2Хаад 6:8-18

2Хаад 6:8-18 АБ2013

Арамын хаан Израилийн эсрэг тулалдаж байлаа. Тэр өөрийн түшмэдтэй зөвлөлдөн —Ийм ийм газруудад миний хуаран байх болно гэв. Бурханы хүн Израилийн хаанд —Арамчууд тийшээ очсон тул тэр газраар дайран явахаас та нар болгоомжил гэж хэл хүргүүлэв. Бурханы хүний өөрт нь заан хэлж мөн анхааруулсан тэр газар уруу Израилийн хаан хүн илгээн сайн хамгаалдаг байв. Энэ нь ганц бус бас хоёр ч бус удаа болоход Арамын хааны зүрх хилэнтэж, зарц нараа дуудан тэдэнд —Бидний хэн нь Израилийн хааны талд байдгийг та нар надад хэлээдэх? гэв. Зарц нарынх нь нэг —Үгүй, эзэн хаан минь, харин Израильд буй эш үзүүлэгч Елиша таны унтлагынхаа өрөөнд ярьсан үгсийг Израилийн хаанд хэлдэг юм гэж айлтгав. Тиймээс Арамын хаан —Түүнийг бариулахаар хүн илгээе. Та нар явж, түүний хаа байгааг нь мэдэгтүн гэлээ. Тэгтэл хаанд —Үзэгтүн, тэр Дотанд байна гэж мэдэгджээ. Тэр тийшээ морьд, тэрэгнүүд болон их цэргийг илгээв. Тэд шөнөөр ирж, хотыг бүслэв. Бурханы хүний зарц нар эрт босоод гадагш гартал, харагтун, морьд болон тэрэг бүхий их цэрэг хотыг бүслээд байв. Зарц нь Елишад —А-яа, эзэн минь! Бид яах билээ? гэв. Тэрээр хариулахдаа —Бүү айгтун. Учир нь бидэнтэй хамт байгчид нь тэдэнтэй хамт байгчдаас илүү олон юм гэв. Тэгээд Елиша залбиран —Өө, ЭЗЭН, түүнд харуулахын тулд нүдийг нь нээгээч гэж хэлжээ. ЭЗЭН зарцын нүдийг нээж, тэр харав. Харагтун, Елишагийн бүхий л эргэн тойрон дахь уул нь галан морьд, тэргээр дүүрсэн байв. Тэд түүн уруу буун ирэхэд Елиша, ЭЗЭНд залбиран —Энэ хүмүүсийг сохор болгооч, би гуйж байна гэв. Ингээд Елишагийн үгийн дагуу Тэр тэднийг сохор болгожээ.

2Хаад 6:8-18 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв