ИСАИА 35:1-10

ИСАИА 35:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

Зэлүүд газар, цөл баярлан, Араба ч баясан, замар цэцэг мэт дэлгэрнэ. Энэ нь цэцэглэн сагсайж, цэнгэн баясаж, баяр хөөртэйгөөр хашхирна. Ливаны алдар, Кармел ба Шароны сүр хүч түүнд өгөгдөнө. Тэд ЭЗЭНий алдар, бидний Бурханы цог жавхланг харна. Тэнхэлгүй гарыг хүчтэй болгон, суларсан өвдгийг бататгагтун. Хулчгар зүрхтнүүдэд “Зоригтой бай. Бүү ай. Үзэгтүн, та нарын Бурхан өшөө авахаар ирнэ. Бурхан хариуг нь өгөхийн тулд ирэхдээ та нарыг аварна” гэж хэлэгтүн. Тэгээд сохрын нүд нээгдэж, дүлийгийн чих нь онгойно. Тэгээд доголон хүн буга мэт дүүлж, хэлгүй нь баяртайгаар хашхирна. Учир нь цөлөөс ус гарч, Арабад урсана. Хатсан газар цөөрөм болж, цангасан газарт ус ундран, цөөвөр чонын үүр хоноглох газруудад өвс ургамал хулс, зэгснүүд ургана. Тэнд нэгэн их зам харгуй буй болж, Ариун Их Зам гэж нэрлэгдэнэ. Түүгээр бузар нь явахгүй, тэнэг хүмүүс түүгээр алхсан ч тэд замаасаа үл төөрнө. Тэнд нэг ч арслан алга, ямар ч махчин араатан гарч ирэхгүй. Тэнд тэд олдохгүй. Харин золигдогсод л түүгээр алхана. ЭЗЭНий золин авсан хүмүүс буцаж, баяр хөөртэй хашхиралдан Сион уруу ирнэ. Тэдний толгой дээр үүрдийн баясгалан байна. Уй гашуу, санаа алдалт зугтан одож, тэд баяр баясгалан, аз жаргалыг олно.

Хуваалцах
ИСАИА 35 унших

ИСАИА 35:1-10 Ариун Библи 2013 (АБ2013)

Цөл хийгээд хагсмал газар баярлан Эзгүй тал ч баясан замар цэцэг мэт дэлгэрнэ. Цэцэглэнхэн дэлгэрээд, цэнгэнхэн баясаад, баяр хөөртэйеэ уухайлна. Ливаны алдар, Кармел ба Шароны цог жавхлан түүнд соёрхогдоно. Тэд ЭЗЭНий алдар, Бурханы маань сүр жавхланг харна. Сульдсан гарыг тэнхрүүлэгтүн Салгалсан өвдгийг бэхжүүлэгтүн! Хулчгар зүрхтнүүдэд “Хүчтэй бай. Бүү ай! Тэр хараач, Бурхан тань, Бурханы хонзогнол, хариу өгөлт айсуй. Тэр ирж та нарыг аварна” гэж хэлэгтүн. Тэгэхэд сохрын нүд нээгдэж, Дүлийгийн чих онгойно. Тэр үед доголон нь буга мэт дүүлж, Хэлгүй нь баяртайгаар хашхирна. Учир нь цөлөөс ус гарч, эзгүй талд урсана. Улайдмал шороо цөөрөм, Ундаассан газар усан булаг болно. Цөөвөр чонын үүр, хоноглох газруудад Өвс ургамал хулс, зэгс ургана. Тэнд нэгэн тэргүүр зам буй болж, Ариун Зам хэмээн нэрлэгдэнэ. Түүгээр бузар нь үл өнгөрнө, тэр нь Бурханы хүмүүсийнх, Түүгээр алхсан ухаан хомс нь ч үл төөрнө. Тэнд арслан байхгүй, догшин араатан ч гарч ирэхгүй. Тэнд тэд олдохгүй. Харин золигдогсод л түүгээр алхана. ЭЗЭНээр золигдогсод эргэж, Баярын уухайтайгаар Сион уруу ирнэ. Тэргүүн дээр нь үүрдийн баясгалан байна. Тэд баяр баясгалан, аз жаргалыг олно. Уй гашуу, санаа алдалт зугтан одно.

Хуваалцах
ИСАИА 35 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна