2Хаад 8
8
Шунем эмэгтэй газраа авав
1Хүүг нь амь оруулсан тэр нэгэн эмэгтэйд Елиша хандан
—Босож, гэр бүлийнхэнтэйгээ явж, түр оршин сууж болох газарт түр оршин суу. Учир нь ЭЗЭН өлсгөлөнг дуудсан бөгөөд тэр нь уг нутагт долоон жилийн турш байхаар ирнэ гэв.#2Ха 4:8–37 2Ийнхүү мөнөөх эмэгтэй босож Бурханы хүний үгийн дагуу үйлдэж, гэр бүлийнхэнтэйгээ яваад долоон жилийн турш филистчүүдийн нутагт түр амьдрав.
3Долоон жилийн эцэст мөнөөх эмэгтэй филистчүүдийн нутгаас буцаж ирэв. Тэр өөрийн гэр, өөрийн талбайн талаар хаанд хүсэлт гаргахаар явжээ. 4Хаан
—Елишагийн үйлдсэн бүх агуу зүйлийг надад ярьж өгөөч гэж Бурханы хүний зарц Гехазитай ярьж байв. 5Үхсэн нэгнийг Елиша хэрхэн амь оруулсан тухай хаанд ярьж байх үед нь, харагтун, хүү нь амилуулагдсан тэрхүү эмэгтэй өөрийн гэр, өөрийн талбайн талаар хаанд хүсэлт гаргахаар иржээ. Гехази
—Эзэн хаан минь, энэ чинь өнөөх эмэгтэй бөгөөд энэ чинь Елишагийн амь оруулсан, түүний хүү байна гэв. 6Хаан эмэгтэйгээс асуухад тэр түүнд ярьж өглөө. Тиймээс хаан тэр эмэгтэйн төлөө нэгэн түшмэлийг томилон
—Энэ эмэгтэйнх байсан гэсэн бүхнийг болон нутгаа орхин явсан тэр өдрөөс нь өнөөг хүртэл талбайгаас гарсан бүх бүтээгдэхүүнийг буцаан өгөгтүн гэв.
Бен-хададын үхэл
7Дараа нь Елиша Дамаскт ирэв. Арамын хаан Бен-хадад өвчтэй байсан бөгөөд түүнд
—Бурханы хүн энд ирээд байна гэж мэдэгджээ. 8Хаан, Хазаелд
—Гартаа бэлэг авч, Бурханы хүнтэй уулзахаар явж, түүгээр дамжуулан ЭЗЭНээс “Энэ өвчнөөс би ангижрах болов уу?” гэж асуулга гэв. 9Ингээд Хазаел түүнтэй уулзахаар явж, дөчин тэмээн ачаа болох Дамаскийн бүх төрлийн сайн зүйлээс бэлэг авчээ. Тэр ирээд, түүний өмнө зогсон
—Таны хүү Арамын хаан Бен-хадад асуулгахаар намайг тан уруу илгээж, “Энэ өвчнөөс би ангижрах болов уу?” гэж хэлүүлсэн юм гэжээ. 10Тэгэхэд Елиша түүнд
—Явж, түүнд “Та заавал эдгэх болно” гэж хэл. Гэвч тэр гарцаагүй үхнэ гэдгийг ЭЗЭН надад үзүүлсэн юм гэв. 11Тэрээр Хазаелыг аягүйцтэл нь гөлрөн ширтжээ. Тэгээд Бурханы хүн уйлав. 12Хазаел
—Миний эзэн юунд уйлна вэ? гэж асуусанд Елиша
—Учир нь Израилийн хөвгүүдэд чиний хийх бузар мууг би мэдэж байна. Тэдний бэхлэлтүүдийг чи галдаж, залуусыг нь илдээр хороон, нялхсыг нь няц дарж, жирэмсэн эмэгтэйчүүдийнх нь гэдсийг сийчих болно гэж хариулав. 13Тэгэхэд Хазаел
—Гэвч зарц тань юусан билээ? Эгэл нохой ийм агуу юм хийх үү? гэсэнд Елиша
—Чамайг Арамын хаан болно гэдгийг ЭЗЭН надад үзүүлсэн юм гэж хариулав.#1Ха 19:15 14Ингээд тэр Елишаг орхин эзэн дээрээ буцаж ирсэн бөгөөд Бен-хадад түүнээс
—Елиша чамд юу гэж хэлэв? гэсэнд тэрээр
—Таныг заавал эдгэрнэ гэж тэр надад хэллээ гэж хариуллаа. 15Дараагийн өдөр нь тэрээр бүтээлэг аваад усанд дүрж Бен-хададын нүүрэн дээр тавьж түүнийг үхүүлэв. Хазаел түүний оронд хаан болов.
Иудаг Иехорам хаанчлав
(2Шс 21:1–20)
16Израилийн хаан Ахабын хүү Иорамын тавдугаар онд Иехошафат Иудагийн хаан байсан ба Иудагийн хаан Иехошафатын хүү Иехорам хаан болжээ. 17Тэрээр хаан болохдоо гучин хоёр настай байсан бөгөөд Иерусалимд найман жил хаанчилжээ. 18Тэрээр Ахабын гэрийн үйлдсэнтэй адил Израилийн хаадын замаар замнав. Учир нь Ахабын охин түүний эхнэр байжээ. Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв. 19Гэсэн ч Давидад болон түүний хөвгүүдэд дэнлүүг эгнэгт өгнө гэж ЭЗЭН амласан учир Өөрийн зарц Давидын төлөө Иудаг устгахыг хүссэнгүй.#1Ха 11:36
20Түүний өдрүүдэд Едом нь Иудагийн гар дороос босож, өөрсдөдөө хаан өргөмжилжээ.#Эх 27:40 21Тэгэхэд Иорам бүх тэрэгт цэрэгтэйгээ Заир уруу гатлан очив. Тэрээр шөнөөр босож, өөрийг нь бүслэн байсан едомчуудыг болон тэрэгт цэргийн дарга нарыг нь цохисон боловч түүний цэргүүд өөр өөрсдийн майхан уруугаа зугтан одоцгоов. 22Едом энэ өдрийг хүртэл Иудаг эсэргүүцлээ.#8:22 эсвэл бие даан тогтнолоо Яг тэр үед Либна эсэргүүцэн босжээ.
23Иорамын бусад үйл хэрэг болон түүний үйлдсэн бүхэн нь Иудагийн хаадын шастир номд бичигдсэн бус уу? 24Иорам эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд эцэг өвгөдийнхөө хамт Давидын хотод тавигдав. Түүний хүү Ахазиа оронд нь хаан болжээ.
Иудаг Ахазиа хаанчлав
(2Шс 22:1–6)
25Израилийн хаан Ахабын хүү Иорамын арван хоёрдугаар онд Иудагийн хаан Иехорамын хүү Ахазиа хаанчилж эхлэв. 26Ахазиа хаан болохдоо хорин хоёр настай байсан бөгөөд Иерусалимд нэг жил хаанчлав. Түүний эхийг Израилийн хаан Омрийн ач охин Аталиа гэдэг байв. 27Ахазиа Ахабын гэрийн хүргэн байсан тул Ахабын гэрийнхний замаар замнан Ахабын гэрийн адил, ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлджээ.
28Дараа нь тэрээр Ахабын хүү Иорамтай хамт Рамот-гилеадад Арамын хаан Хазаелын эсрэг тулалдахаар явсан бөгөөд тэнд арамчууд Иорамыг шархдуулав. 29Тэгээд Иорам хаан Арамын хаан Хазаелтай Рамад тулалдаж байх үед нь арамчуудын учруулсан шархыг эдгээхээр Иезреел уруу буцжээ. Ахабын хүү Иорам шархтай байсан тул Иудагийн хаан Иехорамын хүү Ахазиа түүнтэй уулзахаар Иезреел уруу явжээ.
Одоогоор Сонгогдсон:
2Хаад 8: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.