Исаиа 53:4-12

Исаиа 53:4-12 АБ2013

Үнэхээр Тэр бидний сул дорой байдлыг тээж Өвчин зовлонг маань үүрчээ, Гэтэл бид Түүнийг Бурханд зодуулж, цохиулж, зовсон гэж л тооцжээ. Гэвч гэмт үйлдлийн маань улмаас Тэр хатгагдан Хилэнцийн маань улмаас Тэр бяцарч авай. Амар тайвны маань төлөө Түүн дээр гэсгээл байж, шархаар нь бид эдгэрчээ. Бүгдээрээ бид хонь мэт төөрч, Бүгд л өөр өөрийн замаар явав. Бүгдийн маань хилэнцийг харин Түүнд ЭЗЭН тохов. Тэр тамлагдан, зовсон боловч амаа нээсэнгүй. Нядлагдахаар хөтлөгдөх хурга шиг Хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Амаа ч Тэр нээсэнгүй. Хавчлага шүүх Түүнийг аваад явлаа. Хэн ирээдүйнх нь тухай төсөөлсөн бэ? Ард түмний минь гэмт үйлдлийн улмаас цохигдож, Амьдын газраас Тэр таслагджээ. Булшийг нь буруутуудын хамт товлосон ч Үхэлд Тэрээр баян хүнтэй хамт байв. Тэр хүчирхийлэл үйлдээгүй, Түүний аманд мэх худал нь байгаагүй. Гэвч Түүнийг няцалж, зовоох нь ЭЗЭНий таалал байв. Амиа Тэр ялын тахил болговоос, Үрээ Тэрээр үзнэ. Өдрүүдээ уртасган ЭЗЭНий таалал гарт нь цэцэглэх болно. Зовлонгоосоо Тэрээр гэрэл харна. Мэдлэгээрээ Тэрээр хангалуун болно. Зөвт Нэгэн, Миний Зарц Олныг зөвтгөнө, хилэнцийг нь үүрнэ. Тиймээс Би Түүнд Ихэстэй хамт хувь ногдуулж, Тэр олзыг хүчтэнүүдтэй хуваана. Учир нь Тэр амиа үхэл уруу асгаж, Нүгэлтнүүдийн хамт тоологдож Олны нүглийг Өөртөө авч, Гэмтнүүдийн төлөө зуучилсан юм.