Исаиа 35

35
Сионд ирэгсэд
1Цөл хийгээд хагсмал газар баярлан
Эзгүй тал ч баясан замар цэцэг мэт дэлгэрнэ.
2Цэцэглэнхэн дэлгэрээд,
цэнгэнхэн баясаад,
баяр хөөртэйеэ уухайлна.
Ливаны алдар, Кармел ба Шароны цог жавхлан түүнд соёрхогдоно.
Тэд ЭЗЭНий алдар, Бурханы маань сүр жавхланг харна.
3Сульдсан гарыг тэнхрүүлэгтүн
Салгалсан өвдгийг бэхжүүлэгтүн!#Евр 12:12
4Хулчгар зүрхтнүүдэд
“Хүчтэй бай. Бүү ай!
Тэр хараач, Бурхан тань,
Бурханы хонзогнол, хариу өгөлт айсуй.
Тэр ирж та нарыг аварна” гэж хэлэгтүн.
5Тэгэхэд сохрын нүд нээгдэж,
Дүлийгийн чих онгойно.#Мт 11:5; Лк 7:22
6Тэр үед доголон нь буга мэт дүүлж,
Хэлгүй нь баяртайгаар хашхирна.
Учир нь цөлөөс ус гарч, эзгүй талд урсана.
7Улайдмал шороо цөөрөм,
Ундаассан газар усан булаг болно.
Цөөвөр чонын үүр, хоноглох газруудад
Өвс ургамал хулс, зэгс ургана.
8Тэнд нэгэн тэргүүр зам буй болж,
Ариун Зам хэмээн нэрлэгдэнэ.
Түүгээр бузар нь үл өнгөрнө,
тэр нь Бурханы хүмүүсийнх,
Түүгээр алхсан ухаан хомс нь ч үл төөрнө.
9Тэнд арслан байхгүй,
догшин араатан ч гарч ирэхгүй.
Тэнд тэд олдохгүй.
Харин золигдогсод л түүгээр алхана.
10ЭЗЭНээр золигдогсод эргэж,
Баярын уухайтайгаар Сион уруу ирнэ.
Тэргүүн дээр нь үүрдийн баясгалан байна.
Тэд баяр баясгалан, аз жаргалыг олно.
Уй гашуу, санаа алдалт зугтан одно.

Одоогоор Сонгогдсон:

Исаиа 35: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү