. 42Учир нь тэд Египет нутгаас Миний гарган авчирсан Миний зарц нар болой. Боолыг худалддаг шиг тэд худалдагдах ёсгүй. 43Түүнийг хатуу ширүүнээр бүү захир, харин Бурханаасаа эмээ. 44Та нарын эргэн тойрны үндэстнүүдээс чиний авах зарц хийгээд шивэгчний хувьд чи тэднээс зарц болон шивэгчин худалдан авч болно. 45Түүнчлэн та нарын дунд суугаа түр суугчдын хөвгүүдээс юмуу та нартай хамт байгаа, нутаг дээр чинь өсөн үржих тэдний ургуудаас хүн худалдаж авч болно. Тэд та нарын эзэмшил болж болно. 46Өөрсдийн чинь дараа гарах хөвгүүдэд тэднийг эзэмшил болгон өвлүүлэхээр та нар гэрээслэн өгч болно. Тэд та нарт үеийн үед үйлчлэх болно. Харин ах дүү чинь болох Израилийн хөвгүүдийн тухайд, та нар бие биенээ хатуу ширүүнээр захирах ёсгүй.
47Хэрэв та нартай хамт байгаа ирмэл хүн буюу түр суугчийн хөрөнгө хангалттай болж, түүний хажууд ах дүү чинь ядуурч, та нартай байгаа ирмэл хүн буюу түр суугч тэр хүнд эсвэл ирмэл урагт өөрийгөө зарвал, 48тэрээр худалдагдсаныхаа дараа золигдож болно. Ах дүү нарынх нь нэг нь түүнийг золих 49эсвэл түүний авга эсвэл түүний авгын хүү түүнийг золих эсвэл ургаас нь ойрын төрлийнх нь нэг хүн түүнийг золих болой. Эсвэл тэр өөрөө хөрөнгөжих аваас өөрийгөө золих болой. 50Өөрийг нь худалдан авагчтай тэрээр өөрийгөө түүнд худалдсан тэр жилээс эвэр бүрээдэлтийн жилийг хүртэл тооцоо хийх ёстой. Түүний худалдагдсан үнэ жилүүдийн тоог харгалзсан байх бөгөөд хөлсний хүний өдрүүдтэй адил байх ёстой. 51Хэрэв дахиад олон жил үлдсэн байх аваас эдгээрийн харьцаагаар худалдагдсан үнийнхээ хэсгийг золилтондоо зориулан тэр буцаан өгөх болой. 52Хэрэв эвэр бүрээдэлтийн жилийг хүртэл цөөн жил үлдсэн байх аваас тэрээр түүнтэй тооцоо хийж, золилтоо үлдсэн жилүүдийн дагуу буцааж төлөх ёстой. 53Тэрээр хөлсний хүн мэт жилээс жилд эзэнтэйгээ хамт байх бөгөөд эзэн нь та нарын нүдэн дээр түүнийг хатуу ширүүн захирах ёсгүй. 54Хэрэв ийм байдлаар тэр золигдоогүй байсан ч тэр болон хөвгүүд нь түүнтэй хамт эвэр бүрээдэлтийн жилд гарч явах болой. 55Учир нь Израилийн хөвгүүд Миний зарц нар болой. Тэд Египет нутгаас Миний гаргаж авчирсан Миний зарц нар болой. Би ЭЗЭН, та нарын Бурхан.

Одоогоор Сонгогдсон:

Леви 25: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү