Исаиа 35:1-10

Исаиа 35:1-10 АБ2013

Цөл хийгээд хагсмал газар баярлан Эзгүй тал ч баясан замар цэцэг мэт дэлгэрнэ. Цэцэглэнхэн дэлгэрээд, цэнгэнхэн баясаад, баяр хөөртэйеэ уухайлна. Ливаны алдар, Кармел ба Шароны цог жавхлан түүнд соёрхогдоно. Тэд ЭЗЭНий алдар, Бурханы маань сүр жавхланг харна. Сульдсан гарыг тэнхрүүлэгтүн Салгалсан өвдгийг бэхжүүлэгтүн! Хулчгар зүрхтнүүдэд “Хүчтэй бай. Бүү ай! Тэр хараач, Бурхан тань, Бурханы хонзогнол, хариу өгөлт айсуй. Тэр ирж та нарыг аварна” гэж хэлэгтүн. Тэгэхэд сохрын нүд нээгдэж, Дүлийгийн чих онгойно. Тэр үед доголон нь буга мэт дүүлж, Хэлгүй нь баяртайгаар хашхирна. Учир нь цөлөөс ус гарч, эзгүй талд урсана. Улайдмал шороо цөөрөм, Ундаассан газар усан булаг болно. Цөөвөр чонын үүр, хоноглох газруудад Өвс ургамал хулс, зэгс ургана. Тэнд нэгэн тэргүүр зам буй болж, Ариун Зам хэмээн нэрлэгдэнэ. Түүгээр бузар нь үл өнгөрнө, тэр нь Бурханы хүмүүсийнх, Түүгээр алхсан ухаан хомс нь ч үл төөрнө. Тэнд арслан байхгүй, догшин араатан ч гарч ирэхгүй. Тэнд тэд олдохгүй. Харин золигдогсод л түүгээр алхана. ЭЗЭНээр золигдогсод эргэж, Баярын уухайтайгаар Сион уруу ирнэ. Тэргүүн дээр нь үүрдийн баясгалан байна. Тэд баяр баясгалан, аз жаргалыг олно. Уй гашуу, санаа алдалт зугтан одно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна