Иеремиа 49
49
Аммоны амсах шүүлт
1Аммоны хөвгүүдийн тухай.
ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Израиль ямар ч хөвгүүдгүй юу?
Эсвэл түүнд ямар ч өв залгамжлагчид байхгүй юу?
Тэгвэл яагаад Малкам нь Гадыг эзэлж,
Хүмүүс нь тэдний хотуудад оршин суусан юм бэ?”#Езк 21:28–32, 25:1–7; Амо 1:13–15; Зеф 2:8–11
2ЭЗЭН тунхаглаж байна.
“Би Аммоны хөвгүүдийн Раббагийн эсрэг
Дайны бүрээ үлээхийг сонсгох өдрүүд ирж байна.
Тэрээр зэлүүд овоо болж,
Хотууд нь галд шатаагдах болно.
Тэгээд Израиль өөрийг нь эзлэгчдийг эзлэх болно” гэж
ЭЗЭН айлдаж байна.
3“Аи устгагдсан тул, Хешбон оо, гашуудагтун!
Раббагийн охид оо, хашхирагтун,
Таар бүсэлж гашуудан
Хана хэрмүүдийн дунд нааш цаашаа гүй.
Учир нь Малкам тахилч нарынхаа хамт,
Түшмэдийнхээ хамт цөллөгт явах болно.
4Чи хөндийнүүдийн тухайд ямар их сайрхана вэ!
«Миний эсрэг хэн ирэх юм бэ?» гэж
Эрдэнэстээ найдагч, итгэлээс эргэгч охин оо,
Хөндий чинь урсаж байна.
5Үзэгтүн, Би эргэн тойрноос чинь
Чам дээр айдас авчирна” гэж
Түг түмдийн БУРХАН Эзэн тунхаглаж байна.
“Та нарын хүн нэгбүр
Түрүүлгээ харж зайлуулагдан
Оргодлуудыг хамтад нь цуглуулах хүнгүй болно.
6Гэхдээ үүний дараа Би
Аммоны хөвгүүдийн сайн сайхныг сэргээнэ” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
Едомын амсах шүүлт
7Едомын талаар.
Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Теманд ямар ч мэргэн ухаан байхгүй болсон гэж үү?
Хэрсүү хүн сайн зөвлөгөөгөө алдчихав уу?
Тэдний мэргэн ухаан доройтсон уу?#Иса 34:5–17, 63:1–6; Езк 25:12–14, 35:1–15; Амо 1:11–12; Оба 1–14; Мал 1:2–5
8Деданы оршин суугчид аа, зугт,
Буцаж эргэ, гүн газруудад амьдар.
Учир нь Би түүнийг шийтгэх үед
Дээр нь Есавын гай гамшгийг авчрах болно.
9Хэрэв усан үзэм хураагчид та нар дээр ирсэн бол
Тэд үлдэгдэл үлдээх үү?
Хэрэв шөнөөр хулгайч нар ирсэн бол
Тэд хангалттайгаар сүйтгэх байсан.
10Харин Би Есавыг нүцгэлсэн
Тэрээр өөрийгөө далдалж чадахгүй болтол
Би нууц газруудыг нь сөхсөн.
Үр удмууд нь садан төрөл ба хөршүүдийнхээ хамт
Устгагдаж, тэр үгүй болсон.
11Өнчрөгсдөө ардаа орхи,
Би амьд үлдээнэ.
Бэлэвсэн эмэгтэйчүүд чинь
Надад итгэж найдаг” хэмээв.
12Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, аяганаас уухаар яллагдаагүй хүмүүс заавал ууна. Чи бүрэн шийтгэгдэхгүй нэгэн мөн үү? Чи шийтгэгдэхгүй орхигдохгүй, харин чи заавал уух болно. 13Учир нь Бозра нь айдас, зэвүүцэл, сүйрэл болон хараал болно гэж Би Өөрөөрөө тангарагласан билээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Бүх хотууд нь үүрдийн балгас болно” хэмээв.
14Би ЭЗЭНээс үг сонссон бөгөөд
“Хамтдаа цуглаад, түүний эсрэг ирж,
тулалдахаар босоцгоо!” гэж
Үндэстнүүдийн дунд элч илгээгдэв.
15“Учир нь, үзэгтүн, Би чамайг үндэстнүүдийн дунд өчүүхэн,
Хүн төрөлхтөнд басамжлагдсан нэгэн болгоно.
16Чамаас айх айдсын тухайд,
Хадны ан цаваар амьдардаг,
Толгодын өндөрлөгийг эзэгнэгч
Чиний зүрх сэтгэлийн сагсуу онгироо байдал
Чамайг мэхэлжээ.
Чи бүргэд мэт өндөрт үүрлэвч,
Би чамайг тэндээс доош унагана” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
17Едом айдас болно. Хажуугаар нь өнгөрөгч хүн бүр гайхаж, гай гамшгуудынх нь төлөө шогшрох болно. 18Содом болон Гоморра хөршүүдийнхээ хамт хөмрүүлэгдсэн үеийнх шиг тэнд хэн ч амьдрахгүй, хүн оршин суухгүй гэж ЭЗЭН айлдаж байна.#Эх 19:24–25 19“Үзэгтүн, үүрд услагдсан бэлчээр уруу Иорданы шугуйгаас нэгэн нь арслан мэт гарч ирнэ. Хэсэг хугацаанд Би түүнийг тэндээс зугтаалгах бөгөөд сонгогдсон нэгнийг Би түүний дээр томилно. Учир нь хэн Надтай адил юм бэ? Хэн Намайг зарлан дуудах вэ? Миний эсрэг зогсож чадах хоньчин хэн юм бэ?” хэмээв. 20Тиймээс, Едомын эсрэг төлөвлөсөн ЭЗЭНий төлөвлөгөөг болон Теманы оршин суугчдын эсрэг зорьсон Түүний зорилгыг сонс. Тэд лавтайяа тэднийг, сүргийн төлүүдийг ч чирэх болно. Тэднээс болж тэдний бэлчээрийг Тэрээр заавал зэлүүд хоосон болгоно. 21Тэдний уналтын чимээнд газар хөдөлнө. Хашхираан нь Улаан тэнгис дээр сонсогдоно. 22Үзэгтүн, Тэрээр өгсөж, бүргэд мэт шүүрч, Бозрагийн эсрэг жигүүрээ дэлгэнэ. Тэр өдөр Едомын хүчит эрчүүдийн зүрх төрөхөөр дуншиж буй эмэгтэйн зүрх шиг болно.
Дамаскийн амсах шүүлт
23Дамаскийн талаар.
“Хамат Арпад нар ичгүүр болов.
Учир нь тэд муу мэдээ сонссон билээ.
Тэдний зүрх мохов.
Далай тайван биш бөгөөд намдаж чадахгүй байна.#Иса 17:1–3; Амо 1:3–5; Зех 9:1
24Дамаск дорой болжээ.
Тэрээр зугтаахаар эргэсэн бөгөөд
Тэвдэлт түүнийг барьж авав.
Төрөхөөр дуншиж буй эмэгтэйнх шиг
Зовлон шаналан ба өвдөлт түүнийг зуурч авав.
25Баяр баясгалангийн минь хот,
Магтаалын хот юунд орхигдоогүй юм бол!
26Тиймээс түүний залуус гудамжнуудад нь унаж,
Бүх дайчин тэр өдөр чимээгүй болгогдоно” гэж
Түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна.
27Би Дамаскийн хана хэрмэнд гал тавих бөгөөд
Тэр нь Бен-хададын бэхлэлт цамхгуудыг залгих болно.
Кедар ба Хазорын амсах шүүлт
28Вавилоны хаан Небухаднезарын дийлсэн Кедар болон Хазорын хаанчлалуудын тухай.
ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Босож, Кедар уруу явж,
Дорно зүгийн эрчүүдийг устга.
29Тэд майхнуудаа болон мал сүргээ авч явна.
Тэд өөрсдөдөө майхны хөшигнүүдээ,
Бүх ачаагаа болон тэмээнүүдээ
Авч явахдаа тэд нэг нэгэндээ
«Тал бүрээс түгшүүр!» гэж хашхиралдах болно.
30Гүй, зугт!
Хазорын оршин суугчид аа,
Гүн газруудад амьдар” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
“Учир нь Вавилоны хаан Небухаднезар
Та нарын эсрэг төлөвлөгөө зохиож,
Та нарын эсрэг арга сэдлээ.
31Босож, тайван байгаа,
Аюулгүй амьдарч байгаа үндэстний эсрэг яв” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
“Түүнд ямар ч үүд, хөндөл алга.
Зөвхөн тэд л амьдардаг.
32Тэдний тэмээнүүд дээрмийн зүйл,
Үй олон үхэр сүрэг нь олз болох бөгөөд
Санчигаа хусдаг бүх хүнийг
Би бүх салхины зүгт тараана.
Би тал бүрээс тэдэнд гай гамшгийг нь авчрах болно” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
33“Хазор цөөвөр чононуудын үүр,
Мөнхийн зэлүүд газар болно.
Хэн ч тэнд амьдрахгүй,
Хүн тэнд оршин суухгүй” хэмээв.
Еламын амсах шүүлт
34Иудагийн хаан Зедекиагийн хаанчлалын эхэнд Еламын талаар эш үзүүлэгч Иеремиад ирсэн ЭЗЭНий үг.
35“Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна.
«Үзэгтүн, Би Еламын нумыг
Тэдний хүч чадлын хамгийн сайныг
хугалах гэж байна.
36Би Еламын дээр тэнгэрийн дөрвөн хязгаараас
Дөрвөн салхийг авчирч,
Эдгээр бүх салхинд тэднийг тараана.
Еламын цөлөгдөгсдөөс очихгүй үндэстэн гэж байхгүй болно.
37Тиймээс Би Еламыг дайснуудынх нь өмнө,
Амийг нь эрэгчдийн өмнө нураана.
Би тэдний дээр гай гамшгийг,
Ширүүн уур хилэнгээ ч хүртэл авчирна» гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
«Би тэднийг устгатлаа араас нь илд илгээнэ.
38Дараа нь Би сэнтийгээ Еламд засаж,
Тэндээс хааныг болон түшмэдийг устгана» гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
39«Харин сүүлчийн өдрүүдэд Би
Еламын сайн сайхныг сэргээх болно» хэмээв” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
Одоогоор Сонгогдсон:
Иеремиа 49: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.