Леви 26

26
Дуулгаврын шагнал
(Дх 7:12–24; 28:1–14)
1Та нар бөхийн мөргөх гэж шүтээн ба сийлмэл хөрөг бүү хий, чулуун багана ч бүү босго, нутагтаа хэлбэрт чулуу ч бүү байрлуул. Учир нь Би ЭЗЭН, та нарын Бурхан.#Гэт 20:4; Лев 19:4; Дх 5:8, 16:21–22, 27:1 2Та нар Миний Амралтын өдрүүдийг сахиж, ариун газрыг минь хүндэтгэ. Би ЭЗЭН.
3Хэрэв та нар зарлигуудаар минь явж, тушаалуудыг минь сахин эдгээрийг биелүүлэх аваас#Дх 11:13–15, 28:1–14 4Би та нарт бороо хурыг цагт нь өгөх бөгөөд газар үр шимээ, талын модод жимсээ гаргана. 5Тариа цайруулалт чинь усан үзмийн хураалт хүртэл мөн усан үзмийн хураалт чинь тариалалтын цаг хүртэл үргэлжлэх болно. Та нар хүнсээ цадтал идэж, нутаг дээрээ аюулгүй амьдарна. 6Би нутагт чинь амар тайвныг соёрхож, та нар хэвтэх бөгөөд хэн ч та нарыг цочирдуулахгүй. Би мөн аюулт араатнуудыг нутгаас чинь хөөн зайлуулах бөгөөд нутгаар чинь илд дайран өнгөрөхгүй. 7Харин та нар дайснаа элдэн хөөж тэд та нарын өмнө илдэнд унан, 8таван хүн чинь зууг элдэн хөөх ба зуун хүн чинь арван мянгыг элдэн хөөх бөгөөд дайснууд чинь та нарын өмнө илдэнд унах болно. 9Учир нь Би та нарын зүг нүүрээ харуулж, та нарыг үржүүлж, олшруулна. Би та нартай байгуулсан гэрээгээ батжуулах болно. 10Та нар хуучин нөөцөө идэж, шинийг оруулахын тулд хуучныг зайчилна. 11Би та нарын дунд орших газраа барьж, Миний сэтгэл та нарыг үл жигшинэ. 12Би та нарын дунд алхаж, Би та нарын Бурхан болно. Та нар Миний ард түмэн болно.#2Ко 6:16 13Та нарыг Египет нутагт боол байлгахгүйн тулд тэндээс та нарыг гарган авчирсан Би ЭЗЭН, та нарын Бурхан. Би буулгыг чинь эвдэж, та нарыг цэх алхуулсан юм.
Дуулгаваргүйн шийтгэл
(Дх 28:15–68)
14Гэхдээ та нар Надад дуулгаваргүй байж, энэ бүх тушаалыг биелүүлэхгүй, 15Миний зарлигуудыг та нар хэрэгсэлгүй, сэтгэл чинь шийдвэрүүдийг минь жигшсэнээр та нар Миний бүх тушаалыг биелүүлэлгүй, гэрээг минь зөрчих аваас 16Би та нарт үүнийг үйлдэх болно. Нүд ширгээж, сэтгэл туйлдуулах сүрьеэ өвчин, халуурал, гэнэтийн аймшгийг Би та нарт оноох болно. Дайснууд чинь бүгдийг идэж дуусгах тул та нар үрийг дэмий суулгана. 17Би нүүрээ та нарын эсрэг хандуулах бөгөөд та нар дайсныхаа өмнө цохигдон унана. Үзэн ядагч өстнүүд чинь та нарыг захирах бөгөөд хэн ч мөшгөөгүй байхад та нар зугтах болно.
18Хэрэв энэ бүхний дараа та нар Надад дуулгаваргүй байвал Би нүглийн чинь төлөө та нарыг долоо дахин илүүгээр шийтгэх болно. 19Хүч чадалдаа эрдсэн бардамналыг чинь Би буулган эвдэнэ. Би тэнгэрийг чинь төмөр мэт, газрыг чинь хүрэл мэт болгоно. 20Газар чинь үр шимээ, газрын чинь модод үр жимсээ гаргахгүй учир хүч чадал чинь дэмий үрэгдэнэ.
21Хэрэв та нар Надад дайсагнасаар, дуулгаваргүй байсаар байх аваас Би нүглээс чинь болж та нарын дээр гай гамшгийг долоо дахин нэмэх болно. 22Би та нарыг үр хүүхдээс чинь хагацааж, хээрийн араатанг дунд чинь явуулж, мал сүргийг чинь устгаж, хүн амыг чинь цөөрүүлэн, замуудыг чинь эзгүйрүүлэх болно.
23Хэрэв эдгээрийн дараа та нар засрахгүй, харин Надад дайсагнасаар байвал 24Би та нарт дайсагнах бөгөөд Би нүглийн чинь төлөө та нарыг долоо дахин илүүгээр цохих болно. 25Би гэрээнийхээ өс хонзонг авах илдийг дээр чинь авчрах бөгөөд хотууддаа хамт цуглах үед чинь Би та нарын дунд тахал илгээж, та нар дайсны гарт тушаагдах болно. 26Намайг талхны чинь савааг хугалахад арван эмэгтэй нэг зууханд та нарын талхыг жигнэж, талхыг жинлэн эргүүлэн хуваарилна. Та нар идсэн ч эс цадна.
27Хэрэв энэ бүхний дараа та нар Надад дуулгаваргүй байсаар, Надад дайсагнасаар байх аваас 28Би хилэгнэн та нарт дайсагнаж, Би Өөрөө, Би нүглийн чинь төлөө та нарыг долоо дахин илүүгээр шийтгэх болно. 29Та нар хөвгүүд охидынхоо махбодыг идэх болно. 30Би мөргөлийн өндөрлөгүүдийг чинь устгаж, баганануудыг чинь нураан та нарын хүүрийг шүтээнүүдийн чинь сэгэн дээр овоолно. Миний сэтгэл та нарыг жигших болно. 31Би хотуудыг чинь балгас болгон ариун газруудыг чинь эзгүйрүүлнэ. Тааламжит үнэрийг чинь Би үнэрлэхгүй.
32Би нутгийг чинь эзгүйрүүлэх учир түүн дээр суурьшсан дайснууд чинь үүнд гайхан сандрах болно. 33Би араас чинь илд сугалан та нарыг үндэстнүүдийн дунд тарааж, нутаг чинь эзгүйрч, хотууд чинь балгас болно.
34Та нарыг дайсныхаа нутагт байх зуур, эзгүйрлийн бүх өдрүүдэд энэ нутаг Амралтдаа ханах болно. Тэр үед газар амран, Амралт нөхөн авах болно. 35Та нарыг дээр нь амьдарч байх хугацаанд амраагүй энэ нутаг эзгүйрлийнхээ бүх өдрүүдэд Амралтаа эдлэх болно. 36Та нараас үлдэгсдийн хувьд, Би дайснуудынх нь нутагт тэдний зүрхэнд доройтлыг авчрах болно. Навчны сэрчигнээ тэднийг элдэн хөөх бөгөөд хэн ч мөрдөөгүй байхад тэд илднээс зугтах мэтээр зугтаж унах болно. 37Хэн ч мөрдөөгүй байхад тэд илдэнд өртөж буй мэт бие бие дээрээ бүдрэх болно. Та нар дайснаа эсэргүүцэн зогсох ямар ч хүчгүй байх болно. 38Та нар үндэстнүүдийн дунд мөхөж, дайснуудын чинь нутаг та нарыг залгих болно. 39Та нараас үлдэгсэд хилэнцийнхээ улмаас дайснуудынхаа нутагт ялзарч мөн эцэг өвгөдийнхөө хилэнцийн улмаас ялзрах болно.
40Миний эсрэг харш юм хийж, Надад дайсагнасаар байсан өөрсдийн хилэнц нүгэл бас эцэг өвгөдийнхөө хилэнцийг хэрэв тэд улайвал, 41(Би ч мөн тэднийг эсэргүүцэж дайснуудынх нь нутагт аваачив.) мөн тэдний хозлуулаагүй зүрх нь даруу болж, тэд хилэнцийнхээ шийтгэлийг хүлээн авбал, 42Би Иаковтай байгуулсан гэрээг санана. Бас Исаактай байгуулсан гэрээгээ мөн Абрахамтай байгуулсан гэрээгээ ч санана, бас энэ газрыг ч Би санах болно.#Эх 17:7–8, 26:3–4, 28:13–14 43Уг нутаг тэднээр орхигдож, тэдний байхгүйд эзгүйрэх зуураа Амралтдаа ханах болно. Харин тэд үнэндээ шийдвэрүүдэд минь зэвүүцэж, тэдний сэтгэл зарлигуудыг минь жигшсэн учир тэд хилэнцийнхээ шийтгэлийг хүлээн авах болно. 44Гэсэн ч дайсныхаа нутагт байх үед нь тэднийг бүрмөсөн устгаж, тэдэнтэй байгуулсан гэрээгээ зөрчих хүртэлээ Би тэднийг зэвүүцэхгүй бас жигшихгүй. Учир нь Би ЭЗЭН, тэдний Бурхан. 45Харин өөрсдийнх нь Бурхан байхын тулд үндэстнүүдийн нүдний өмнө Египет нутгаас Миний гарган авчирсан та нарын эцэг өвгөдтэй байгуулсан гэрээгээ Би тэдний төлөө санах болно. Би ЭЗЭН” гэдгийг хэлэгтүн гэв.
46Эдгээр нь Синаи уулнаа Мосегийн гараар дамжуулан Израилийн хөвгүүд болон Өөрийнхөө хооронд ЭЗЭНий өгсөн зарлиг, шийдвэр, хуулиуд билээ.

Одоогоор Сонгогдсон:

Леви 26: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна