Иеремиа 48
48
Моабын амсах шүүлт
1Моабын тухай.
Түг түмдийн ЭЗЭН,
Израилийн Бурхан ийн айлдаж байна.
“Небо, хөөрхий еэ! Сүйрчээ чи.
Кириатаим ичгүүр болж, олзлогдсон.
Өндөр бэхлэлт ичгүүр болж, нураагдсан.#Иса 15:1—16:14, 25:10–12; Езк 25:8–11; Амо 2:1–3; Зеф 2:8–11
2Моаб дахин магтагдахгүй.
Хешбонд тэд түүний эсрэг гай гамшгийг сэдсэн.
«Нааш ирцгээ, түүнийг үндэстнээс тасалцгаая!»
Мадмэн ээ! Чи ч гэсэн дуугүй болгогдоно.
Чиний араас илд дагах болно.
3Хоронаимаас гарах хашхирааны дуу
«Сүйрэл, агуу их сүйрэл!»
4Моаб хугарч, жижиг хүүхдүүд нь хашхирцгаав.
5Учир нь Лухитийн өгсүүрээр
Тэд уйлсаар өгсөнө.
Учир нь Хоронаимын уруудах замд тэд
Сүйрлийн зовж шаналсан хашхирааныг сонсоцгоолоо.
6Зугт, амиа авар, ингэснээр та нар
Цөл дэх арц мод мэт болно.
7Ололт ба эрдэнэс баялагтаа тавьсан
Итгэл найдвараасаа болж
Чи өөрөө олзлогдох болно.
Хемош ч тахилч нарынхаа бас түшмэдийнхээ хамт
цөллөгт явах болно.
8Хот бүрд устгагч ирэх бөгөөд
Ямар ч хот зугтахгүй.
ЭЗЭНий айлдсаны дагуу хөндий ч бас сүйтгэгдэж,
Тэгш тал ч сүйрэх болно.
9Моабт далавчнуудыг өг.
Учир нь тэрээр зугтаана.
Хотууд нь оршин суугчидгүй
Зэлүүд газар болно.
10ЭЗЭНий ажлыг хайнга хийгч нь хараагдах болтугай. Цуснаас илдээ татагч нь хараагдах болтугай.
11Моаб залуугаасаа л тайван байжээ.
Шавар саван дотроо тэрээр
сандаачуулагдаагүй байв.
Тэрээр савнаас сав уруу уудлуулаагүй,
Цөллөгт ч яваагүй.
Тиймээс тэрээр амтаа хадгалсан агаад
Тааламжит үнэр нь өөрчлөгдөөгүй.
12Тиймээс, үзэгтүн, Би түүн уруу юүлэгч хүмүүсийг илгээх бөгөөд тэд түүнийг юүлэн асгаж, сав суулгуудыг нь хоослон вааруудыг нь эвдлэх өдрүүд ирж байна гэж ЭЗЭН тунхаглаж байна. 13Итгэл найдвар болсон Бетелээсээ Израилийн гэр ичсэн шиг Моаб нь Хемошоос ичих болно.
14Та нар «Бид хүчирхэг дайчид,
Тулалдаанд зоригтой эрчүүд билээ» гэж
Яаж хэлж чадна вэ?
15Моаб устгагдсан бөгөөд
Эрчүүд хотууд уруу нь явжээ.
Шилдэг залуус нь ч бас хядуулахаар явжээ” гэж
Түг түмдийн ЭЗЭН нэртэй
Хаан тунхаглаж байна.
16“Моабын зовлон удахгүй ирж,
Гай гамшиг нь шаламгайлан яаравчлав.
17Эргэн тойронд нь амьдрагч та бүхэн,
Нэрийг нь мэддэг та бүхэн ч
Түүний төлөө гашуудаж,
«Хүчирхэг очирт таяг,
Сүр жавхлант таяг хэрхэн хугарав аа!» гээрэй.
18Дибонд оршин суугч охин оо,
Алдраасаа буун ирж,
Хатаж хагарсан газар дээр суу.
Учир нь Моабыг устгагч нь
Чиний эсрэг ирж, бат цайзуудыг чинь нураав.
19Ароерын оршин суугч аа,
Замын дэргэд зогсож, харуулдсаар бай.
«Юу болсон бэ?» гэж
Оргож буй эрэгтэйгээс, зугтаж буй эмэгтэйгээс асуу.
20Моаб нураагдсан тул, ичгүүр болжээ.
Уйлан хашхир.
Моаб устгагдсан гэж
Арнон хавиар тунхагла.
21Шүүлт нь бас тал газар дээр, Холон, Иахза нарын дээр болон Мефаатын эсрэг ирсэн бөгөөд 22Дибон, Небо болон Бет-диблатаимын эсрэг, 23Кириатаим, Бет-гамул болон Бет-меоны эсрэг, 24Кериот, Бозра болон Моабын нутгийн хол ойрын бүх хотын эсрэг ирэв. 25Моабын эвэр тастуулж, гар нь хугарав” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 26“Тэр ЭЗЭНий эсрэг сагсуу онгироо болсон тул түүнийг согтууруул. Ингээд Моаб бөөлжсөн дотроо хөлбөрч, доог тохуу болно. 27Израиль чамд доог тохуу байсан биш гэж үү? Эсвэл тэрээр хулгайчдын дунд баригдаж байсан уу? Учир нь чи түүний тухай ярих болгондоо чичирдэг.
28Моабын оршин суугчид аа,
Хотуудыг орхиж, хадны дунд амьдар.
Ангалын аман дээр үүрлэгч тагтаа мэт бай.
29Бид Моабын бардам зангийн талаар сонссон.
Тэр үнэхээр бардам, сагсуу онгироо, өөрийгөө өргөмжилдөг.
30Би уур хилэнг нь мэднэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
“Гэвч энэ нь хоосон.
Дэмий сайрхал нь юуг ч бүтээгээгүй.
31Тиймээс Би Моабын төлөө орь дуу тавих болно,
Бүх Моабын төлөө Би хашхирах болно.
Би Кир-хересийн хүмүүсийн төлөө ёолох болно.
32Иазерын төлөө уйлахаас илүүгээр,
Сибмагийн усан үзэм ээ,
Би чиний төлөө уйлах болно!
Мөчрүүд чинь тэнгис даван сунаж,
Иазерын тэнгист хүрэв.
Сүйтгэгч нь чиний зуны жимснүүд,
Усан үзмийн ургац дээр чинь буув.
33Тиймээс үржил шимтэй талбайнууд буюу
Моабын нутгаас баяр хөөр, баяр баясгалан зайлуулагдав.
Дарс шахуургуудаас дарсыг Би зогсоолоо.
Хэн ч хашхиран гишгэлэхгүй,
хашхираан нь ч хашхираан биш байх юм.
34Хешбон дахь хашхираанаас Елеалег хүртэл, Иахазыг ч хүртэл, Зоараас Хоронаим, Еглат-шелишиа хүртэл тэд дуу хоолойнуудаа өндөрсгөв. Учир нь Нимримийн ус ч хүртэл эзгүйрнэ. 35Мөргөлийн өндөрлөгүүд дээр өргөдөг бөгөөд бурхдадаа утлага уугиулдаг Моабыг Би төгсгөх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 36“Тиймээс зүрх сэтгэл минь Моабын төлөө лимбэ мэт уйлна. Мөн Кир-хересийн хүмүүсийн төлөө ч зүрх сэтгэл минь лимбэ мэт уйлна. Тиймээс түүний олж бүтээсэн баялгийг тэд алдсан. 37Учир нь толгой бүр халзан болж, сахал бүр богино хайчлагдсан. Бүх гар дээр гүн огтлоос, ууц нуруунууд дээр таар байна. 38Моабын бүх байшингийн дээвэр дээр болон гудамжнуудад нь газар бүр гашуудал байна. Учир нь Би Моабыг хүсэшгүй сав мэт эвдлэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 39“Ямар их нурав аа! Тэд гашуудав! Моаб ичгүүртэйгээр хэрхэн нуруугаа харуулж байна вэ! Тиймээс Моаб эргэн тойрон дахь бүхэндээ доог тохуу бас айдас болно” хэмээв.
40Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Үзэгтүн, нэгэн нь бүргэд мэт хурдан шаламгай нисэж,
Моабын эсрэг жигүүрээ дэлгэнэ.
41Кериот олзлогдож, бат цайзууд эзлэгдэж,
Тэр өдөр Моабын хүчит эрчүүдийн зүрх
Төрөхөөр дуншиж буй эмэгтэйн зүрхтэй адил болно.
42ЭЗЭНий эсрэг Моаб сагсуу онгироо болсон тул
Тэрээр хүмүүсээс устгагдана.
43Моабын оршин суугч аа,
Айдас, нүх болон урхи чиний дээр байна” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
44“Айдсаас зугтдаг нэгэн нүхэнд унаж,
Нүхнээс авирч гардаг нэгэн урхинд орох болно.
Учир нь Би түүний дээр,
Моаб дээр, шийтгэлийнх нь жилийг авчрах болно” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
45“Хешбоны сүүдэрт оргодлууд хүчгүй зогсоно.
Учир нь гал Хешбоноос, галын дөлнүүд
Сихоны дундаас гарч,
Моабын духыг, үймээн дэгдээгчдийн хуйхыг залгив.
46Моаб аа, чи золгүй еэ!
Хемошийн хүмүүс устав.
Учир нь хөвгүүд чинь олзлогдож,
Охид чинь цөлөгдөн явсан.
47Гэсэн хэдий ч хожмын өдрүүдэд
Би Моабын сайн сайхныг сэргээнэ” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
Моаб дээр ирэх шүүлт ингэж дуусаж байна.
Одоогоор Сонгогдсон:
Иеремиа 48: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.